ЭВ НЭГДЭЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА-БИДНИЙ АМЖИЛТ Монгол дахь үйлдвэрчний эвлэлийн ууган байгууллагын гишүүд болох авто тээвэр, иргэний агаарын тээвэр, шуудан, холбоо, газрын тосны салбарын нийт ажиллагсад, гишүүд, идэвхтэн сонгуультан, үе үеийн ахмадууд та бүхэндээ Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо үүсч хөгжсөний 90 жилийн ойн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай салбарын ҮЭ-үүдийн холбоо нь 1924 онд тээврийн салбарын таван үүр нэгдснээр “Тээх нэвтрүүлэх газрын ҮЭ”-ийг байгуулж улмаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тулгын чулууг тавилцсан ууган байгууллагын нэг бөгөөд иргэний агаарын тээвэр, авто тээвэр, харилцаа холбоо, шуудан, газрын тосны салбарын төв, орон нутгийн олон ажил мэргэжлийн хөдөлмөрчдийн эрх ашиг, сонирхол, эв нэгдлийг илэрхийлсэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төлөвшөөд байна. Улс орны хөгжлийн тулгуур болсон дэд бүтцийн амин чухал тэргүүлэх салбарын ажиллагсдын эв нэгдлийн илэрхийлэл болсон тус байгууллага түүхэн 90 жилийн турш үе үеийн ахмад ажилтан, сонгуультнуудынхаа нөр их хөдөлмөр хичээл зүтгэл, хөдөлмөрийн хүний төлөө гэсэн чин сэтгэлийн хүчээр олон мянган гишүүд, хөдөлмөрчдийн аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрх зүйн чадамжийг дээшлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ. Тус салбарын ҮЭ-үүд шат шатандаа түүхт ойгоо угтан хүний төлөө эрхэм үйлсэд өндөр амжилт гаргах, төрийн захиргааны байгууллагууд, ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодтой нийгмийн түншлэлээ бататган, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж, салбарын ажиллагсдын нийгмийн баталгаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үйлсэд ахмад үеийнхээ амжилт бүтээлийг нэр төртэй үргэлжлүүлэн зах зээлийн өрсөлдөөний үед салбараа хөгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй, эрчимтэй хөдөлмөрлөж, тэргүүний дэвшилтэд шинэ техник технологи нэвтрүүлж, хүн арддаа үйлчлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд тодорхой хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж байгааг бахархан тэмдэглэж байна. Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо нь Улаанбаатар хотноо 8000 гаруй гишүүдтэй, 40 ҮЭ-ийн хороотой, 300 гаруй идэвхтэн сонгуультантай улсын хэмжээнд 13 000 гаруй гишүүдтэй, 700 гаруй сонгуультан, 120 орчим ҮЭ-тэй болж, Монголдоо төдийгүй олон улсын ҮЭ-ийн хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж, гишүүнчлэл үйл ажиллагааны цар хүрээ өсөн нэмэгдэж байна.

Тээвэр, Холбоо, Газрын Тосны салбарын ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангуулах асуудлыг хүрсэн түвшингээс дордуулахгүй байлгах, энэ талаар гарсан санал санаачилга, шударга тэмцэл, хууль ёсны шаардлагыг хуулийн хүрээнд нийгмийн зөвшилцлийн замаар хэрэгжүүлэх, улс орны хөгжил дэвшлийн төлөө иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд хамтдаа бие биенээ дэмжин эв нэгдлийг эрхэмлэн хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хөдөлмөрчин түмний төлөөх үйлс зорилго нь сэтгэчилэн бүтэж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.