Засгийн газрын баталж өгсөн тогтоолоор “Богд хааны ордны музей” 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцдог ч музейн газраас “АПУ” компанид өгсөн байдаг.

  Түүх соёлын дурсгалт музейн газраас өгөх нь хуулиар хориотой ч архи зарж олсон мөнгөөрөө хахуульдчихсан юм уу, яасан юутай ч “АПУ” хэмээх архины үйлдвэр энэ газраас ихэнх хэсгийг нь авчихсан.

      Гэтэл “АПУ” компани тусгай хамгаалалттай Зайсан Туулын эрэг дагуух газарт томоохон газар авсан тухай эх сурвалж мэдээлэв. Ундны усны эх үүсвэр болсон энэ ай савд газар олгож байгаа нь мөн л хуулиар хориглосон зүйл.

Гэтэл Г.Батхүү тэргүүтэй архи үйлдвэрлэгчид хууль зөрчин газар авсан тухай мэдээлэл байна.

     Зөвхөн үүгээр ч зогсохгүй.  Г.Батхүү нар нийслэлийн аль өнгөтэй өөдтэйг аваад дуусах бололтой. Эрх мэдэл, их мөнгөөр зодож ийн хууль зөрчөөд байвал юу болох вэ. Сонгуульд ялагдана. Мөнгөөр зодоод сонгогчдын саналыг луйвардана.

     Одоо Г.Батхүү нар “Тэнгис” кино театрыг авахаар улайрч байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ онд хувьчлагдах ёстой байршил объектын жагсаалтад орсон “Тэнгис”-ийн хувьчлалын асуудал өнгөрөгч хавар дуусах учиртай байсан ч Г.Батхүү нар гацаасаар өнөөдөртэй золгож байгаа аж.

 

      Уг кино театрыг анх “Ялалт” нэртэй байхад нь татан буулгаж, 34 хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газар 66 хувийг нь Солонгосын “Вэйрич ресорз Ази инк” компани авч байсан түүхтэй. Гэвч Солонгосын тал өөрийнхөө хувийг манай нэгэн эрх мэдэлтэнд зарсан тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл бий. Гэхдээ энэ 66 хувиас “АПУ” П.Батсайхан хувь эзэмшдэг хэмээн баттай эх сурвалж хэлсэн. Харин “АПУ” нар энэхүү 66 хувийг авсан эрхэмтэй өрсөлдөөд тэдний хувиас хууль бус авахаар гэрээлж энэ ажлыг гацаасан байж магадгүйг ч дурдсан.

    Уг нь бол хууль ёсоор нийслэлийн өмчид байгаа 34 хувийг  хувьчлах учиртай ч Г.Батхүү нар ийнхүү хувиа нэмэгдүүлэх гэж улайрч байгаа юм байна.  “Тэнгис” кино театр нь монголдоо ашиг орлогоороо яг л “АПУ” шиг тэргүүлдэг гэдгийг уншигч та сайн санаж буй. Тиймээс ч хөрөнгөтэй нэгний нойр хэрхэн хүрэх билээ. Үүнээс ахиухан хувь эзэмших гэх нь аргагүй. Гагцхүү хууль зөрчих, бусдаас дээрмийн маягаар авах юм бол ёстой л хуйвалдаан гэгч болох байх.
 
     Түүнчлэн “Тэнгис” кино театрын өмнө талд баригдаж буй барилгаас төмөр унаж хүний амь насанд хүрч байв. Тус барилгын ажлыг “Модун спекал” ХХК гүйцэтгэж байсан бөгөөд газар нь анх Ус сувгийн удирдах газрын өмч бүхий усан оргилуур байсан аж. Харин энэ газрыг “Түмэн занги” хэмээх компани ямар замаар хувьчилж авсан нь тодорхойгүй байгаа юм.
 
      Ингээд дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн К.Пүрэвийн мэдэлд очсон бөгөөд тус барилгыг К.Пүрэвийн захиалгаар “Модун спекал” “Эко” констракштай хамтран гүйцэтгэж байжээ. Хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлснээр К.Пүрэв нь “АПУ”-гийн захирал П.Батсайханы аав төдийгүй “АПУ”-гийн ахан дүүс нийлж, “Тэнгис” орчмын газрыг бүхэлд нь авах санаархалтай байжээ гэсэн мэдээлэл ч бий.
 
       Энэ хувьчлалын багт буюу “Тэнгис орчмыг бүхэлд авахаар санаархаж байгаа нөхдийг танилцуулбал, Хулхи түшээ Г.Батхүү тэргүүтэй “АПУ”-гийн П.Батсайхан, түүний дүү “Шунхлай”-н захирал П.Батхишиг, НИТХ-ын төлөөлөгч асан П.Батчимэг нар юм.

     Дашрамд дурдахад, “Тэнгис” кино театр 2010 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. Жилдээ 800 мянган иргэнд vйлчилдэг соёл vйлчилгээний чухал объект юм. Тухайлбал, 2010 онд 480 сая төгрөг, 2011 онд 770 сая төгрөг, 2012 онд нэг тэрбум 100 сая төгрөг, 2013 онд 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа чухал объект юм. Тэгэхээр үүний төлөө хэн ч улайрах биз ээ.

А.Гал