Улс орны эдийн засгийн байдал өндөр халуунтай байгаа таагүй өдрүүдэд төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг огцом чангарлаа. 

Ийм сайхан мэдээг он гарсаар бид огт олж сонсоогүй. Харин ч эсэргэ эрээ 2000 мянган төгрөг хүрэхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, “Ханш өслөө”, “Үнэ нэмэгдлээ” гэдэг мэдээлэлд хэдийнэ дасал болсон байв. Үндэсний статистикийн газрын мэдээллээр дэлхийн хамгийн сул мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш он гарсаар 25 хувиар сулраад байлаа. Гэтэл ноён ногоон мөнгөний ханш сүүлийн таван өдөр тасралтгүй буурч, Монголбанкны албан ханшаар өчигдөр 1859.45 төгрөгтэй хайнцлаа.

Харин хар захын ченжүүд ам.долларыг 1860 төгрөгөөр авч байв. Ингэснээр тавхан хоногийн дотор галзууртлаа өссөн долларын ханш 38 төгрөгөөр хямдарлаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ам.доллар 1905 төгрөгт хүрээд байсан бол хятадын мөнгөн тэмдэгт 310 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Харин өчигдрийн байдлаар юанийн ханш долоо хоногийн өмнөх үзүүлэлтээсээ гурван төгрөгөөр буураад байна. Гэвч хамгийн муу мэдээ нь гэвэл иргэдийн дунд бий болсон айдас өөрчлөгдсөнгүй. Тэд одоог хүртэл “Ам.доллар 2000 төгрөгт хүрнэ. Энэ бол түр зуурын гал унтраах арга” гэсэн бодолтой байна. Харин энэ байдлыг эдийн засагчид олон янзаар тайлбарлаж буй. Зарим хүний үзэж буйгаар Хөгжлийн банкнаас зах зээлд их хэмжээний ам.доллар “цацсан” нь ийнхүү нөлөөлжээ. Түүнчлэн БНХАУ-ын даргын айлчлалын үеэр манай улс их хэмжээний хөнгөлөлттэй зээл авна гэх яриа ханшид нөлөөлсөн байх магадлалтайг олон нийт онцолж байна. Гэвч амь наана, там цаана яваа Н.Алтанхуягийн Засгийн газарт дахин хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах эрх байхгүй. Цөөн үгээр хэлбэл, иргэдээ барьцаалж, Засгийн газрын нэрээр өр тавих хэмжээ нь “Чингис”, “Самурай” бондоор эцэс болсон. Тиймээс ДНБ-ий 40 хувьд хүрчихсэн байгаа энэ үед Н.Алтанхуягийн багийнхан өөр зүйл сэдсэн байх нь мэдээж ойлгомжтой. Хэдийгээр их хэмжээний хөнгөлөлттэй зээл авах хуулийн төслийг хууль тогтоогчид батлаагүй ч нүүрснээс хий гаргах төслийг өмнөд хөршийн “Синопик” корпорацитай хамтран эхлүүлэх тухай яриа энэ айлчлалын үеэр гарах нь тодорхой байгаа. Энэ төслийн нийт өртөг 30 орчим тэрбум ам.доллар болох юм. Төслийг эхлүүлэхэд хоёроос гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Тэгэхээр нүүрснээс хий гаргаж авах айсуй хэлэлцээр ам.долларын ханшид нөлөөлсөн байж болох юм. Үнэндээ энэ Засгийн газрын насжилтыг хөршийн Ерөнхийлөгчид шийдэх нь угаас ойлгомжтой байв. Ийм хүлээлт ч манай улсын удирдах албан тушаалтнуудын дунд үүсээд байсан нь илэрхий байлаа. Тэгээд ч үүнээс өөр гарц байхгүй гэдгээ ойлгосон эрх мэдэлтнүүд энэ удаад дотоодын зах зээл дээр ам.долларыг хайр гамгүй цацаж эхэллээ. Хэрэв хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хууль зөрчөөд ч хамаагүй ахиухан “юм” салгаж чадахгүй бол өөр ярих зүйл үнэндээ үлдэхгүй. Засгийн газрын хувь заяа хийгээд байх, байхгүй тухай олон өдөр маргаан дэгдээх ямар ч шаардлага гарахгүй гэсэн үг. Тийм учраас Н.Алтанхуягийн багийнхан амь өрссөн тулаан дунд иргэний эр хар зориг гаргаж байгаа нь энэ юм. Маш товчхондоо эцсийн цохилт билээ. Түүнээс биш Төвбанкаас долоо хоногт хоёр удаа явуулдаг гадаад валютын дуудлага худалдаа ямар ч үр дүн өгөхгүй байсаар ирсэн. Мөн ойрын үед Монгол Улсын Эрдэнэсийн “авдар”-ын ёроол нь цухуйсан дүр төрхтэй аж төрж буй. Хэдийгээр манай улсын гадаад худалдааны алдагдал буурч экспорт нэмэгдэж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээс 70 орчим хувиар буурсан учраас валютын орох урсгалын дутагдалд орсон хэвээр байгаа гэсэн үг. Тодруулбал, 2011 онд ДНБ-ийн 53 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ийн долоохон хувьд хүртэл унасан.

Тиймээс эрх баригчид УИХ-ын намрын чуулганаар “Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулах том зорилготой байгаа. Энэ хүмүүсийн таамаглаж буйгаар УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг батлаад 40 хувь байгаа босгыг 70 хувь болгон нэмэгдүүлбэл ам.долларын ханш одоо байгаагаасаа даруй 200-250 төгрөгөөр бууж, төгрөгийн үнэ тэнгэрт хадах аж. Гэвч энэ тооцоололд улс төрийн бусад хүчин итгэж, санаан зоргоор нь биелүүлнэ гэдэг урдын адил эргэлзээтэй хэвээр байгаа. Шуудхан хэлэхэд тус хуулийн төсөл сөрөг хүчний эсэргүүцэлд дахин өвдөг шороодох магадлал тун өндөр байгаа юм. Тэгвэл цөөнгүй эдийн засагч ДНБ-тэй харьцуулах гадаад өрийн одоогийн 40 хувийг дээшлүүлж, өндөр тогтоох нь эдийн засагт тустай гэсэн байр суурьтай байгаа. Тэгвэл хөгжлийн ямар ч бодлогогүй хийгээд одоо байгаа эрх мэдэлтнүүдэд нэмж зээл авахыг зөвшөөрөх нь ирээдүйгээ өрөнд хийх алхам болно хэмээн өгүүлэх эдийн засагч цөөнгүй.

Товчхондоо валютын ханш ийн буурч буйн шалтгааныг эдийн засагчид гадаад худалдааны алдагдал буурсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, улсын гадаад худалдааны алдагдал жил бүхэн 1.2 орчим ам.доллар байсан бол өнөө жил 200 сая ам.доллар болж огцом буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Ямартай ч, төгрөгийн ханш бага зэрэг өндийж байна гэдэг сайхан мэдээ. Хэрэв эрх мэдэлтнүүд энэ суудалдаа амь бөхтэй байхын тулд уулаа зараад гэрээг нь нуучихгүй бол шүү дээ...

Д.Ганбаатар