Ченжүүдээс хахууль авсан цагдаа нар ял сонсох уу
2013/01/31
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан билээ.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль (40 сая төгрөг) авсан гэх үндэслэлээр хорьж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Олон сарын турш шалгагдсан уг хэрэгт өнгөрсөн сарын эхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаа “Энэ хэрэгт холбоотой зарим нөхөд хятад руу гарчихаад орж ирэхгүй байгаа нь хэрэг удаашрах нөхцөл болж байна. Ер нь цагдаагийн ажилтнуудтай холбогдсон хахуулийн хэрэг үндсэндээ тогтчихсон. Үүний цаана олон асуудал бий. Бид үүнийг тогтоохоор шалгаж байна” гэх тайлбарыг өгч байв.
Олны анхаарлыг зүй ёсоор татаж буй уг хэрэгт дээрх таван цагдаагаас гадна зуучлагч иргэд, цагдаа, хил гаалийн эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж, нийтдээ 20 гаруй хүнийг сэжигтнээр татаад байсан юм. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр буюу хэрэг ид яригдаж байх үед уг хэрэгт холбогдуулан гаалийн зургаан байцаагчийг нэмж саатуулсан шалгасан байдаг.
Энэ мэтчилэн цөөнгүй холбогдогчтой эл хэргийг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн танхимд болно.
Хэргийг сануулбал, цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээр хасаж, хорих ялаар шийтгэх аж.
Г.Долгорсүрэн