Иргэдийн сүсэг бишрэлээр “даажигнагчид”
2014/09/23
Хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг албадаж болдоггүй. Хүмүүс аливаа зүйлд арга мухардахдаа “Сайн” гэсэн лам, бөө, үзмэрч дээр очиж үзүүлдэг. Харин тэдний хүсэл зориг, итгэл үнэмшлээр нь тоглож бохир бизнес хийх хүн олшрох болсон.
Үүний нэг тод жишээ бол төв Гандангийн эргэн тойронд байрлах олон, жижиг чингэлэгт сууж мэргэлдэг хүмүүс юм. Иймээс тус газрын эргэн тойрон дахь байдалтай очиж танилцлаа. Гандангийн төв хаалганы урд байрлах жижиг чингэлэг дээрх том самбарт “Ханийн заяа дуудаж, үр хүүхэд хайрлана, хар хэл ам хариулна, ноён нуруу тэгшилнэ” гэж бичсэнээс гадна үзмэрч өөрийн урт цол гуншинг бичсэн байв. Үүнээс гадна гудамжинд зоос, чулуугаар мэргэлэх хүн ч цөөнгүй. Зоос, чулуугаар мэргэлж буй хүмүүс сүсгээр болон 1000-2000 төгрөгийн хооронд үзэж байсан бол чингэлэг дэх үзмэрчид нэг удаа үзүүлэхэд 5000 төгрөгийн ханштай байх аж. Зарим нь “Сүсэг бишрэлээрээ” гэж хэлсэн нь тогтсон үнээс илүү ашигтай байдгийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн зурхайч хэлсэн юм. Тэрбээр “Би амьдралдаа хэзээ ч хүн үзэж харахгүй гэж хэлдэг байсан. Давахгүй гэсэн даваагаар долоо давдаг гэдэг шиг одоо зурхайч болоод сууж байна. Гурван жилийн өмнө ээжийгээ асардаг байхдаа сурсан юм. Энд надтай адилхан үздэг хүмүүс ихэвчлэн үнэ тогтоосон байдаг. Миний хувьд тарифаас илүү сүсэг бишрэлээрээ гэж хэлсэн нь илүү ашигтай юм шиг санагддаг. Заримдаа бизнесмэн хүмүүс орж ирэх тохиолдол бий. Сайн хэлж өгөөд ажил үйлс нь бүтвэл 20 мянга түүнээс илүү мөнгө тавиад л гардаг. Хэрэв би тарифтай бол тогтоосон үнээсээ илүү мөнгө авч чадахгүй шүү дээ” гэж байлаа. Мэргэлж буй хүмүүс эрх, шоо, зоос, далны яс, чулуу гээд янз бүрийн зүйлээр мэргэлэх аж. “Зурхайч” гэсэн хаягтай долоон газраар орж сонирхоход үнэхээр сайн үздэг нь өдрийн од шиг ганц хоёр байх шиг санагдсан. Сайн үздэг зурхайчдын хувьд үзүүлж буй хүн өөрийн асуудлаа яриагүй байхад нэрийг нь асууж шоо хаян бодлыг нь уншсан мэт тухайн хүний удам судар, гэр бүл, ажил хэргийн асуудлыг нь шууд хэлж өгөх жишээтэй. Урт цол гуншинтай тод цэнхэр өнгийн чингэлэг дотроос 30 орчим насны залуухан эмэгтэй хүүхдээ дагуулсаар гарч ирэв. Тэрбээр “Би нэг хулгайн хэрэгт сэрдэгдээд шүүх цагдаагаар яваад шийдэгдэхгүй байгаа юм. Энэ хүнд үзүүлээд дөрвөн сар болж байна. Ер нь сайн үздэг юм шиг санагддаг. Бусад нь мэдэхгүй” гэлээ. Харин бусдынх нь чулуу тасалж, амандаа мэгзэм уншиж эрхээр мэргэлэн төрсөн он, жил, нэр асууж тухайн асуудлыг нь сонссоны дараа ам дагуулах, сэтгэлийг нь тайтгаруулах зүйл хэлж байв. Зарим нь асуудлаа дэлгэрэнгүй ярьсангүй гэж уурлах шинжтэй. Тэднээс ямар ч зүйл асуусан ихэвчлэн “Удахгүй зүгээр болно. Ямар ч асуудал алга. Зүгээр байна. Ажил үйлс бүтэмжтэй” гэж ам дагуулж байгаа нь тодорхой байв. Зарим чингэлгийн гадаа хүмүүс хоёр гурваараа дугаарлана. Дугаарлан зогсч буй хүмүүсийн хувьд ихэвчлэн дам сургаар ирсэн хүмүүс байсан бөгөөд тухайн зурхайчийг хэр сайн үзэж мэддэг талаар юу ч мэдэхгүй зөвхөн “Сайн үздэг” гэсэн сургаар нь иржээ. Зарим нь хаана хандаж үзүүлэхээ мэдэхгүй “Аль нь сайн юм бол” гэж нэгнээсээ сураглах нь ч дуулдна. Хүмүүс амьдралаа дээшлүүлэх гэж, ажлаа сайжруулах, биеэ эмчлүүлэх, ханиа сонгох гэж, хангалттай дүн авах гэж хүртэл лам, зурхайч, бөө дээр очих болжээ. Иймд зурхайч гэсэн хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох болсон дүр зураг дээрх байдлаас харагдаж байлаа. Уг асуудлаар зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн II хорооны иргэн Г.Мөнхгэрэл: Өвчин ороогоод салахгүй болохоор нь үзүүлсэн
-Та ямар асуудлаар зурхайчид хандаж явна вэ?
-Өвчин ороогоод салахгүй болохоор нь хандаж байна. Өмнө нь үзүүлж байгаагүй. Энүүгээр явж байгаад “Зурхай засал” гэсэн болохоор нь ороод үзүүлчихлээ.
-Таны хандсан зурхайч таныг юу гэж байна. Юугаар мэргэлж байна вэ?
-Миний үзүүлсэн хүн засал ном хийж өгсөн. Эрхээр үзэж байна лээ. Ганц хоёр асуудал байна гэж хэлсэн. Бусдыг нь мэдэхгүй юм.
-Нэг удаа үзүүлэхэд хэдэн төгрөг авдаг юм байна?
-5000 төгрөгөөр үзэж байна лээ гэсэн хариултыг өглөө. Гандангийн ойр орчимд нийт 20 гаруй зурхайч 200-350 мянган төг рөгийн түрээс төлөн иргэдийг үзэж байна. Гандан тэгчинлэн хийдийн “Модны 2” талдаа шашны дэлгүүр, машин, хүний хөл хөдөлгөөн ихтэй. Үүнийгээ дагаад нэг цэгт зурхайчид жижиг өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Энд зарим нь өрөөндөө үнээ хадсан байлаа. Үзүүлэхэд 5000, судас барих-5000, бүх төрлийн сэржим-15 мянга, засал хийх 15 мянга, ноён нуруу засах-20 мянга, ханийн заяа дуудах-60 гэсэн тарифтай байх аж. Харин тусгай засал, сахиус дуудах зэрэг тус тус үнэтэй байв. Зурхайч Х.Жигжид “Сүсэг бишрэлээр гэснээс илүү тариф тогтоосон нь зүгээр байдаг юм. Зарим нь өдөржин ажиллуулчихаад 500 төгрөг өгөөд явах нь бий. Бид чинь адилхан амьдрах гэж ядаж байгаа хүмүүс. Тэдний өгсөн мөнгөөр амьжиргаагаа залгуулж түрээс төлөн амьдарч байна. Тусгай засал гэдэг нь жилд нэг хоёр удаа тухайн гэр бүл удам судар бүгдийг нь даатгадаг том засал юм. Нэг айлаас ойролцоогоор 50 мянган төгрөг гардаг” гэв. Харин лам нар нэг удаа үзэхдээ 5000 төгрөгөөр үзээд засал хийхээр бол 20-60 мянган төгрөгөөр засал хийж өгдөг гэж байлаа. Энд түрээсээ төлөхийн тулд зарим нь үнэхээр хүмүүсийн итгэл үнэмшлээр бизнес хийдэг гэдгийг тэд нуугаагүй. Харин үүнд ямар нэгэн хяналт байдаг эсэхийг Гандантэгчилэн хийдийн Олон нийттэй харилцах ажилтан С.Даваа пүрэвээс тодруулахад “Сүүлийн үед хүмүүсийн сүсэг бишрэлээр тоглох явдал цөөнгүй байсан. “Бид хийдийн хашааны гадна хүн үздэг зурхайчдыг үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Эдгээр хүн иргэдийн айх сэтгэхүй дээр тоглоом хийж байна. Мэдээж сайн үздэг хүмүүс бий. Тэд зориулалтын тусгай үздэг орчиндоо үзэх хэрэгтэй. Эргэн тойронд байгаа жижиг зурхайчид өөрсдийгөө үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гэж ярьдаг. Гэвч Гандан хийдийн зүгээс тусгай зөвшөөрөл олгодоггүй. Манай байгууллагын зүгээс эдгээр зурхайчдад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шаардлага тавьдаг” гэв. Гандангийн эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг зурхайчдад тавих хяналт, хуулийн байгууллага байдаггүйн улмаас амар хялбар мөнгө олох гэсэн хүмүүс улам олширч байгаа нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна.
Б.Дэлгэрцэцэг
Зочин. · 2014/09/27
Ямарч байсан Сарандаваа авгай шиг ард тумний сэтгэлээр тоглоогуй л юм байна.
Зочин · 2014/09/25
Hvn uuruu uurtuu itgej zuw bodoltoi bh heregtei bidend chini bvgded ni uuriin gesen tolgoi bgaa biz de aaw eej eh bolson baigali delhiigees mini ilvv zvil bdag gejvv iimees aaw eej baigali delhiigee hairlan shvtej amidartsgaaya
Зочин · 2014/09/25
id nar yah ve ter gadnii ***shin mash osoltoi tuund anhaarah heregtei baigaa shuu
Өндөр болгох · 2014/09/24
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.
Өндөр болгох · 2014/09/24
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.
Зочин · 2014/09/24
Шашины асуудлыг төр авч үзмээр гадна дотны олон шашин хүмүүсийн толгойг **********лж гүйцлээ бүддийн шашныг нэгдсэн нэг удирдлагатай бодлог зорилго нь төвлөрсөн баймаар
Зочин · 2014/09/24
Тэр бөө удган нар бол ёстой болимоор юм байна лээ
Зочин · 2014/09/24
Би нэг өдөр гандан гарахдаа зурхайчид үзүүлсэн чинь аймаар юм байна лээ. Шал худлаа яриад л ам дагуулаад л сүүлд нь бөөн мөнгө нэхсэн энэ заслыг хийлгэхгүй бол болохгүй гээд л
Зочин · 2014/09/24
Ed nar ch yahav ee bolson boloogui udgan zairanguud hunii amind hurch bna shuu de