Залуу уран бүтээлч С.Жаргалмаагийн “Нартай бороо” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2014/09/02
Залуу уран бүтээлч, зураач С.Жаргалмаагийн анхны бие даасан “Нартай бороо” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр амжилттай боллоо. Тэрбээр 2012 онд СУИС-ын Дүрслэх урлагийн сургуулийг урчуудын эвлэлийн хорооны шагналт, СТА Д.Батмөнхийн урланд суралцаж төгссөн бөгөөд энэ жил СУИС-ийн магистрын ангийг амжилттай төгсөж байгаа юм.
Зураач бүсгүй абстракт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд уг үзэсгэлэнд 30 гаруй бүтээл дэлгэгдсэн. Абстрактаас гадна 3D шилэн дээрх зураг хэд хэд байсан юм. Дээрх чиглэлээр манай улсад зурдаг хүн тун ховор гэнэ. Тэрбээр хэлэхдээ: “Би өөрийн бүтээлүүдээрээ хүнд утга санаа тайлбарлахаас илүүтэйгээр сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг” гэлээ. Мөн энэхүү үзэсгэлэн дээр түүний багш болох Д.Батмөнх: “Төгсөөд удаагүй хүнд үзэсгэлэн гаргана гэдэг нь амаргүй байдаг. Би бол төгссөнөөс хойш арваад жилийн дараа анхныхаа үзэсгэлэнг гаргаж байсан. Мөн С.Жаргалмаагийн зурагнууд нь үнэхээр гэрэл гэгээтэй, өөдрөг, өнгөлөг бүтээлүүд болсон” гэлээ. Үүний жишээг та “Candy”, “Их хот”, “Болзоо” гэх хэд хэдэн бүтээлүүдээс харж болно.
Харин зураач бүсгүй ойр дотнынхон, багш, гэр бүлийнхэндээ баярласан сэтгэлээ илэрхийллээ. С.Жаргалмаа нөхөртөө: “Бийр барьж зураг зураагүй л болохоос бүх ард талын ажлыг минь зохицуулсан ” хэмээн хэлсэн юм.
Үзэсгэлэн долоон хоног үргэлжлэх бөгөөд “Blue Moon ” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болж байгаа юм.
Б.Мөнгөлжин