Иргэдийн халаасыг тэмтрэх нэгэн чухал асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид хоёр хоногийн дараа хэлэлцэх гэж байна.

Энэ бол иргэд, тэр дундаа жолооч нарын дунд “гал асаагаад” байгаа зам ашигласны төлбөртэй холбоотой сэдэв юм. Тодруулбал, хотын төвөөр зорчсон машинтай иргэдээс сард 40-50 мянган төгрөгийн татаас авах буюу Баруун дөрвөн зам-Бөхийн өргөө, “Чингис” зочид буудал-Гэсэр сүмийн замаар зорчсон жижиг тэрэг сардаа 40 мянгыг төлөх бол ачааны автомашин 50 мянган төгрөг төлөх журмын төслийг Хотын дарга Э.Бат-Үүл гаргаад байгаа юм. Энэ талаарх маргаан сүүлийн өдрүүдэд ид өрнөж байгаа. Маргаан гэхийн учир нь хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт “Хотын төвөөр зорчсон машинуудаас татвар авдаг болох журмын төсөл”-ийг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьснаас хойш татвар төлөгч, авагч хоёрын дунд халуухан маргаан дэгдээд байгаа нь энэ. Арга ч үгүй, эдийн засаг хямралтай, иргэдийн түрийвчин дэх хэдэд шууд нөлөөлдөг гадаад валютын ханш цаг, минутаар өсч, өрх бүрийн өдөр тутмын амьдралд хүнд цохилт болж байгаа энэ үед улсад төлөх татаасын хэмжээ нэгээр нэмэгдэж байгаа нь хэний ч чихэнд таатай буухгүй нь ойлгомжтой. Хэдийгээр энэ журмыг боловсруулахдаа “Замын түгжрэлийг бууруулах, утаатай тэмцэх” хэмээн тодорхойлсон ч ингэснээр замын түгжрэл хэдэн хувиар буурах, цаашлаад агаарын бохирдол хэчнээн хувиар багасах талаарх нарийвчилсан тооцоог НИТХ-ын төлөөлөгчид судалж үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг хэрэгжүүлснээр гарах эерэг болон сөрөг үр дүн чухал бус эхний ээлжинд ямартай ч улс иргэдээс авдаг татвараа нэмж, хотын төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь чухал байгаа бололтой. Хэдийгээр олон нийт их эсэргүүцэж байгаа ч хотын удирдлагууд энэ журмыг эцэслэн баталж, машинтай иргэдээс татвар авах цаг мөдхөн ирж магадгүй байна. Энэ бол хувь сэтгүүлчийн үг бус албаныхны амнаас гарсан үгнээс цухалзсан өнгө аяс гэдгийг тодотгоё. Тодруулбал, хотын замын түгжрэлийг бууруулахын тулд төв замаар зорчсон тээврийн хэрэгслээс төлбөр авахыг дэмжиж ажил хэрэг болгох нь зүйтэй гэх байр суурьт хотын удирдлагууд нэгэнт нэгдчихсэн бололтой. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр анх “Хотын төвөөр зорчиж байгаа машинуудын 30-40 хувь нь дэмий сэлгүүцдэг учраас тэдгээр замыг төлбөртэй болгох шаардлагатай байна” гэж ярьсан бол өнгөрсөн баасан гаригт энэ хөтөлбөрийг батлахыг дэмжинэ гэдгээ дахин бататгаж “Эхний ээлжинд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.

Одоо бол иргэд асуудлыг харьцангуй ойлгож “Боломжтой юм байна” гээд нааштай хүлээж авч байна. Бид нийтийн тээвэр рүү анхаарлаа хандуулж байгаа. Ер нь богино эргэлт буюу сүлжээ төлөвлөлтийг сайжруулна. Ингэснээр нийтийн тээвэр ямар нэгэн саадгүй 3-5 минут тутамд явдаг болно. Тэгэхээр иргэд цаг хугацаа алдахгүйн тулд нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно” гэсэн юм. Түүний хэлж байгаагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа машинтай иргэд ямар ч зорилгогүй давхилддаг болж таарах нь. Гэтэл түүний хэлсэн энэ судалгааг хаанахын хэн гаргаж, дэмий сэлгүүцэгчдийг хазаарлах хэрэгтэй гэх дүгнэлт гаргасан нь тодорхойгүй. Хэрвээ албаныхны хийж буй дүгнэлт биелэлээ олбол бэлтэй иргэд төлбөртэй замаар сэлгүүцэж бусад нь төлбөргүй замаар түгжрэх нь. Түүнчлэн Нийслэлийн ЗЦГ-ын дэд дарга Д.Жаргалсайханы хэлснээр “Түгжрэл үүссэн замуудыг төлбөртэй болгодог жишиг бий.

Төлбөртэй замыг тойрч явахаар арай их замыг туулах хэдий ч түгжрэлгүй замаар зорчино гэсэн үг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэтэл үнэндээ төв замаар явж төлбөр өгөх иргэн олдохгүй учраас төлбөргүй замд түгжрэл ихэснэ гэх дүгнэлтийг жолоо мушгидаг хүмүүс хэлж ярьж байгаа. Дарга нар судалгаа гэх нэрийн дор үзэл бодлоо илэрхийлж, татвар авах аргаа хүчээр тулгаж байна гэх дүгнэлт хийх хүн ч олон байна. Шатахууны үнэ цаг ямагт нэмэгдэж байгаа энэ үед иргэд машин унаж дэмий сэлгүүцдэг гэх тайлбар үнэнээс хэтэрхий хол зөрж байгаад л асуудлын гол байна. Нөгөө талаас “Дарга нар ардтайгаа холилдож хотын замын хөдөлгөөнд оролцохоосоо төвөгшөөсөн учраас ийм журам санаачилж байна. Замын төлбөр төлж чадахгүй иргэд хотын төвөөс бусад замыг сонгож байхад мөнгөтэй эрх мэдэлтэй дарга нар хотын төвөөр түгжрэлгүй зорчих аргаа боловсруулж байгаа энэ” хэмээж илт дургүйцэх хүн ч цөөнгүй бий.

Нөгөө талаас хотын төвийн замыг ингэж төлбөртэй болгосноор төлбөргүй замын ачаалал эрс ихэсч, “мөнгөгүй” гэх тодотголд хотын удирдлагуудынхаа ачаар багтсан иргэд ажлаа амжуулж чадахгүйд хүрч, нервээ барах магадлал тун өндөр. Та бидний эргэн тойрон дахь хэн бүхэн “Хотын төвөөр зорчвол төлбөр авна” гэх мэдээг сонссон даруйдаа илт эсэргүүцэж байхад дарга нарын чихэнд өнөөх мэдээ эсрэгэээрээ сонсогддог бололтой, иргэд ойлгож, дэмжиж байна гэх юм. Хэдийгээр энэ талаарх мэдээлэл түгэхтэй зэрэгцэн, “Иргэдээс санал авсны дараа асуудлыг хэлэлцэнэ” хэмээн гал намжаасан ч хариу нь юу гэж гарах нь тодорхой гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй нь лав. Учир нь машинаас төлбөр авах эсэх санал хураалт хогны ногоон ууттай адилхан зүйл болно гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам төсөв нь нэмэгдэж, хотын хогийг улам нэмж байгаа хогны уутыг иргэд маш их эсэргүүцсэн ч олон нийтийн саналыг асуусан болоод л “Тэд дэмжлээ” гэх хариултыг өгөнгүүтээ өмнөх оных нь төсвийг багагүй хувиар нэмчихсэн. Ингэснээр нийслэлийн төсөвт 4.3 тэрбум төгрөг хогны уутны ачаар орж буй. Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн мэдлийн төсөв багагүй хувиар нэмэгдэх ажил бол зам ашигласны төлбөр буюу төв замын татаас. Нөгөө талаас үүнийг эрх мэдэлтнүүдийн халаас түнтийх нэг боломж ч гэж нэрлэж болно.

Учир нь иргэдийн татвар авах замаар хураам хуримтлуулсан мөнгийг хууль бусаар зарцуулах албан тушаалтнуудыг тоо жил ирэх тусам огцом нэмэгдэж, ар араасаа аавын хаалга татаж байгаа нь нууц биш. Хэдийгээр зам ашигласны төлбөрийг албан тушаалтнууд хувааж халааслах нь гэж хэлж болохгүй ч хотын төсөвт төвлөрч байгаа мөнгө хаашаа орж, юунд зарцуулагдаж байгаа нь олны өмнө тэр бүр ил байдаггүй. Нэг ёсондоо иргэдийн өгч байгаа татвар төлбөр ил байдаг атлаа өнөөх мөнгө хаашаа орж байгаа нь хаалттай байдаг гэхэд хилс болохгүй.

Ямартай ч нийслэлийн иргэдийн дийлэнх нь төлбөртэй замаар зорчихыг эсэргүүцнэ гэж байна. Одоо НИТХ- аас явуулсан судалгааны дүн хэрхэн гарахыг харах л үлдлээ.
 

М.Өнөржаргал