“Хар алт”-нд найдах хэрэггүй нь
2014/09/10
Хар алтны зах зээлд таагүй байдал эхэлснээс хойш даруй гурван жил өнгөрсөн хэдий ч олон улсын нүүрсний зах зээл мөддөө сэргэх дүр зураггүй.
Энэ таагүй мэдээг салбарын судлаачид болон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд анхааруулсаар байна. Тэр ч бүү хэл, нүүрсний үнийн уналтыг даван туулах гэсэн томоохон “тоглогчдын” тэнхээ дуусч, өөрсдийн эзэмшлийн уурхайнуудыг маш бага үнээр худалдахад хүрч байгаа ажээ. “Рио Тинто” л гэхэд Мозамбик дахь нүүрсний гурван ч уурхайгаа ердөө 50 сая ам.доллараар багцлан борлуулах хэлцлийг саяхан хийсэн тухай мэдээлэл цахим хуудсаар “хэсэх” болов. Уг нь тус компани гурван жилийн өмнө буюу нүүрсний үнэ оргил байх жил 3.7 тэрбум ам.доллараар тус уурхайнуудаа худалдан авч байжээ. Үүнээс гадна коксжих нүүрсний үнийн хямрал Америкийн гангийн үйлдвэрүүдэд нөөцийн илүүдэл үүсгэж, үнэ цэнийг нь бууруулж байгаа талаар Блүүмберг мэдээлсэн. Мөн дэлхийн коксжих нүүрсний гол нийлүүлэгч Австралидл гэхэд нийт уурхайн талаас илүү хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. 2011 онд Австралийн гол боомтуудад дунджаар 330 ам.доллар хүрч байсан коксжих нүүрсний үнэ өдгөө 114 ам.доллар болтлоо урууджээ.
Хамгийн ойрын жишээ гэхэд он гарсаар тус улсад даруй 20 гаруй хувиар нүүрсний үнэ унасан байна. Энэ бүхэн нь маш товчхондоо хойшид нөхцөл байдал тун таагүй байхыг зөгнөж буй хэлбэр болж байна. Манай улсын хувьд нүүрсний салбар урд хөршөөс ихээхэн хамааралтай. Гуравдагч хөршид нийлүүлэх тухай гэрээ хэлэлцээр яригдаж буй хэдий ч хөршийнхөө хараат байдлаас мөддөө салахгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэгвэл дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч хийгээд олборлогч “аварга” Хятад улсад хар алтны үнэ сүүлийн долоон жилийн хамгийн доод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байгаа ажээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын дотоодын нүүрс олборлогчдын 70 гаруй хувь нь алдагдалтай ажиллажээ. Олон улсад таагүй байдал ийн үргэлжилж байхад энэ салбарт хүч түрэн орж ирж буй АНУ, ОХУ, Канад зэрэг нийлүүлэгчид мөн л манай улсад боломж олгохгүй нь бололтой. Харин энэ цаг үетэй давхцан манай улсын Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргав. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн гацааг энэ онд багтаан арилгахыг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Уг нь, энэ онд нүүрсний салбар харьцангуй сэргэх нь гэсэн хүлээлт үүсээд байв. Нүүрсний компаниудын экспорт 30 сая тоннд хүрнэ гэж Сангийн яамныхан төсөөлж байлаа. Үүнийгээ тэд “дарж” хэлсэн төсөөлөл гэж хэлсэн удаа ч бий. Тиймээс нүүрсний компаниуд тэдний төсөөллөөс илүүг экспортлох боломжтой гэсэн үг. Хэдий ийм сайхан төсөөлөлтэй ч манай улс энэ онд нүүрсний экспортоос улсын төсөвт 590 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь домог болон ард үлдсэн. Энэ нь дан ганц манай улсын алдаа биш л дээ. Шинжээчид хүртэл 2014 онд дэлхийн нүүрсний үйлдвэрлэл 3.6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Тиймээс манайхан өөдрөг төсөөлөлд хууртаад зах зээлээ мэдрээгүй гэсэн үг. Гэвч манай улсын энэ салбарт эрх баригчдын яриад байдаг төмөр зам, нүүрсээ баяжуулж, гэх мэт олон зорилт биелэлээ олбол мэдээж сайн үр дүн авч ирэх нь гарцаагүй юм. Саяхан болж өндөрлөсөн “Discover Mongolia”-гийн оролцогчид нүүрсний экспортын талаар хэлэлцсэн. Энэ үеэр “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран “Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд өнгөрсөн жилийнхээс буураагүй.
Гэхдээ зах зээл дэх нүүрсний үнэ 2012 оныхтой харьцуулахад хоёр дахин буурч орлогын хэмжээ багассан тул компаниуд алдагдалтай ажиллаж байгаа” хэмээн өгүүлсэн. Гэхдээ ирэх онд “хар алт”-ны үнэ одоогийнхоос буурах төлөвгүй байгаа гэдгийг тэрбээр хэлсэн. Иймд зах зээл сайжрах үед хэрэглэгчээ алдахгүй байхын тулд гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хэвээр байх нь зүйтэй гэдгийг хуралд оролцогчид онцолж байв. Тэдний хэлж буй баримтаар бол Дэлхийн банк “Нүүрсний үнэ ирэх онд огцом өсөхгүй ч энэ жилийнхээс хямдрахгүй” гэсэн төсөөллийг гаргаад буй аж. Гэвч өмнөд хөршийн зах зээл дээр нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан тул өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын компаниуд зардлаа бууруулахаас аргагүйд хүрсэн хэвээр л байна
Д.Булган