Гадаад харилцааны яамнаас иргэд, аж ахуй нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тус яаманд манай улсын зарим нэр бүхий компанийн зүгээс тоног төхөөрөмж, бараа материал авах зорилгоор гадаадын хэд хэдэн компаниудад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан байж болзошгүй хэрэг удаа дараа гарч байгаа тухай Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас сэрэмжлүүлэг мэдээлэл ирүүлсэн аж.

Тус компаниуд нь түнш компаниудын интернет домайн нэр, имэйл хаягт гуравдагч этгээдээс цахим халдлага хийж, хүнд анзаарагдахгүй байдлаар засч харилцах аргаар залилсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм байна. Эдгээр хэргийг Монгол Улсын холбогдох байгууллагууд тухайн орны хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах хүсэлтээ дипломат шугамаар илгээгээд байгаа гэнэ.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадаадын компаниудад мөнгө шилжүүлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, харилцагчийн дансны дугаарыг нягтлах. Өөрчлөгдсөн тухай мэдэгдэлд яаран итгэхгүй байх, үнэн зөвийг нь тухайн компанитай холбогдон сайтар шалгасны дараа мөнгөн гүйлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.

Х.Даваа