Үнэгүй “Эмчлэх бус өвчлөх” аюул нүүрлэж байна
2014/08/29
Манай улсын эрүүл мэндийн салбар асуудалд ороод байсан. Эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж олон нялхас гэмтэж бүр амь насаараа хохирсон тохиолдол ар араасаа гарсан.
Хариуцлага алдсан эмч нарт арга хэмжээ авах талаар ярих болсон ч тэд өөрсдийгөө өмөөрч хариуцлагаас мултарч байсан. Харин сүүлийн саруудад тус салбарынхан өмнөх алдаагаа ухамсарласан бололтой асуудал үүсгэлгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ нь сайшаалтай хэрэг. Түүнчлэн манай улсад эмний хэрэглээ хэт задгай болсоны улмаас иргэд сайн гэсэн болгоныг авч хэрэг болжээ. Угтаа бол эмчийн зөвлөгөө зааварын дагуу эмийг хэрэглэх боловч зүрх толгой, гэдэс, бөөр нуруунд сайн гэсэн болгоныг эмчид үзүүлэлгүй өөрийн дураар хэрэглэж эмнээс хордох тохиолдол гарсаар байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед үнэгүй үзлэг оношлогоо нэртэй солонгос эмч нарыг авчиран иргэдийг үзүүлэх болсон.
Үнэгүй гэх сургаар бүхий л хүмүүс зорин очно. Ингээд үзлэг оношлогоонд орсон хүмүүс сэтгэлээр унасан байдалтай. Учир нь өнөөх үнэгүй үзлэг оношлогоогоор эрүүл эрхтэн байхгүй байна гэх хариу хэлсэний улмаас ийн сэтгэл хангалуун биш байгаа аж.
Гэвч тэрхүү гадаадын эмч нар үнэхээр үнэн зөв оншилсон болов уу? Гэдэг асуулт болоод байна. Хууль бусаар иргэдийг үзэж буй газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй өвчнөө эмчлүүлэх гэхээсээ илүүтэйгээр өвчин авах аюултай байдалд үзүүлж байгаа юм. Учир нь нэг хүнийг тарьсан тариураар дахин хэдэн ч хүн тарьсан бэ гэдгийг мэдэхгүй бохир заваан байдалтай байгаа юм. Саяхан мөн үүнтэй адил хууль бус үзлэг оношлогоо хийж байсныг илрүүлсэн.
Тодруулбал: БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо. И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байжээ.
Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна.
Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрлээ. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торголоо.
“Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна.
Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй. Энэ мэтчилэн асуудал гарсаар байгаа аж. Нийгэмд ийн үйл ажиллагаа явуулж буй нь иргэдийг эмчэх бус өвчлүүлэх аюултай байгаа юм.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/08/31
Зочин · 2014/08/30