Нэгэн цагт арлын орны “Иточу” хэмээх том группийн салбарыг Монгол Улсад төлөөлж, энэ хэрээр бизнесийн ертөнцөд цахиур хагалж явсан “Иточу” Т.Энхбат сураг алдарчээ.

Хаа нэг сонин хэвлэлийн булан дээр зурвас төдий үзэгдэхдээ “АНУ-д морь сойж, томоохон бооцоо тавьж хөлгүй баян амьдардаг” гэх. Нөгөө бол “Японд тансаг хаус, юм юмтай л амьдарч байгаа” тухай дурдагдах.

 

    Тэгэхдээ энэ бол сэтгүүлчдийн таамаг төдий зүйл байсан нь илэрлээ. Өөрөөр хэлбэл, энэ мэт шар бор мэдээлэл нь ташаарсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. 

 

    Тодруулал, Т.Энхбат нь юун АНУ, Японд амьдрахав. Сүүлийн дөрвөн жил хятадад амьдарч байгаа аж. Ийн өмнөд хөршид амьдрахдаа монголчуудаа хулхидаж мөнгө олдог болсон тухай мэдээллийг бид олж авсан юм. Тиймээс Т.Энхбат нь улс орондоо амьдрах аргагүй болж, дотор газар ийн удаан сууж байгаа гэнэ. Учир нь тэрээр хятадуудтай нийлж монголчуудаа хулхидахаас гадна “Голомт” банк болон зарим бизнесмэнүүдэд ихээхэн өртэй бололтой. 
Харин тэрээр хаа нэг Монголд ирэхээрээ мөнгө өгөх ёстой хүмүүст хандаж “манай түнш хятадууд хулхидчихлаа. Та нарын мөнгийг өгнө” гэдэг аж. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тавьсан өрийг хятадууд руу чихдэг байна. 

 

    Яахав, улсдаа толгой цохиж байсан бизнесмэнийн нэг байсан учраас манай бизнес эрхлэгчид ч түүнтэй хамтрахыг хүсдэг, түүнд итгэдэг учраас ийнхүү мөнгөө хулхидуулдаг байна. 

     Аргагүй л дээ, цагтаа арлын орны том группийг улсдаа тэргүүлж, найрын ширээний хоймор ханхалзаж, Төрийн наадамд өндөр өртөгтэй хурдан адуу цоллуулж, үнэ цэнэтэй орд харшид амьдарч байсан хүнд захын нэг бизнесмэн итгэж таарна. Гэтэл мань эр энэхүү итгэл дээр дөрөөлж, хятадуудтай хамтран монголчуудаа хулхиддаг болсон нь харамсалтай. 

 

     Яг ийн бужигнуулж мандаж явах үед нь ч мэр сэр бараан зүйл дуулддаг л байсан. Бодоход, хөлгүй баян, өгөөмөр сэтгэлтэн хэмээн ойлгосон ард олон тэгтлээ анзаардаггүй байсан биз. Эртний мэдээлэл сөхье л дөө. Тухайлбал, “Иточу” корпорацитай холбоотой аккредитивээс 200 саяыг нь “Анод” руу шилжүүлсэн будилаанд ч түүний нэр явж л байдаг. Хэсэг нөхөд Хүүхдийн паркийн газраас дээрэмдэхэд ч түүний нэр дуулдаж л байсан. 

 

    Хэдийнээсээ цуутай “Иточу” Т.Энхбат гэж нэг ийм нөхөр байгаад сураг алдарсан. Харин гэнэт дуулдахдаа ийм л муухан сургийг бидэнд өгч байна. Дашрамд дурдахад “Иточу” хэмээгч Т.Энхбатын тухай өөр мэдээлэл ч сөхөгдөж байгааг эх сурвалж дуулгаж байгаагаас харвал түүний муу сураг улам л олон дуулдах нь дээ. 

 

 

А.Гал