Социализмын загварчлагдсан  нийгмээс, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй монголчуудын хувьд "Монгол орныг хэн хөгжүүлэх юм бэ?" гэдэг асуулт, өнөөдөр ч  хариу нэхсэн хэвээрээ.

Улстөрийн намууд болон нийгмийн зүтгэлтнүүд, хувь хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоороо энэ асуултад хариулдаг. Хариултууд нь янз бүр боловч,  бодит үр дүн нь шал өөр байгаад л хүмүүс бухимдацгаадаг. Ардчиллыг хэдийгээр загварчилж болохгүй боловч, бодит үр дүн нь  ШУДАРГА ЁС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА, УЛС ОРНЫ ХӨГЖИЛ гэж би төсөөлдөг юм. Энэ бүхэн цогцоороо бий болоход цаг хугацаа, туршлага, хичээл зүтгэл шаардагдана. Гэхдээ ардчиллыг хөгжүүлэхийн тулд бидний сонгосон, Төрийн эрх баригчид  хэрхэн удирдаж чиглүүлэхээс нилээдгүй зүйл хамаарна. Гэхдээ бид өөрсдөө?

Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай, ажлын айлчлал хийж байгаа Монголын улстөрчид болон сэтгүүлчид, зарим эрх мэдэлтнүүд уулзаж санал бодлоо солилцох нь түгээмэл болжээ. Харь оронд олон жил идээшиж, тухайн орныхоо хууль дүрмэнд захирагдаж сурсан, хар ажил хийгээд ч болов олсон мөнгөөрөө өөрийгөө болон үр хүүхдүүдээ хөгжүүлэх гэж хичээж байгаа монголчуудын сэтгэл зүрхэнд Монгол орны хөгжлийн төлөөх зовинол байнга оршиж , сэтгэлийг нь чилээж байдаг. Монгол эх орныхоо өнөөгийн хөгжлийн ололт болон алдааг,  амьдарч байгаа орныхоо хөгжилтэй харьцуулан "ЯАГААД МОНГОЛД МИНЬ ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?" хэмээн өөрөөсөө болон өрөөл бусдаас асуудаг. Энэ зовинолын хариуд "Тийм мундаг юм бол та нар өөрсдөө Монголдоо очоод хөгжүүл л дээ" гэсэн ярдаг хариулт нь  "Хн, эх орноо хаяж явчихаад одоо болохоор  нэг л их "эх оронч" дүр эсгэсэн хүмүүс" гэсэн доромж маягийн ихэмсэглэлтэй холилдож мэдрэгддэг.

Саяхан Монголоос ирсэн нилээд нэртэй сэтгүүлч энэ тухайд "Гадаадад байгаа монголчууд нэг л их эх орон, уул уурхай, улстөр ярьсан хүмүүс.  Газар нутгийг ухдаг нь ухаад, авдаг нь аваад явна л биз. Тэгж байж л улс орон хөгждөг юм. Та нар түүний төлөө юундаа шаналдаг юм бэ? Үгүй бол өөрсдөө очоод ухаж ашигла л даа" гэж эгдүүцлээ илэрхийлэв. Мэдээж хүн болгон янз бүрийн мэдээлэл, янз бүрийн санаа бодолтой байж, түүнийгээ янз бүрээр илэрхийлж байгаа боловч, монгол хүн бүр Монгол орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож байгаа нь хамгийн сайхан үзэгдэл. Магадгүй бусад үндэстнүүдээс илүүтэйгээр "эх оронч", "улстөржсөн сэтгэлгээ" тэй нь монголчууд байх. Цөөхүүлээ болохоор, бас буцаад очих эх оронтой болохоор, монгол хүний мөн чанар нь гүйгүүл морь шиг төрж өссөн нутгаа санаж, тэмцдэг болохоор, энэ сэдвээр маргаж мэтгэлцдэг байх. Ямагт сэтгэл дотроо шаналж, зовинодог байх.

                                            Эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэггүй монголчууд бид

Ардчилал монголчууд бидэнд маш олон эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний эдлэх эрхийг, заавал биелүүлэх ёстой үүрэг хариуцлага дагалдаж байдаг. Жингийн тавган дээрх тэнцвэр шиг аль нэг нь хэм хэмжээгээ алдах дор гажуудалд ордог. Тэр хэрээрээ хүний дотоод сэтгэлийн тэнцвэрийг ч алдагдуулж, бухимдлыг үүсгэнэ.  Энэ жишээтэйгээ монголчууд бид өдөр тутам учирч байгаа ч анзаарахыг хүсдэггүй. Аажим аажмаар энэ үзэгдэлдээ нүд болон сэтгэл дасах дор бид буруугаа өөрсдөөсөө биш бусдаас хайж эхэлдэг.  "Төр бидний төлөө юу ч хийхгүй байна", "Олигтой удирдагч төрөхгүй байна", "Шударга, сайхан сэтгэлтэй байгаад ч нэмэр алга", "Нам нэрээр бөөн луйварчид нэгдээд улс орныг минь сүйрүүлж байна", "Газар нутгаа гадныханд зарж худалдаад, олсон мөнгөөрөө биднийг харж үзсэнгүй", "Амьдрал ийм хэцүү байхад тарааж байгаа бэлэн мөнгөө нэмэхэд яадаг байнаа", "За адилдаа адил, годилдоо годил, хэн ч төр барьсан ялгаа алга". Бидний сэтгэл дотор эргэлдэж байгаа элдэв бухимдлын буруутан нь бид өөрсдөө гэдгээ харин хүлээн зөвшөөрдөггүй. Гол учир нь бид эрхээ маш сайн эдэлдэг хэрнээ, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж сураагүйд байгаа юм даа.

-Гартаа барьж байгаа хогоо гудамжинд хаях, эсвэл машиныхаа цонхоор хээр талд чулуудаж орхих нь  хүний эрх. Харин гудамж талбайд байршуулсан хогийн саванд хаягдал хогоо хийх, хогийн сав байхгүй байхад гялгар уутанд хийж авч яваад аль тааралдсан хогийн саванд хийх нь бидний үүрэг. Хаа газар хогоо хаясан хүнийг "Та наад хогоо аваач" гэж хэлэх нь бидний үүрэг, хариуд нь хэдэрлээд доромжлоод байвал, цагдаа дуудаад хариуцлага хүлээлгэх нь бидний үүрэг хариуцлага. Гудамж талбай болгондоо хогийн сав байрлуулж, хүмүүсийг хогоо хийх боломжийг нь олгох, тусгай үйлчлэгч гарган гудамж талбайг цэвэрлүүлэн тэдний хөдөлмөрийн үнэлэх нь Төрийн үүрэг, хариуцлага.

-Хүмүүс  чөлөөт цагаараа  баар ресторонд хооллож, согтууруулах ундаа уух нь хувь хүний эрх. Харин согтож шогтоод орилж хашгирахгүй байх нь, хэн нэгэнд баярхаж хашгичаад, аль нэгэн бүсгүйд хамтдаа буудалд орж цэнгэхийг санал болгохгүй байх нь,  шаардлага тавьсан нэгэнд "чи муу юу юм бэ? миний ард том хүн байгаа, чамайг яаж ч чадна шүү" гэж сүрдүүлэн дарамтлуулахгүй байх нь бидний үүрэг. Баар ресторан, зочид буудлууд, амралтын газар зэрэг нь олон нийтийн үйлчилгээний газрууд учраас тэнд тухалж байгаа хүмүүсийн амар тайван, аюулгүй байдал болон тохь тухыг хагнах нь  Төрийн үүрэг хариуцлага. Хэн нэгэн эрх мэдэлтэн хувийн үйлчилгээний обьектоо хууль зөрчин ажиллуулах нь шударга ёс огт биш.

-Хүмүүс өөрийн эзэмшсэн мэргэжил болон чадвараараа хийх гэж хүссэн ажлаа сонгох нь хувь хүмүүсийн эрх. Тухайн сонгосон газартаа дүрэм журмынх нь дагуу мэдлэг чадвараа шалгуулаад, сайн ажиллах нь бидний үүрэг. Харин шалгалтдаа тэнцээгүй болохоороо танил хүнээ хайж давхиад, учирлаж гуйгаад гарт нь хахуулийн мөнгө атгуулж асуудлаа шийдүүлэх нь шударга ёс огт биш. Хэн нэгэн төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаад "цалингаасаа гадуур олох орлого болох авилгал"-ыг авч, өгөлцөх үйлдэл гаргуулахгүй байх нь бидний үүрэг. Төрийн албан хаагчид нь үнэнч шударгаар ажиллаж, авилгал, хахуул авах боломжийг гаргуулахгүй байх, ийм тохиолдлуудад маш хатуу хуулийн цээрлэл хүлээлгэн, олон нийтэд мэдээлж байх нь Төрийн үүрэг хариуцлага.
-Амралт чөлөөт цагаараа эх орныхоо байгалын үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, сэтгэлийн цэнгэлийг  эдлэх нь хувь хүний эрх.  Харин тэр газартаа хог хаягдал цацахгүй байх, дуртай газраа "хүндэрч" , ууж согтсон бөөлжсөө газраар "нялж", мод мөчрийг хугалж гал түлэн, машинаа цэнгэг уст голд угааж бохирдуулахгүй байх нь бидний үүрэг.  Аялж тухалсан газар болгоноо орхиж одохоосоо өмнө, монгол заншлаараа бууриа цэвэрлэж,  хог хаягдлаа шатааж, үнс нурам үлдээхгүй хянаж байх нь бидний үүрэг. Аялж зугаалж болох газруудаа хуулиар тогтоож, хүмүүсийн тав туханд таацуулан тохижуулж, элдэв бохирдол болон осол гэмтлээс сэргийлэн хянаж байх нь Төрийн үүрэг хариуцлага.  Энэ талаар хууль эрх зүйг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, буруутай хүмүүст хариуцлага тооцож  байх нь бас Төрийн үүрэг.
-Хүмүүс өөр өөрсдийн орон сууцтай болж, түүнийгээ тохижуулж, ая тухтай амьдрах нь хувь хүний эрх. Та өөрийн өмч болох орон гэртээ яаж байх нь таны дурын асуудал мөн боловч, хогоо гаргаж хогийн саванд хийхээс залхууран цонхоороо сэмхэн чулуудахгүй байх нь, халамцуу согтуу ирчихээд эхнэртээ "арслан бар"ын авир гарган айлгаж дарамтлан, уйлуулж орилуулахгүй байх нь, хүмүүсийн унтаж амарсан цагаар найз нөхдөө гэртээ урьж авчран наргиж цэнгэхдээ хөгжмөө чанга чангаар орилууулж, хөөрч баярхсан яриагаа бусдад сонсогдохоор чангаар орилохгүй байх нь таны үүрэг. Хүмүүсийн амьдрах байр орчиндоо хэрхэн бусдыгаа хүндэлж, бусдын тав тухыг алдагдуулахгүй байх талаар Төр өөрийн гэсэн үүрэгтэй. Амьдрах байшингийн гадна орчин нь ямар байх, хотын өнгө үзэмжинд хэрхэн зохилдох, хүмүүс тав тухтай, айдас түгшүүргүй амьдрах боломжийг Төр хариуцах үүрэгтэй.

-Хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо солилцох эрхтэй.  Харин өөрийнх нь үзэл бодлыг дэмжээгүйн төлөө хэл амаар доромжлон хашгирч, сагсагнасан авир, самуурсан бухимдалдаа бусдын "нармайг нь нээх"-гүй байх, сүрдүүлэн заналхийлэхгүй байх нь бидний үүрэг. Үзэл бодол, санал санаачлагын зөрөлдөөнтэй байсан ч хувь хүнийх нь хувьд бие биенээ хүндэлж, боловсон сайнаар харилцах нь бидний үүрэг. Олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангаж, аливаа зөрөлдөөнтэй үзэл бодлын төлөө хүмүүсийг хооронд нь дайсагнуулахгүйгээр эв зүйг хичээлгэж байх нь Төрийн үүрэг. Үзэл бодлын зөрөлдөөнөөс болж бие биенээ хохироосон, гомдоосон, айлган сүрдүүлсэн үйлдэл болгоны төлөө  буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж байх нь Төрийн үүрэг, хариуцлага.
-Төрийн эрх барих үнэнч шударга, ажил хэрэгч, эрдэм мэдлэгтэй хүмүүсийг сонгох, өөрөө сонгогдох нь бидний эрх.  Харин сонгуульд өрсөлдөхдөө бусдын саналыг худалдаж авахын тулд мөнгө тараалгахгүй байх, худал хуурмаг амлалт өгүүлэхгүй байх, олны анхаарлыг татахын тулд хуурмаг мэдээлэл тараалгахгүй байх, өгсөн мөнгөнд нь, хуурамч амлалтад нь  автан зусардаж гүйчихээд хожим нь муу муухайг нь дуудан харааж зүхэхгүй байх нь бидний үүрэг. Сонгосон эрхэм минь амлалтаа хэрхэн биелүүлж байгааг, үүргээ хэрхэн ухамсарлаж байгааг, Монгол орны хөгжлийн төлөө сайн үйл хэрхэн бүтээж байгааг хянаж, санаа бодлоо илэрхийлэх нь бидний үүрэг. Сонгуулийг шударга явуулж, сонгогдогчдийн амлалт болон мөрийн хөтөлбрөө биелүүлж байгаа байдалд нь хяналт тавьж, олон нийтэд мэдээлж, үүргээ биелүүлээгүй эрх мэдэлтнүүдэд  хуулийн хариуцлага тооцож байх нь  Төрийн үүрэг хариуцлага.

Энэ бүхнийг нэгтгээд харахаар хувь хүний эрх үүрэг нь Төрийн үүрэг хариуцлагатай заавал сүлэлдэж байгаа биз?.  Нэгийг нь нөгөөгөөс нь салгах аргагүй. Харин өнөөдөр монголчууд бид эрхээ эдлээд үүргээ биелүүлж чадахгүй байгаатай адил, Монголын Төр ч өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байна.  Тийм болохоор бидний хүсч хүлээсэн ардчиллын сайн үр дүн хаана байгаад бид эргэлзээд байгаа хэрэг. Бас ардчилалын сайн үр дүн болон Монгол орны хөгжилд хэн ямар үүрэг гүйцэтгэх ёстойг ойлгох гэж мунгинаад байгаа хэрэг.  Нэг ёсондоо бидний сэтгэлгээний тэнцвэр аль хэдийн алдагджээ. Тийм болохоор буруугаа бид өөрсдөөсөө биш, бусдаас хайн төөрөлдөөд байна даа.

                                                  Дүр эсгэсэн ардчилал

"Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйлалаас илүү хортой. Учир нь энэ нь нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг нь болдог". Энэ үгийг саяхан манай оронд айлчилсан Нобелийн шагналт Ан Сан Су Чи хэлжээ. Энэ хэллэг сүүлийн үед олон ч хүмүүсийн бичлэгтээ дурдах болсон ишлэл. Бодвол бидний сэтгэлдээ эргэлзэж явсан сэтгэлгээний тайллын нэгээхэн хэсгийг ч болов оновчтой илэрхийлсэн дээ юм болов уу? Би ч бас тэгж бодож байна.

-"Эх оронч" дүр

Монголын улстөрийг  бизнесийн таатай орчин гэж хардаг, бас тэгж ашигладаг болохоор хууль тогтоох үүрэгтэй УИХ-д ихэвчлэн ардаа том бизнестэй бизнесменүүд, нэр алдар хөрөнгө чинээтэй бөхчүүд сонгогддог. Тэд хэдийгээр өөрсдийгөө "эх оронч" гэж нотолдог ч үнэн хэрэгтээ өөрсдийн бизнесээ хууль бусаар өргөжүүлэн тэлж, түүнийгээ хуулийн заалтаар хамгаалахыг хүсч байна. Бизнесээ өргөжүүлэх боломж нь Гадаадын Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцэл, гадны зээл тусламжийн хуваарилалт, элдэв тендерийн шалгаруулалт. Бодит жишээ нь өдөр шөнөгүй гадагшаа урсаж байгаа Монголын ашигт малтмалын баялаг,  нөхөн сэргээлт хийгээгүйгээс сүйдэж сэглэгдсэн газар нутаг, бохирдлын улмаас тасрах дөхөж байгаа гол ус, химийн хоронд хордогдсон газар нутаг, хүн, мал. Мэдээж энэ болгонд нотолгоо олох амаргүй ч, өдөр тутам бидний нүдэнд харагдаж байгаа үзэгдэл.

-Хариуцлагын дүр

Саяхан УИХ-ын гишүүн С.Баярцогтын Швейцарийн банкинд нууц данстай байсан нь илэрч олон нийтэд шуугиан дэгдээв.  Хүн болгоны "нүд нь орой дээрээ гарч", дуу дуугаа авалцан шогширч, "цаазаар авах ч багадна" гэцгээсэн.  С.Баярцогт буруугаа хүлээж" хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэж мэдэгдсэн ч мөнөөх хариуцлага нь УИХ-ын дэд даргын албан тушаалаас буух төдийгээр хязгаарлагдав.  Би С.Баярцогтыг залуу, ирээдүйтэй улстөрчийн хувьд хүндэлдэг. Тэрээр улстөрчдөд "хариуцлага хүлээх жишиг" болгон өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзах байх гэж найдаж байсан. Өнөөдөр ил гарч мэдэгдэж байгаа нь С.Баярцогт болохоос Швейцарьт төдийгүй  гадаадын улс орнуудад нууц данстай, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхээ "мартаж" орхисон олон хүн байгаа.  Мэдээж түүнийг олж илрүүлэх нь бүр ч амаргүй. Тийм учраас тэд хариуцлага хүлээлгэсэн дүр эсгэн бие биенээ хаацайлж байна. Хэрэв олон улстөрчид хууль бусаар завшиж олсон мөнгөө ингэж нуугаагүй юм бол,өдөр шөнөгүй гадагшаа урсаж байгаа Монголын газрын доорх баялагаас орж ирсэн мөнгөнүүд хаана байна вэ? гэж тэднээс асуумаар.

-"Шударга ёс"-ны дүр

Хуулийг дагаж мөрдөх нь эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй, баян болон ядуугаас үл хамааран бүх иргэдэд адил тэгш үйлчлэх үүрэг. Сүүлийн жилүүдэд эрх мэдлээ ашиглан, хууль бусаар завшсан цөөн хүмүүс "ял" сонсов. Жирийн иргэний бусдаас хулгайлсан багахан мөнгөний төлөө авч байгаа "ял", улсаас хэдэн тэрбумаар хулгайлан завшсан эрх мэдэлтнүүдийн авч байгаа "ял" дэндүү зөрөөтэй. Эрх мэдэлтнүүд элдэв шалтгаар тусгай эмнэлгийг ч "хорих эмнэлэг" болгон  "тарвалзаж байхад, жирийн иргэд хамгийн хүнд нөхцөлд ялаа эдэлж байна. Адил тэгш байх ёстой шударга ёс хууль зөрчигчдөд ч ийм ялгавартай үйлчилж байхад, экс Ерөнхийлэгч Н.Энхбаяр хэлмэгдэгчийн дүрд "тоглож", "шударга ёс"-ны бэлэг тэмдэг болж, шорон дотроос ч "улс төр" хийж чадаж байна. Н.Энхбаяр шударга сайн хүндээ ч биш, түүний гарт олон олон улстөрчдийн хууль зөрчин завшиж баяжсан баримт нотолгоо байгаа учраас л эрх баригчид "Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй" байхыг хичээцгээж буй. Тийм учраас манай улстөрчид аман дээрээ "шударга ёс" яривч, ачир дээрээ хэзээ ч илэрч магадгүй завшлаасаа "ичиж" бус, айж эмээж байгаа. Гэхдээ хэзээ нэг цагт тэд баригдах л болно.

-Сул дорой удирдагчдын дүр

Саяхан даа, манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг  баахан дагалдагчдынхаа хамтад Бурхан Халдун ууланд төөрөв.  Хичнээн ч их нэмэлт зардал гаргаж байж олдсон Ерөнхий сайд маань "Би Монголын ард түмнээ энэ их хайрханд даатгачихаад ирлээ, одоо Монгол орон минь алзахгүй" гэх утгын мэдэгдэл хийдэг юм даа. Тээр жил Бээжингийн олимпоор монголчууд маань 2 алт, 2 мөнгөн медаль авсан баярт мөчид, Ерөнхийлэгч асан Н.Энхбаяр  "энэ жил бид 4 уулаа тахиж байж 4 медаль авлаа шүү дээ" гэж хээв нэг ярьж суусан нь санаанд оров. Хэрэв Монголын удирдагчид өөртөө итгэлтэй, чадвар ухаантай бол ингэж  явж, чингэж ярьж суух уу? Монгол орныг удирдахдаа мөнх хөх тэнгэр, сүрлэг хайрхан ууландаа "даатгаад" болдог бол заавал тэдний хэрэг байгаа юм уу? Овоохон шүтлэгтэй хэн нэгний хийж болох ажил мэт. Манай удирдагчдын ийм марзаганал, өдгөө Монгол орон даяар өдрөөс өдөрт тэлсээр байгаа "мухар сүсэг"-ийн хийрхэлд  завшаан болох мэт. Уламжлалт ёс заншил, удирдах зарчим хоёрын хооронд ихээхэн ялгаа байдаг гэдгийг тэд одоо болтол ухаарахгүй юм даа.

Дүр эсгэсэн ардчилал нь нэг талаас харахад "болоод байгаа" юм шиг хэрнээ, нөгөө талаас нь харахад  "огт болохгүй" байгаа мэт. Засч залруулья гэхээр "дүр зургууд " нь байгаад байдаг. Илжирч муудан, нурахаа дөхсөн барилгын гадна талд нь их л гоё, чамин засвар хийсэн мэт. Дотор нь орохоор чийг дааж муухай үнэртээд. Барилгаа л дахиж шинэчлэх хэрэгтэй болох байх даа.

                                                 " Хэн хөгжүүлэх вэ?" гэж үү?

Монголыг хэн хөгжүүлэх вэ?  Зарим хүмүүс Чингис хаан шиг сайн удирдагч төрөөд аугаа их дарангуйллаар Монголыг хөгжүүлж чадна гэж бодох. Нөгөө нэг хэсэг нь зөвхөн Гадаадын Хөрөнгө оруулалтаар л хөгжинө, монголчууд бид өөрсдөө хөгжиж чадахгүй гэдэг. Бүх л учирлалын гол шалтгаан нь монголчуудын бие биенээ дэмжихгүй, бие биендээ удирдагддаггүй,  ямагт бие биедээ атаархаж хорсож явдаг араншин гэж нэрлэнэ. Яагаад бид өөрсөддөө итгэж болохгүй гэж?
Монгол орныг монгол хүн болгон, та  ч, би ч хөгжүүлнэ. Өөр хэн ч хөгжүүлж чадахгүй. Улс орны хөгжил гэдэг маш бага зүйлээс л эхэлдэг. Таны болон таны үр хүүхдүүдийн, таны найз нөхдийн хөгжлөөс л эхэлнэ. Та хогоо  хогийн саванд хийж хэвшихээс, хэн нэгэнтэй тааралдаад "Сайн байна уу?" гэж мэндлэхээс, тус болсон нэгэндээ чин сэтгэлээсээ "танд баярлалаа" гэж хэлэхээс, гэр орондоо муудалцахад хэрэлдэж зодолдолгүй гарч яваад тайвширсан хойноо учирлаж ярилцахаас, хоолоо идчихээд аяга тавгаа хураахаас, ном хэвлэл байнга уншихаас, зав чөлөөтэй цагаараа театрт очиж үзвэр үзэхээс гэхчилэн олон олон эерэг сайн үйлдлүүдээс эхэлнэ.
Үргэлжлүүлээд, монголчууд бидний бахархал омогшил юунд оршиж байгааг түүхийн олон сурвалжуудыг уншиж ойлгохоос,  бид цөөхүүлээ болохоор бие биенээ хайрлан дэмжиж байх учир шалтгааныг мэдрэхээс, хүн болгон шударга байхад  худал хуурмаг болон маш хурдан арилж болохыг ухаарахаас, хэнд ч зусардалгүй үнэн үгээ хэлж чадахаас, өөрөө хэлж чадахгүй дор өрөөл бусдын илэрхийлсэн зөв санааг дэмжин нэгдэхээс, хааяадаа бие биетэйгээ уулзан ярьж суухдаа бие биенээ дэмжин урам өгөх сэтгэлээс  их өөрчлөлт шалтгаална. Цээжээ дэлдэн хоосон хашгирахаас, сэтгэлээсээ хийсэн ганц сайн үйл боловч бусдад боломжийг мэдрүүлж, хамтдаа хийж бүтээх урмыг өгдөг.

Гадаадад ажиллаж амьдарч, суралцаж, амжилт бүтээл арвинтай яваа залуустай уулзаж ярилцаж байхдаа би үүнийг анзаардаг. Бас Монголдоо байгаа хэрнээ өөрийгөө маш сайнаар хөгжүүлж, хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа залуусыг мэдрэхдээ урамшдаг. Монгол хүн болгоны сэтгэлийн чанадад нууцхан бардамнал, омогшил бадарч байдгийг бид бүү хэл харийн хүмүүс анзаарч, гайхдаг. Бас хэзээ нэгэн цагт "Монголдоо очиж нэг сайхан тарвалзаж,  монголчууддаа хэрэг болох сайн үйл бүтээнэ дээ" гэх нууцхан мөрөөдөлд нь итгэдэг. Тэгэхээр бид л Монголоо хөгжүүлж чадна. Муу зүйл олон байгаа ч, бид зөв сонголтоороо олон зүйлийг өөрчилж чадна.

Нээрээ, та өөрөө эргэцүүлэн бодоод үз дээ.  Боломжгүй зүйл алга байгаа биз дээ? Зүгээр та өөрөө ухаарч, дотоод сэтгэлдээ ямагт хичээж байхад л болно. Энэ тийм ч хэцүү биш. Мөнх хөх тэнгэрийн доор омог бардам оршиж байгаа монгол хүн болгон өөрийгөө хөгжүүлж, эв эеэ хичээж байхад л бид сайнаар хөгжинө.  
Атгаг санаагаа дотроосоo таягдан хая
Атаа хорслоо цээжнээсээ гаргаж хая
Аугаа нэгдлийн төлөө нэгнээ хайрла
Алс ирээдүйн төлөө нэгдэн нягтар
Монголын төлөөх зүрх болгонд түгээ
Магад үүнийг чамаас өөр хэн чадах
 
                                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  [email protected]