Санаа зоволтгүй Фэйсбүүк төлбөртэй болохгүй
2014/09/22
Фэйсбүүк бидний өдөр тутмын хэрэглээ, анхаарлыг татдаг асуудлуудын нэг яах аргагүй болжээ гэж дүгнэж болох юм.
Өнөөдөр өглөө л сайтуудаар фэйсбүүк төлбөртэй болох нь гэсэн мэдээлэл цацагдахад л мэдээллийг хоорондоо шэйрлэж, жиргээчдийн жиргээний гол сэдэв болж, мөнгө төлдөг болбол хэрэглэхээ болино гээд ярианы сэдэв болоотхов. Дунд сургуульд сурдаг дүү охины уурлаж байгаа гэж жигтэйхэн. Ганц чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбар л гэнэ, одоо ээж, аав мөнгө өгөхгүй гээд зовоох юм байна л даа, хичээлдээ явахаас дургүй хүрчихлээ ч гэх шиг. Тэгэнгүүт утсаа шүүрч аваад ийш тийшээ мессеж савж байгаа бололтой дог. Гэтэл олны танил хүмүүс хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлсэн байх жишээний. Дуучин Хаянаа л гэхэд фэйсбүүк төлбөртэй болбол ажлын бүтээмж дээшилнэ шүү гэж жиргээ нисгээд л.
Үнэндээ фэйсбүүк, твиттер нээрээ ажлын садаа шүү. Интернет ашиглах болохоор хүссэн хүсээгүй л энэ хоёр руу эрхгүй нэвтэрчихнэ. Зарим хүмүүст үүнийг ашиглахгүй бол нэг зүйл үгүйлэгдээд байдаг гэнэ лээ.
Сүлжээгээр найзуудаа олох олон сайтуудын хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь Фэйсбүүк (FB) юм. Олон сайн давуу тал байдаг ч доод тал нь 5 сөрөг тал байдгийг CBSNews.com-д анхлан нийтэлж байсан билээ.
Таны хувийн мэдээллийг 3 дахь этгээд унших боломжтой, компьютерт тань гэмтэл учруулж болох реклам агуулж болно, таны найзууд санаандгүй байдлаар таныг эвгүй байдалд оруулж болно, хиймэл гишүүн үүсгэж түүгээрээ таны данс болон найзуудын сүлжээг тань гэмтээж болно гээд сөрөг тал бий. Бас хүн хоорондын "амьд" харилцааг хүйтрүүлж байгаа талтай.
Фэйсбүүк хэдийгээр найз нөхөдтэйгээ уулзах, холбоотой байх боломжийг олгодог ч дээрх сөрөг талыг агуулдаг тул "хувийн нууцлал"-аа өндөржүүлэх, хэт хувийн мэдээллээ сайтад тавихгүй байх хэрэгтэй юм шиг ээ.
Ямартай ч фэйсбүүк хэрэглэгчиддээ хандаж хэлэхэд төлбөртэй болно гэдэг худлаа, ээлжит нэг сенсаци юм байна шүү. Яагаад энэ цуурхал дэлхий дахинд тархав гэвэл “The National Report” гэх шог мэдээллийн вэб сайт саяхан Фэйсбүүкийн үндэслэгч Марк Цукерберг өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлийн хурал зарлаж, Фэйсбүүк цахим сүлжээ ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэгчдээс сарын хоёр ам.доллар, 99 центийн сарын хураамж авахаар болсноо мэдэгдсэн гэжээ.
Энэ мэт цуурхал өмнө нь ч дэгдэж л байдаг. Гэвч итгэчихдэг нь олон.
“The National Report” цуурхлыг илүү үнэмшилтэй болгохын тулд Марк Цукерберг хэвлэлийн хурлын үеэр ийн хэлжээ хэмээн хуурамч эшлэл хүртэл зохиосноо хүлээжээ. “Бид зар сурталчилгаанаас олдог ашгаар бид цаашид удаан оршин тогтнож чадахгүйд хүрсэн. Удаан бодсоны эцэст Фэйсбүүкийг төлбөртэй болгох хэцүү шийдвэр гаргахаас өөр зам бидэнд үлдсэнгүй” гэхээр итгэхгүй гээд ч яах билээ дээ. Энэ бүхэн наргиа байлаа, шог мэдээлэл гэдгээ мэдэгдлээ.