Р.Нямдорж: Би хэзээ ч А.Сүхбатад албан тушаалаа өгөхгүй
2014/10/12
Жил бүрийн наадмын дараа бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн эсэх асуудал олны анхаарлыг татдаг. Энэ жилийн хувьд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс хоёр нь сэргээш хэрэглэсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь Солонгосын допингийн шинжилгээний үндэсний төв лаборториос ирсэн хариугаар батлагдаад байгаа. Үүнийг ч үндэсний бөхийн холбоо болон Допингийн эсрэг үндэсний төвөөс няцаагаагүй юм. Харин ч хоёр хоногийн дараа сэргээш хэрэглэсэн дээрх хоёр бөхийн нэрийг олон нийтэд зарлах юм байна. Тэгэхээр ирэх лхагва гариг гэхэд дээрх хоёр бөхийн нэр тодорхой болно гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж мэдэгдлээ. Энэ жилийн хувьд аймгийн хурц арслан С.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын цолны босго алхсан. Харин улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага, улсын начин Б.Жаргалсайхан улсын гарьд цолонд хүрч, ес даван түрүүлсэн Н.Батсуурь улсын арслан цол хүртсэн билээ.
Тэгвэл эдгээр шинэ улсын цолтнуудаас хоёр нь сэргээш хэрэглэсэн болж таарах нь.
Манай улс 2001 оноос эхлэн допингийн шинжилгээг бөхчүүдээс авч эхэлсэн байдаг. Хамгийн анх Дархан аварга А.Сүхбатаас илэрч дуулиан тарьж байсан. Үүний дараа долоо, найман удаа уг байдал давтагдсан юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Б.Сугаржаргал, харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр зэрэг олон бөхөөс допинг илэрсэн байдаг.
Допингийн асуудал нь эцэстээ Монголын үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдийн хооронд маш том хэрүүл маргааныг дэгдээдэг. Допинг хэрэглэсэн бөхчүүд болон Үндэсний бөхийн холбооныхон хэвлэлээр бие, биенийхээ тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийг ч шидэлцэж байсан удаатай. Тодруулбал, А.Сүхбат аварга л гэхэд Үндэсний бөхийн холбооны эсрэг урт удаан хугацааны дайныг зарласан.
Мөн Х.Мөнхбаатар арсланг наадмын үеэр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдгийг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдэх үеэр тэрбээр “Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” гэсэн юм. Ийнхүү олон жил гомдолтой явсан арслан ийнхүү “сэргээшийн хэрэг”-ээр хамаг сэтгэлийн зовлонгоо ярьж байсан юм. Харин энэ яриаг нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдрорж үгүйсгэж, шүүхэд өгнө гэж байсан удаатай.
Тэгвэл дээрх маргаантай асуудлаар Р.Нямдорж тэргүүн саяхан дахин байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар нарыг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд мэдэгдэхийн өмнөх өдөр би өөрт нь хэлж мэдэгдсэн. Тэгэхэд “Тийм ээ. Хурдан зарлаж өгөхгүй бол хүмүүс асуугаад зүгээр суулгахгүй байна” гэж хариулж байсан. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр гэнэт гарч ирээд тэгэж хэлсэнд гайхсан. Надад 70 сая төгрөг байхгүй. Байсан ч би тийм тэнэг зүйлд мөнгөө үрэхгүй” гэв.
Мөн тэрбээр улсын цолтой 200 гаруй бөхийн найман нь л увайгүй гэдгийг анх удаагаа мэдэгдэв. Түүний нэрлээд буй увайгүй хүмүүс нь А.Сүхбат аваргаас эхлээд Х.Мөнхбаатар арслан нар бололтой. Тэрбээр дээрх увайгүй хүмүүст хэзээ ч ажлаа өгөхгүй гэдгээ ч мөн олон нийтэд дуулгалаа. Жишээ нь Дархан аварга А.Сүхбатад хэзээ ч ажлаа өгөхгүй гэнэ. Учир нь түүнд Үндэсний бөхийн холбоог аваад явах ур чадвараас гадна мэдлэг, боловсролгүй гэж тэрбээр үздэг аж. Мөн А.Сүхбат аваргыг Үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажлыг хийж байгаагүй гэж хэлэв.
Харин Дархан аварга А.Сүхбатад Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх хүсэл үргэлж байдаг. Түүнийгээ ч олон нийтээс нуудаггүй. Ямартай ч Р.Нямдорж тэргүүнд өөрийн эрхэлж буй ажлаа өөр хэн нэгэнд хүлээлгэж өгөх бодол байхгүй байгаа бололтой.
Харин бөхчүүдийн хувьд өөрийгөө сэргээш хэрэглэсэн гэж хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ба “Бэртэл гэмтэл авсан. Тэгээд яс бэхжүүлэх, биед тамир оруулах бэлдмэл хэрэглэсэн” гэх тайлбарыг хэлдэг. Гэхдээ үүнийг олимпийн хорооноос журамлаж өгсөн байдаг байна. Тухайлбал гэмтэл, бэртэлдээ эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол допингийн эсрэг үндэсний төвд бүртгүүлэхийг зааж өгсөн байдаг аж. Хэрвээ тухайн бүртгүүлсэн эмэнд нь допинг байвал хэрэглэхийг нь хориглодог байна. Харин допинг илэрвэл ямар тунгаар хэрэглэхийг тодорхой хэлж өгдөг аж. Энэ мэтчилэн допингийн эсрэг сурталчилгаа, мэдээллийг үргэлж тамирчдад хэлсээр байхад хэрэглэсэн хойноо шалтаг хэлж суугаа нь цэвэр өөрсдийнх нь буруу гэж үзэхээс өөр арга байхгүй юм.
Т.Энхэлээ