“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагад холбогдох хэрэг анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.

Энэ хэрэгт тус компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хиларион Кажуком нарыг татвараас зайлсхийсэн  хэрэгт буруутган шалгаж байгаад ийн шүүхэд шилжүүлсэн юм.  Шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй байна хэмээн энэ удаа мөрдөн байцаалтад буцаажээ.

Анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч нотлох баримт төдийлөн олдохгүй, хангалттай бус байгаа тухай хуулийн хүрээний зарим эх сурвалж ярьдаг юм билээ. Мөрдөн байцаалтад буцаах болсон шалтгаан нь үүнтэй холбоотой бололтой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг манайхан хааж, тууж байх үед үүсгэсэн эрүүгийн хэрэг. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгах дүйвээнээр  хөрөнгө оруулагч олон компанийг шалгасан байдаг. Тэдний нэг нь  “Саусгоби сэндс” компани юм. Тухайн үед  өөр асуудлаар шалгаж эхэлсэн ч эцэст нь 2007-2010 онд 40 гаруй тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй, борлуулалтын 259 тэрбум төгрөгөө нуун дарагдуулсан хэмээх хэрэг нь тунаж үлдсэн гэдэг.

“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагатай холбоотой энэ хэргийг шүүхээр шийдвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээнэ. Харин учраа олоод   харилцан нөхцөл болзол гаргаад  асуудлыг шийдчихвэл гадаадын хөрөнгө оруулалт эргэх дохио болох юм.  40 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж хөрөнгө оруулагчийг шийтгэх нь  манай улсад ямар ашигтай вэ.  40 тэрбумын асуудлаас илүү дараачийн хөрөнгө оруулалтын замыг нээх нь бидэнд  тустай.  Аливаа зүйлийн  нэг талыг бус хоёр талыг жишиж үзэх, үр дагаврыг нь харах алсын хараа, итгэл үнэмшил энэ цаг үед хэрэгтэй болоод буй нь нууц биш. Хөрөнгө оруулагч нарт ч өөр хандлага, боломжийг олгох нь илүү оновчтой байж болох юм. “Саусгоби сэндс”  гэдэг нь Өмнийн говийн элс гэсэн утгатай. Тэгэхээр Өмнийн говийн элс хөрөнгө оруулалтыг үргээх, эргэхийн дохио болж байна.

Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй юм бол гялгар уутанд мөнгө хийж барьсан хятадууд, машиныхаа дугуйнд өрөмдлөгийн багаж нуусан оросуудаас өөр хөрөнгө оруулагчгүй хоцорно. Эргэж буцалтгүй ийм л сонголт, хөрөнгө оруулагчтай үлдэх нь. Харин үүнийхээ оронд барууны хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан статистик мэдээг өөрчилж, жинхэнэ утгаараа эдийн засгаа сэргээж, валютын ханшийг тогтоон барьж чадах гарц хэрэгтэй байна. Барууны  хөрөнгө оруулалтгүйгээр бид хол явах боломжгүй  гэдгийг учир мэдэх эдийн засагчид хэлж байгаа. Хэрэв дээрх хэргийг энэ чигээр нь шүүгээд явуулчих юм бол барууны хөрөнгө оруулалтыг давхар шүүгээд явуулчихна аа гэсэн үг. Харин тэр үед 40 тэрбум төгрөгийн татвараасаа илүү хохиролтой зүйлтэй нүүр тулж мэдэх юм.

 

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ