Н.Алтанхуягийн  Засгийн газрынхны шинэчилнэ хэмээн ханцуй шамлан дайрч байсан ажлуудаас Боловсролын сайд Лу.Гантөмөрөөр овоглосон шинэчлэлүүд буруу замаар будаа тээгээд дашийн шог болоход ойртов бололтой. 
 
Эдгээрээс дээд боловсролыг шинэчлэх нэрээр төрийн өмчийн тоотой хэдхэн сургууль руугаа яаран уулгалсан нь сэхээж сайжруулах гэхээсээ сөхрүүлж мөлхүүлэхэд хүргэж магадгүй нь. Үүний эхний жишээ МУИС.
 
Шинэчлэл нь бужигнаан болж өнөөдөр энэ сургуулийг удирддаг толгой байгаа эсэх нь эргэлзээтэй болсон. Хичээлийн шинэ жил эхэлж хэдэн оюутан нь тал талаас цуглаад ирэхэд үүд хаалга нь цоож цуургатай угтаж магадгүй нөхцөл энэ сургуульд хэдийнэ нүүрэлчихжээ.
 
Дараагийн жишээг ШУТИС харуулна. Уг нь тус сургууль Лу.Гантөмөр  сайдын таалалд нийцүүлээд бүтцийн өөрчлөлт хийж бүрэлдэхүүн сургуулийнхаа тоог хоёр дахин цөөлж МУИС-тай харьцуулахад шинэчлэлийн галт тэргээ замд нь гаргасан. 
 
Гагцхүү түүнийг замд нь онхолдуулж осолдуулчихалгүй цааш аваад явна гэхэд хэцүүхэн улс залуур дээр нь суугаад өмнөх замыг нь харанхуйлчихаад байгаад эрдэмтэн багш нар бухимдаж буй  юм билээ. Залуур дээр заларсан улс гэдэг нь Боловсролын сайд Лу.Гантөмөрийн шахаагаар орж ирсэн захирал дарга нар.
 
Тэдний тэргүүнд тус сургуулийн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн тэргүүн проректор Д.Батчулуун гэгч зогсч буй юм. Сайдын сонгуулийн менежер байсныхаа шагналд төрийн өмчийн том сургуулийн толгойд заларсан энэ эрхэм ШУТИС-ийн хувьд Ерөнхий сайд. 
 
Төсөв мөнгө захиран зарцуулах, албан тушаалд хүн томилох гээд оролцохгүй ажил байхгүй. Сургуулийн мөнгө хөрөнгөтэй холбоотой нэгдүгээр гарын үсэг зурах эрх зөвхөн энэ хүнд байдаг. 
 
Ректор дээр нь нэг нөхөр бий ч тэр нь манай засаг төрийн тогтолцоогоор бэлгэдлийн Ерөнхийлөгч маягтай, өөрөөр хэлбэл, түүнд мөнгөний эрх мэдэл гэж лав байхгүй юм билээ. 
 
Гэхдээ Ректороосоо илүү эрх мэдэлтэй Д.Батчулуун гэж тэргүүн проректор ШУТИС-ийн шинэчлэлийг жинхэнэ утгаар нь мөхөл рүү чирч магадгүй баримтыг тус сургуулийн захын багш хэлээд өгөх бөгөөд тэдгээрээс цөөн заримыг дурдая.
 
Баримт 1:
Монголын хамгийн олон оюутантай, ирээдүйн хөгжлийг түүчээлэх нарийн мэргэжлийн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэдгээр улсад төдийгүй гадаад ертөнцөд эх орныхоо нэрийг тахалдаг байсан ШУТИС ирэх хичээлийн жилийн төсвөө ч батлуулж амжилгүй хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. 
 
Уг нь сургуулийн төсөв буюу шинэ хичээлийн жилд хэдий хэрийн орлого зардалтай амьдрахаа тооцож хаанаас ямар эх үүсвэрээс яаж санхүүжих, орж ирсэн хөрөнгө мөнгөө хэрхэн яаж ухаантай зарцуулахаа урьдчилан төсөвлөж үүнийг нь Удирдах зөвлөл нь баталж өгдөг журамтай. 
 
Өмнөх жилүүдэд төсвөө хавар нь батлуулж ян тан болгоод шинэ хичээлийн жил эхлэхэд өмнөө барих төсөвтэй төлөвлөгөөтэй сууж байдаг байж. 
 
Харамсалтай нь ирэх хичээлийн жилийн төсвийн төслөө сургуулийн удирдлага бүр тодруулбал,  Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн тэргүүн проректор Д.Батчулуунаар ахлуулсан Санхүү эдийн засгийн газар хийж батлуулах учиртай. Тэд нар нь ч уг нь нэг юм хийсэн гэсэн. 
 
Түүнийгээ сургуулийн Удирдах зөвлөлд гурвантаа оруулсан ч гологдоод буцчихсан юм билээ.  Удирдах зөвлөл алсын хараатай, ахиц дэвшил авчирч сургуулийн ирээдүйд хэрэгтэй зүйлд хөрөнгө төсөвлөж, ирэх хичээлийн жилд хийх ажлаа төлөвлөхийг Д.Батчулуун нараас шаардаж байгаа. 
 
Гэтэл оруулж ирсэн төсвийн төсөл нь чухам юунд хэзээ яаж хэнээр дамжих нь тодорхойгүй баахан мөнгө зарах л юм байсан учраас гишүүд хүлээж аваагүй гэж дуулдаж байна.
 
Нэг үгээр Санхүү, эдийн засгийн газрынхан сургуулийн төсөв нэрээр хувийн халаас руугаа яаж ахиухан хөрөнгө урсгахаа түрүүлж харсан байдгаас ийн төсөв хэдэнтээ буцахад хүрсэн гэдэг оргүй зүйл биш байж мэднэ.
 
Баримт 2:
Д.Батчулуун проректор болонгуутаа санхүүгийн мэргэжилтнүүдийг нь хамгийн түрүүнд шахам сольж өөрийн гар дор ажиллах итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэдэг юм. 
 
Тэдний нэг нь Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Бумцэнд. Араас нь  сургалт хариуцсан проректор Х.Энхжаргал, Тамгын газрын дарга Б.Чинзориг, гадаад харилцааны проректор П.Жаргалтуяа, Хөгжлийн бодлого, мониторингийн газрын дарга Б.Арвинбаяр гэхчилэн “чиргүүлүүд”-ийг нь тоолбол хорь хол гарна гэсэн.
 
Эдгээр нь бүгд л Лу.Гантөмөр болон Ардчилсан намын эрхтэн дархтан, эвэртэн туурайтны шахааны хүмүүс байдаг юм. Хамгийн гол нь наашлаад сургуулийн, цаашлаад Монголын хөгжлийн төлөө гэхээсээ хувийнхаа эрх ашгийн төлөө хийсэн энэ шахаанууд нь сайд дарга нарынхаа нэрийг барьж сайнаасаа саарыг хийх нь элбэг байгаад хамаг учир буй юм. Тэд буруу булхайтай бүхнээ сайдын, даргын нэр барьж зүтгүүлдэгт багш, ажилчид дургүй.
 
Баримт 3:
Д.Батчулуун проректорын нэгдүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийдэг банкны данс ганц биш. ХААН банкинд л гэхэд 510 700 9927, 503 168 0471,  507 907 4588 гэсэн гурван данс байна. “Голомт” банкинд дөрвөн данс байгаагийн нэг нь валютынх. Мөн Улаанбаатар банкинд бас нэг данстай юм билээ. 
 
Ийм олон дансаар мөнгөний гүйлгээ хийх нэгдүгээр гарын үсгийн эрх ганц Д.Батчулуунд л бий. Гарын доорх санхүүгийн ажилтнууд нь өөрийнх нь авчирсан хүмүүс учраас сургуулийн мөнгөөр Султан хаан шиг тансаглахад түүнийг боль гэж хэлэх зоригтой нэгэн лав үгүй байж таарна. 
 
Уг нь энэ эрхэм тус сургуульд ирснийхээ дараахан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ШУТИС-ийг шилэн түрийвчтэй болгоно” хэмээн сайхан үлгэр хүүрнэсэн байдаг. Гэтэл одоо тус сургуулийнхан өөрсөнд нь хамаатай шилэн байтугай түрийвч байгаа эсэхэд  эргэлзээд эхэлжээ.
 
Баримт 4:
Нэгэнт санхүүгийн эрх мэдэл бүтнээрээ түүний гарт байгаа хойно сургуульд орж ирсэн хөрөнгө мөнгийг хэрхэн яаж зарцуулах нь түүний дурын асуудал болж хувирсан. Гэхдээ мэдээж хэрэг хүссэн цагтаа данснаасаа шуудхан мөнгө гаргаж аваад хөлжиж бэлжээд байгаа гэсэн үг биш гэнэ. 
 
Угаасаа ч төрийн мөнгөөр тоглож гаршсан нөхдийн хийдэг арга нь нарийн. Тэр л замаар сургуульд хэрэгтэй хэмээн баахан мөнгөний ажил төсөвлөөд түүнийгээ танил талдаа өгчихөд тал хувь нь унац болоод буцаад ирдэг зах зээлийн зарчим эрхэм проректорт үйлчилдэг байж магадгүй гэсэн хардлага ч байдаг юм билээ. 
 
Хамгийн сүүлийн жишээг түүний хувийн компани “Монлифт” харуулж байгаа.  Эрхэм захирал чухам ямар сонгон шалгаруулалтаар хувийнхаа компаниар ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны лифтний ажлыг хийлгэж байгааг мэдэх хүн ховор. Юутай ч энэ ажлын төсөвт өртөг нь 159 сая төгрөг болсон юм билээ.
 
Өөр нэг жишээ дуулгая. Д.Батчулуун проректорын шийдвэрээр төгсөгчдийн энгэрийн тэмдэг хэвлүүлэх ажлын урьдчилгаанд “Гэрэлт Дива” гэж хувийн компанид 13,4 сая төгрөг шилжүүлсэн боловч төгсөлт болоход ромбо ч үгүй, мөнгө ч үгүй сууж байсныг энэ сургуулийн түүхэнд анх удаа болсон гутамшигтай явдлаар тодруулж болох байх.
 
Баримт 5:
 Түүнийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн тэргүүн проректор болсноос хойш буюу 2013 болон 2014 оны эхний хагаст ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас зарцуулагдсан урсгал засвар, худалдан авалтын зардлын тооцоогоор нийт 1,5 тэрбум гаруй төгрөг гарсан байдаг. 
 
Эдгээр нь бүгд эрхэм проректорын оролцоотой хийгдсэн ажил. Өөрөөр хэлбэл, мөнгө зарцуулан хийх аливаа ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах эрхийг тэр дангаараа эдэлдэг учраас том жижиг ажил хийсний хөлсөнд авсан их бага бүх мөнгө Д.Батчулуун гэж хүнтэй холбоотой хэмээн тус сургуулийнхан ярьж байгаа. 
 
Эдгээрээс итгэл үнэмшил төрүүлэхээргүй олон оронтой тоогоор илэрхийлэгдэх мөнгөн дүнтэй ажил ч нэг биш. Нэг компани хэд хэдэн ажил авах, чухам ямар ажлын хөлс болгож өгсөн нь ойлгомжгүй зүйл ч нэг биш байгаа нь хардлага төрүүлж буй учраас Д.Батчулуун болон түүний багийнхныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаар зэхэж буй сураг байна. 
 
Тухайлбал, “Даниста-Од” гэж компани жил хагасын хугацаанд ШУТИС-д 126 сая төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн байдаг. Төв номын сангийн музейн өрөөний хажууд нэмэлт хана, хаалга гаргах, Ахлах сургуулийн ширээ сандал угсрах, Ахлах сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны зургаан анги, коридорын засвар, хичээлийн нэгдүгээр байрны коридор шатны засварт, Эрүүл мэндийн төвд шүдний төв байгуулахад гэхчилэн хэд хэдэн ажил гүйцэтгэсэн гэсэн нэрээр дээрх мөнгийг авсан юм билээ.
 
Баримт 6:
Түүнээс гадна чамгүй их мөнгө “Сантис” гадаад хэлний сургалтын төвд Ахлах сургуулийн англи хэлний сургалтад гэсэн гүйлгээний утгатай шилжсэн байдаг юм. Уг нь ШУТИС бүрэлдэхүүндээ Хэлний боловсролын сургуультай байсан. 
 
Тиймээс хувийн сургалтын төвд зуу зуун саяар нь мөнгө төлж сургалт явуулаад байх шаардлагагүй, өөртөө байгаа багшлах бүрэлдэхүүнээ ашиглаад Ахлах сургуулийнхаа англи хэлний сургалтыг явуулчихаж болохоор. 
 
Гэвч түүний оронд “Сантис”-т 2013 онд 90,4 сая, 2014 он гарсаар 51 сая нийт 141,420 сая төгрөг өгчээ. Энэ бол Д.Батчулуун проректорын суудалд заларснаасаа хойш Ахлах сургууль нэрээр зарсан мөнгөний нэгээхэн хэсэг. 
 
Тэрбээр ШУТИС-ийн нэгдсэн ахлах сургууль байгуулах нэрээр  өмнө нь арван хэдэн жил хичээллэж ирсэн лицей сургуулиудын нэр хүндэд халдаж, сургалтын чанар муу байсан учраас татан буулгаж байна хэмээн сүржигнээд зогсоогүй, хичээллэх байрыг нь ч бэлтгээгүй хэрнээ хүүхдүүд элсүүлж төлбөрийг нь хуу хамаад нэг үгээр залилан хийсэн нь эцэг эхчүүдэд таалагдаагүй хэл ам тарьж байсан. 
 
Түргэн түүхий байгуулсан сургуулийн анги танхимын засвар, сандал ширээ, шүүгээ сав гээд зарсан мөнгө ч чамгүй арвин. Түүний санаачилгаар байгуулсан ахлах сургуулийн нэг сурагчийн жилийн сургалтын төлбөр 3,0 сая төгрөг. 
 
Гэтэл их сургуульд дээд мэргэжил эзэмшихээр сурч буй оюутан жилд 1-1,8 саяыг төлж байгаатай харьцуулахад ялгаа нь анзаарагдах биз.  Нэгдсэн лицей сургуулийн захирлаар хаа хол Хөвсгөлөөс танил талаа авчирч тавьсан нь дураараа дургихад нь амар гэж бодсоных биз хэмээн ШУТИС-ийнхан дэр доргүй л шивэр авир гэлцдэг юм.
 
Баримт 7:
Д.Батчулууны нэр холбогдсон бас нэг ажил нь сургуулийн дэргэд байгуулна гэж буй Тэсрэх бодисын үйлдвэр. Ийм үйлдвэр байгуулах төсөл гаргаж тооцоо хийн ажлыг эхлүүлэхээр болж тусад нь данс нээн хөрөнгө хуримтлуулсныг Сургууль хөгжлүүлэх сангаар дамжуулан нааш цааш болгож байх магадлалтай гэсэн хардлага ШУТИС-ийн багш нарт байдаг юм билээ. 
 
Учир нь “Голомт” банкин дахь 110 275 6262 данс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд 25,1 сая төгрөгтэй байж. Гэтэл үүнээс Р.Бадмаанямбуугийн онгоцны тийз, орчуулгын төлбөр, ажлын хөлс гэхчилэн зарлагадсаар байгаад тавдугаар сарын 23-ны хуулгаар уг дансанд 3,6 сая төгрөг л үлдсэн байсан гэнэ.
 
Тэсрэх бодисын үйлдвэрээс гадна мөн л хяналтгүй мөнгө урсгаж болох нэг газрыг ШУТИС-ийн Горхи дахь сургалтын полигоныг сувилал болгох санаачилга гэж харж болох байх. Горхи Тэрэлжийн байгалийн сайханд  энэ сургуулийн оюутнууд амрах гэж биш сургалтаа үргэлжлүүлэх гэж очдог. 
 
Эрхэм тэргүүн проректор үүнийг жинхэнэ сувилал маягаар ажиллуулах нь сургалтын полигон байснаас ашигтай гэж тооцсон байх. Уг полигонд ажиллуулдаг Эрүүл мэндийн төвийн захирлаар тус сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн профессор Энхжаргал ажиллаж байсныг Д.Батчулуун чөлөөлж өөрийнхөө хамаатан эмэгтэйг  томилсон нь сувилал болгоно гэх санаархалтай нь хамаатай байж таарна. 
 
Шинэ захиралтай болгосон ЭМТ-д сантехник, барилгын засвар, шүдний төв гэсэн гурван ажилд 84,839 сая төгрөг зарсан. Эдгээрээс шүдний төвд зарцуулах 10,5 сая төгрөгөөр чухам юу хийх гэж буйг ойлгохгүй хүн олон. Лав л тоног төхөөрөмж авахад зарцуулахгүй байх гэсэн. 
 
Учир нь өдгөө УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж буй С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа тус сургуулийн ЭМТ-д зориулан шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж гардуулж байсныг мэдэх хүн олон юм билээ.
 
Энэ мэтээр Боловсролын сайд Лу.Гантөмөрийн сонгуулийн менежер ШУТИС-д шахагдаж ирснийхээ шанд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхээс өөрийг эс хийн сургуулийн хөгжлийн түүчээ биш чөдөр болж буйг гэрчлэх баримт дэндүү олон юм. Д.Батчулуун проректор болсноос хойш хийсэн гэхээр бодитой ажил хомс. 
 
Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн хийсэн бүтээсний туузыг хайчлахдаа эгээ л өөрөө босгочихсон аятай маадгар зогсохыг нь хараад ичдэг хүн харин их олон юм билээ.
 
Д.Бат
 
Эх сурвалж: