Сураггүй алга болсон борлуулагч залуугийн цогцос олдлоо
2014/09/30
“АПУ” ХК-ийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг найман сая орчим төгрөгийн бараатай, бэлэн дөрвөн сая төгрөгтэй борлуулалт хийж яваад энэ сарын 15-наас хойш сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнийг эрэн хайх ажиллагааны 15 дахь өдөр буюу өчигдөр 16 цагийн орчим Налайхаас түүний цогцсыг олжээ. Тодруулбал талийгаачийг хүн таних аргагүй болгож, Налайхын уурхайд хийсэн байсан байна. Цогцсыг гэр бүлийнхнээр нь таниулах ажиллагаа хийлгэхэд Б.Алтангэрэл мөн эсэхэд эргэлзэж байсан юм. Харин алга болох үедээ өмсөж байсан хувцас нь мөн байсан гэдгийг гэрийнхэн нь мэдээлсэн байна. Цогцосыг Шүүх шинжилгээний хүрээлэнд задлан шинжилгээ хийлгэхээр хүргүүлээд байгаа юм байна.
Б.Алтанхуяг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд Улаанбаатарт шилжин суурьшаад хоёр жил болж байсан ажээ.
Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн 450 алба хаагчид оролцож байгаа юм. Хонхор, Гачуурт, Улиастай, Хужирбулан, Богд уулын ар хэсгээр самналт хийж эрж хайсан боловч сэжигтэй ул мөр олдоогүй байсан юм.