Зугаатайхан өнгөрдөг зуны гурван сар нийслэл хотын маань хувьд эсэргээрээ нам жим тайван, налгар өнгөрдөг билээ.

Хөл хөдөлгөөнтэйхөн ажилдаа яарсан хүмүүс цөөрч, хичээлдээ явж буй оюутан сурагчдын хөл тасарч аль болох хотоос гарч ногоон байгальд айраг цагаанд бялхан амарч зугаалаад ирэхэд уйтгартайхан саарал хот минь угтдаг. Төрийн өндөрлөгүүд ч гэсэн төрийн албан хаагчдын адил амралтаа ашигтай өнгөрүүлж байгаад ирдэгээс нийслэл хотын иргэдийн төрийн байгууллагаар үйлчлүүлэх эрх зун үгүй болдог гэхэд хилсдэхгүй биз ээ. Есөн сар ойртох дөххөд уйтгартайхан байсан Улаанбаатарт минь их дээд сургуульд элсэн орохоор орон нутгийн оюутнууд морьлон ирдэг. Үүнийгээ дагаад элдэв чимэггүйхэн байсан нийслэл хотын маань өдөр, шөнийн амьдралд өөрчлөлт орж хөл хөдөлгөөнтэй амьдралын хэв маягт шилждэг.

 

     Орон нутгийн иргэд ирсэн нь олон ч зүйл дээр илхэн. Хэт гангалсан, эсвэл хэт хааш яаш хувцалсан иргэд нэмэгдэж, татвар төлөгчдийн мөнгөөр хавар хотын эргэн тойронд суулгадаг өнгөлөг цэцэгс, зассан ногоон дээр гишигчиж намар болохоос өмнө гутлын уланд дарагдан үхдэгийг олон хүн анзаардаг биз ээ. Танхайн хэрэг төвөг, осол аваар гарах нь ихсэж өдрийн цагаар худалдааны төв, захууд хүнээр тасрахгүй дүүрч, орой болмогц Хороолол, Сансарын хэсэгт байрладаг “Нүхэн” баарнууд нутаг буцсан үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг. Үүгээрээ орон нутгын иргэдийг буруушаах гэсэнгүй хотын соёлыг сураагүйгээсээ болоод багагүй төвөг учруулж бүдүүлэг заваанаа хаа саагүй гаргаж явдаг гэж олон нийтэд бухимдал төрүүлдэгийг нуух юун.  Уг бухимдал замын хөдөлгөөн дээр ихээхэн ажиглагддагыг иргэд сайн мэднэ.  Машинтай нэг нь хаа хамаагүй газар дохиогооч өгөлгүй гэнт зогсох, зогсож байгаад зөрөх машинаа харалгүй гэнт хөдлөх гээд тал дээр морьтойгоо давьхаж яваа юм шиг л авирладгаас намар илт зам тээврийн осол аваар нэмэгддэг. Халаасны хулгайн хэрэг ч ихэсдэг гэдэг.

 

     Аргагүй биздээ өргөн уудам газар нутагтай ч нийслэл хотдоо л төвлөрсөн хөгжилтэй, орон нутагруугаа чиглэсэн бодлого дутмаг байдагаас орон нутгийн хөгжил гээд байх юм байхгүй. Хөгжиж байгаа нь гэхэд хэдэн байшин баригдана уу? гэхээс хувь хүний соёл, боловсролд доривтой хийсэн зүйл байдаггүйгээс ийнхүү хот хөдөөгийн ялгаа эрс анзаарагддаг. Үүнд орон нутгийн зарим бүдүүлэг иргэдийг буруутгах аргагүй юм.