- ГУДАМЖИНД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛСЭН ЭХ ЭМЧИЙН ХЯНАЛТАД ОРООГҮЙ БАЙЖЭЭ -

Улаанбаатар хотын гудамжинд нэгэн эмэгтэй нярайлжээ. “Естой үзээгүй юмаа үзлээ. Хүүхэд төрж байна. Энэ сандал дээр хөөрхөн юм аа. Эмнэлгийнхэн үнэхээр хэрэг алга” гэж нэгэн залуу сандал дээр төрж буй эмэгтэйн зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан нь цахим ертөнцөд сенсаци тарьсан. Энэхүү үйл явдал гурав хоногийн өмнө Баянгол дүүргийн “Ганзам” зочид буудлын хажуу талд байрлах 49 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд болсон аж. Дорнод аймгийн харьяат иргэн Г нь жирэмсэн байх явцдаа эмчийн хяналтад ороогүй гэх. Улаанбаатар хотод тогтсон хаяггүй, байр хөлсөлж амьдардаг байжээ. Тэрбээр энэ сарын 23-ны 09.00 цагаас өвдөж 11.00 цагт түргэн тусламжийн 103-ыг дуудсан байна. Гэсэн ч тэрбээр эмнэлгийн тусламжийг хүлээж тэвчилгүй байрны гадна талын талбайд сууж байгаад төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө төржээ. Гудамжинд төрсний дараа түргэн тусламжийнхан ЭХЭМҮТ-д хүргэсэн байна. Ингээд бид эх, хүүхдийн биеийн байдал ямар байгааг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Н.Алгирмаагаас тодрууллаа.

-Гудамжинд төрсөн эмэгтэй танайд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Эх хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-Гудамжинд төрсний дараа 103-аар манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө төрсөн. Хүүхэд найман сартай байсан. Бид цаг алдалгүй эмэгтэйн төрөх замыг шалгаж, оёдол тавьж, эмчилгээ хийсэн. Эмч төрөлтийг удирдаагүй болохоор төрөх замд урагдал ихтэй. Хүүхдийн хувьд 2.1 кг жинтэй охин гарсан. Нярайн судлалын тасагт хүлээн авч эмчилгээ хийж эхэлсэн. Хүнд бүтэлттэй биеийн байдал нь муу байгаа. Шинжилгээ хийж, эрчимт эмчилгээ хийж байна. Эмчилгээг одоо ч хийж байна.

-Нийслэлд тогтсон харьяалалгүй болохоор эмчийн хяналтад орж чадаагүй гэсэн үг үү. Жирэмсний явцад шинжилгээ болон эмчийн үзлэгт нэг ч удаа хамрагдаж байгаагүй юм уу?

-Г-ээс бид “Жирэмсний хяналтад яагаад ороогүй юм бэ” гэж асуусан. Тэр “Хотод тогтсон хаягт амьдардаггүй болохоор хаана орохоо мэдээгүй явж байгаад төрчихлөө” гэсэн хариулт өгсөн. Тогтсон харьяалалд амьдарч байсан бол тухайн дүүргийнхээ эмнэлэгт хяналтад орох боломжтой.

- “103 дуудаад ирэхгүй удсан. Эмнэлгийнхэн хүнд сурталтай ажиллаж байна” гэж шүүмжлэх иргэд олон байна. Хэдэн минут болж очсон бэ?

-103 дуудаад 20 минутын дараа очсон. Гэнэт хүчтэй өвдөөд дутуу төрчихсөн байсан. Эмнэлгийн буруу эхийн буруу гэж ярих нь чухал биш. Хамгийн гол нь дутуу төрөлт нь нэг, хоёр цагийн хугацаанд өвдөөд төрдөг. Г л гэхэд өвдөлт өгөөд байхад нь тоогоогүй. Хүчтэй өвдөж эхлэхээр 103 дуудсан. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болсон л бол эмнэлгийн үйлчилгээнд заавал хамрагдах ёстой.

-Барилгачин залуу эх барьж авсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тодруулна уу?

-Төрсний дараа өрхийн эмнэлэгт нь иргэд хүргэж өгсөн юм билээ. Өрхийн эмнэлгийн эмч нар түргэн тусламж үзүүлсэн. Тэнд амьдардаг иргэд төрөх явцад тусалсан байсан.

Төрөх эмнэлгүүдэд төрөлтийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Монгол Улсын хүн ам нэмэгдэж байгаа нь нэг талаараа сайшаалтай. Гэвч орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд амьдрах нь ихэссэн. Улаанбаатар хотод харьяалалгүй, тогтсон хаяггүй, амьдарч буй газар нь тодорхойгүй жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад хамрагдаж чаддаггүй. Уг нь жирэмсэлснээс төрөх хугацаанд доод тал нь зургаан удаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчид үзүүлэх ёстой байдаг. Гэсэн хэдий ч алслагдсан гэр хороололд амьдардаг эмзэг бүлгийн эхчүүдийн хувьд жирэмсний хяналтад хамрагдаж чаддаггүй. Төрөх хугацаа нь дөхөөд өвдөөд эхлэхээр аргагүйн эрхэнд эмнэлгийн хаалга татдаг энэ мэт дүр зураг сүүлийн хэдэн жил их гарах болсныг ЭХЭМҮТ-ийн эмч нар онцолж байсан юм. 2.1 кг жинтэй бяцхан охин Нярай судлалын тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин гудамжинд анхны үрээ өлгийдөн авсан 24 настай Г гэх бүсгүй цайны газарт тогооч хийдэг байжээ. Тэрбээр гэр бүлийнхнээсээ нууж явсаар ийм байдалд хүрсэн гэнэ. Одоогоор Дутуу тээлт судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүнтэй уулзаж төрөх үед чухам юу болсныг тодруулахад” Өвдөж эхлээд түргэн тусламжийн 103-ыг дуудсан. Удалгүй ирсэн. Барилгачин залуу эх барьж аваагүй. Би ямар гавьяа байгуулсан биш. Тодорхой мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн юм.

“Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөдөг. Энэ ерөөл сүүлийн үед “Төрөх эмнэлэг нэмэгдэх болтугай”, “Жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад хамрагдах болтугай” хэмээн өөрчлөгдөхөд хүрчээ. Амаржих газар олдохгүй нэг орон дээр хоёр гурваараа хэвтэж, бүр цаашлаад аргаа барсандаа эмнэлгийн коридорт хүртэл төрсөн эхчүүд хэвтэж байна. Эмнэлэгт тэр дундаа төрөх эмнэлгүүдэд ор хүрэлцээгүй, эм тариа хангалтгүй, тоног төхөөрөмж хуучирсан, ажиллах боловсон хүчин дутмаг гэх зэрэг олон асуудал ар араасаа цувардаг. Үүний цаана эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал давхар яригдна. Эмзэг бүлгийн, тогтсон хаяггүй жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орж чадахгүй явсаар гэртээ хүүхдээ төрүүлсэн тохиолдол хэд хэд гарсан. Тэгвэл гудамжинд хүүхдээ төрүүлж эхэллээ. Гэтэл энэ байдлыг үл тоон Засгийн газраас энэ оны нэгдүгээр сард нэгэн шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрт гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр гарсан бүх хүүхдэд гурван сая төгрөгийн тэтгэмж олгох, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах эрх олгохоор шийдвэрлэсэн. Монголчууд энэ байдлаараа аливаа зүйлд хэнэггүй хандаад байвал гурван сая дахь иргэнээ гудамжинд өлгийдөж авах бололтой.

С.Ичинхорлоо