Хүнд, онц хүнд хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ
2014/08/27
Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан болон энэ онд үйлдэгдсэн хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал:
1/ Ж.Шинэбаяр, Ж.Хосбаяр нар нь бүлэглэн, согтуугаар, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “ЖБЧЭ” ХХК-ийн “Кибер” барьцаат зээлийн газрын цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 22.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 4 сарын 2-ны өдөр 65 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ж.Хосбаярыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон ба Ж.Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ялыг оногдуулжээ.
2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх ялтнуудын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
2/ Б.Бадь нь урьд нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ялтай байх хугацаандаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Өвөр эрээний 2-01 тоот хашаанаас иргэн С.Мөнхбаярын 1 тооны хурдан удмын адууг хулгайлж бусдад 25 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 127 тоот шийтгэх тогтоол гаргаж, Б.Бадийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 01 хоногийн хорих ял оногдуулан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон.
2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүх ялтан Б.Бадийн гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
3/ Ө.Ганзориг нь 1995 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд иргэн Ч.Батболдыг ухаан алдуулан унагааж уурын зууханд хийн шатааж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт 1993 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 е-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 124 тоот шийтгэх тогтоол гаргаж, 1993 оны өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 е-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ө.Ганзоригийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх хохирогчийн гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
4/ Г.Баярмагнай нь 2014.04.21-ний өдөр согтуурсан үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун өлийн даваа” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Батдоржтой хэрүүл маргаан үүсгэн зодолдож улмаар түүний өмсөж явсан цамцны захаар хоолойг нь боомилж санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 135 тоот шийтгэх тогтоол гаргаж, Г.Баярмагнайг хүнийг санаатай алсан гэмт буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулсан.
5/ Н.Шинэбаатар, Г.Төмөржил нар нь 2010 оны 12 сарын 21-ний орой согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Болор” төв дотор бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр Н, Б нарыг бүлэглэн зодож, танхайрах үйлдлээ үргэлжлүүлэн “Болор” төвийн гадаа шүүр, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн, Б, Ш нарыг зодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 137 тоот шийтгэх тогтоол гаргаж, Н.Шинэбаатар, Г.Төмөржил нарыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.
6/ С.Гэрэлмаа нь Хаан банкны Дорнод аймаг дахь салбарын Булган сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2,3,23 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтуудыг зөрчсөн, хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлэн 15 хүний нэр дээр 45.700.000 төгрөгийн зээл гарган авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 141 тоот шийтгэх тогтоол гаргаж, С.Гэрэлмааг банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан байна.