Шимэгч хорхой илэрсэн “Сайра” нэрийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг Титан “ ХХК-д буцаалт хийхээр болжээ
2014/09/18
Баянзүрх дүүргийн “Норжин” худалдаан төвөөс иргэн “Сайра” лаазалсан загасыг худалдан автал дотор нь олон тооны үхсэн улаан өт гарсан байна.
Иргэний гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний үндэсний лавлагаа лабораторид дээрх сайра загасыг шинжилэхэд загасанд шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой болох нь тогтоогджээ.
Тиймээс 26 мянга 595 ширхэг лаазалсан “Сайра” загасыг худалдаанаас татсан болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Уг шинжилгээгээр "Aconthocepha-Laeocantcepala" буюу скребни нэртэй загасанд амьдардаг шимэгч болох нь тогтоогдсон “Сайра” нэрийн загасыг үйлдвэрлэгч ОХУ-ын Улаан-Үүд хотын “Титан” компанид МХЕГ- бүтээгдэхүүнээс нь гарсан шимэгч хорхойг хэлэхэд хариуд нь тэд "Үхсэн шимэгч хорхой нь хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй" гэсэн хариуг өгсөн байна.
Тэгвэл МХЕГ олон улсад мөрдөгдөж байгаа САС-ын стандартаар нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц байх ёсгүй гэсэн заалтыг үндэслэн үйлдвэрийн явцад гарсан технологийн алдаа гэж үзжээ.
Иймд тус лаазалсан бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг "Сонгинохангай" ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлэн худалдахыг хориглож 26 мянга 595 ширхэгийг худалдаанаас татаж авсан гэдгээ мэдэгдэв.
Түүнчлэн худалдаанаас татсан уг загаснаас түүвэрлэн авсан 110 дээжийг МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, НМХГ-ын төв лаборатори, улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторидад шилжүүлсэн байна.
Харин 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18.1 хувьд нь дахин шимэг хорхой илэрчээ. Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын “Титан" ХХК-тай харилцан зөвшилцсөний үндсэн дээр нөөшилсөн загасыг тус компанид буцаах шийдвэр гаргажээ. Ийнхүү дээрх "Сайра" нэрийн бүтээгдэхүүнийг тус компани руу 26 мянга 200 ширхэгийг Монгол улсын хилээр гаргаж байгаа гэлээ.