1000 төгрөгөөр та юу хийж чадах вэ? Хүүхдэдээ ганц зайрмаг авч өгч, эсвэл хамгийн хямдхан хоолтой газар ширхэг хуушуур, аяга цай авч ууж болох юм. Гэвч үүнд хүүхдийн тань сэтгэл ханахгүй, та ч цадахгүй. Харин 1000 төгрөгийг илүү утга учиртай зүйлд зарцуулбал ямар вэ?

 

Бидний амьдран буй цаг үеийн хамгийн онцгой үзэгдлийн нэг бол сошиал ертөнцийн эрчээ аван хурдалж буй хөгжил гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сайн, муу аль аль талууд байгаа ч саараасаа сайн нь илүү гэдэгтэй би хувьдаа хоёр гараа өргөн санал нийлнэ. Учир нь, нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг зүгээр хараад, эсвэл шүүмжлээд суухын оронд өөрсдөө гар бие оролцоод хийе, өөрчилье, хүн хүндээ туслая, өвчин зовлонтой, орон гэргүй, хайр халамж дутагдсан нэгэндээ итгэлийн дэм, авралын гараа сунгая гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй залуусын бүхэл бүтэн шинэ үе, давалгаа нийгэмд үүсчихлээ. Хүний амь, амьдралыг аврахын утга учрыг хүмүүст таниулж, эргээд энэ бүхнээсээ өөр хаанаас ч олж авахгүй аз жаргал, дээд зэргийн сэтгэлийн таашаал авч болдгийг харуулсан энэ хүчирхэг давалгааг санаачлагатай цөөн хэдэн залуус л эхлүүлж, бас өрнүүлж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу.

Хамгийн ойрын жишээ. Янз бүрийн хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн, хүний наймааны хохирогч болсон, ил гарч чадахгүй дотроо шаналж яваа олон хүний сэтгэлийн хүлээсийг тайлж энэхүү тэвчишгүй зүйлийн эсрэг зуу зуун залуус хамтдаа нэгдэн "Та ганцаараа биш шүү" гэдгийг ГҮЙЖ тунхаглалаа. 8 настай балчираас 80 настай буурай хүртэл бүх нийтийн оролцоотой хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасалъя” гүйлтийн арга хэмжээнд оролцож хүн бүрийн сэтгэлийг хүлж баглаж байдаг тэр гинжийг таслан, хүчирхийллийн эсрэг нэгдмэл болохоо харууллаа.

"Ice Bucket Challenge" буюу “Мөстэй усны сорилт”-ын Монголд өрнөж байгаа аяныг ус гарзадлаа гэж зэмлэх нэгэн байгаа ч хүнд өөрийн нь мэдэж, төсөөлөхгүй тэр зовлон болоод өвдөлтийг үг, хэлээр ойлгуулах гэдэг үнэхээр хэцүү. Хүн зүгээр нэг мөнгө өгөх биш тэр бүхнийг хувин усны тусламжтайгаар бага ч болов бие сэтгэлээрээ мэдэрч, чухам юуны төлөө, яагаад тусламжийн гар сунгах ёстойгоо ойлгог л дээ. Харин усны тухайд түүнийг нүднээс далд хайр гамгүй урсгадаг хүмүүсийг илүү ухааруулах ажил өрнүүлэх хэрэгтэй болов уу.

Яг одоо сошиал ертөнцөд бас нэгэн оргилсон хүсэл тэмүүлэл, зорилгоор өрнөж байгаа аян бол"Чин сэтгэлийн итгэл найдвараа алдаагүй цагт чи хэзээ ч ганцаар алхахгүй” уриатай “One direction campaign” буюу Нэг чиглэл компанит ажил юм. Монголын нийгмийн манлайлагч залуусын нэг Б.Энхжаргалдаа туслах зорилгоор мөн л залуус голдуу нэгдээд буй. Хамгийн гол нь тэд зүгээр ч нэг хандив цуглуулах ажил хийсэнгүй, залуучууд нэгдээд юу хийж чаддагаа, цаашид юу хийж чадах вэ, түүнийгээ харуулъя, дараа нь та тусал гэж байгаа нь юм.

Энэ хорвоод эцэг эхээс эрүүл эсэн мэнд төрсөн, элэг бүтэн, эрхтэн бүрэн хэрнээ дутуу гуцуу, сэтгэл гундуу амьдарч байгаадаа эцэг эхийгээ, төр засгийг, өөр хэн нэгнийг буруутган зүхэж явдаг олон хүнийг би мэднэ. Та ч бас ийм хэн нэгнийг харж, мэдэж л байгаа. Ерөөс бид болж бүтэхгүйнхээ бурууг өөрт өгөхөөсөө өөр хэн нэгэн рүү чихчихээд явж байх нь илүү амар байдаг болохоор тэр юм болов уу?

Гэтэл эсрэгээрээ бусдаас эрүүл мэндээрээ дутуу ч хийж бүтээсэн үйлс, өмнөө тавьсан зорилго тэмүүллээрээ тэнгэрт дүүлчихсэн залуус ч байх юм. Үргэлж бусдын сайн сайхны төлөө ажил амьдралаа зориулж явдаг, танд анхаарал халамж тавьж хайрладаг хамгийн ойр дотны тань хэн нэгийг өөрийн эрхгүй санагдуулам тийм л нэг бүсгүйг та бүхэнд танилцуулъя. Түүнийг Б.Энхжаргал гэдэг.

Хүнд тэгтлээ элгэмсэж ойртохгүй мөртлөө хэн нэгнийхээ сэтгэлд үргэлж халуун дулаан мэдрэмж төрүүлж, амжилтаар нь бахархаж, “мундаг шүү” гэсэн бодол тээж явдаг, ховорхон уулзахдаа инээмсэглэл дүүрэн угтдаг “хөндлөнгийн” танил хүн гэж байдаг. Тэр бол миний хувьд тийм л нэгэн юм. Анх тэр охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвд нийгмийн ажилтан, миний бие UPTOWN сэтгүүлийг эрхэлж байх үед бид анх танилцсан. Тэр үед буюу 2012 онд UPTOWN сэтгүүл ядуурлын эсрэг, эмэгтэйчүүдийн төлөө аяныг дүүрэг бүрт өрнүүлж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгээд байсан үе тул бид үйл хэрэг, зорилго, бас түүний төлөө гэсэн сэтгэл зүрхээрээ холбогдсон хэрэг. Хэнээс ч дутахгүй ажлаа мэддэг, түүндээ хамаг зүрх сэтгэлээ зориулж чаддаг, хэн хүнтэй эелдэг нийцтэй, нүдээрээ инээсэн, жаахан бор бүсгүй  тэрээр нийгмийн ажилтан хүн ийм л байх ёстой байх даа гэмээр дүрийг миний сэтгэлд тод тамгалж өгсөн нэгэн. Дуртай ажлаа хийж яваа энэ цовоо цойлгон бүсгүй гэм нь хөл муутай, нэлээд доголж явна. Тухайн үедээ сэтгэлийг нь эмзэглүүлчих вий гээд төдий л асуудаггүй байсан бол хожим түүний тухай илүү мэдэж, ямар амьдралыг туулсныг нь сонсохдоо түүгээр улам бүр бахархах сэтгэл төрсөн билээ.

Б.Энхжаргал маань 1989 онд Өвөрхангай аймагт төрсөн. Төрөлхийн мултралттай гэж оношлогдож, 7 настайдаа түнх хадуулах мэс засалд оржээ. Гэвч зөрүүлж хадсан учраас хөл нь зайлшгүй урт богино болж улмаар доголж явдаг болсноор Монголын нийгмийн халамжийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон хэрэг.“Хэдий хүүхэд байхад асуудалтай зүйлүүд олон байсан ч гэсэн миний хөгжих боломжийг хөл минь хааж чадаагүй” гэж тэр ярьсан, түүнийгээ ч нотолсоор ирсэн нь бахархмаар.

Мэс заслын шарх нь гүйцэт эдгээгүй, хөл нь их өвддөг байснаас аав ээж нь хичээлд явуулахгүй гэхэд уйлсаар байгаад үүрүүлээд л явна. Мэдээж унаа тэрэггүй айлд хүүхдээ ингэж үүрч явах нь хэцүү. Гэхдээ энэ бүхэн түүнд том асуудал байсангүй. Хүүхэд л болсон хойно бусдаас 9 см ясаар дутуу, бэрхшээлтэй гэдгээ мартчихсан гүйж явдаг байсан ч хааяа сахилгагүй хөвгүүд шоолох, дуурайж явахад л өөрийгөө хөл муутай гэдгээ санаж эмзэглэдэг, сургуулиасаа гэр хүртэл эхэр таттал уйлаад харих тохиолдол бишгүй. 6-р ангид байхад ангийн дарга нарын уулзалтаас хүүхдийн эрх, хамгааллын тухай хөөрхөн зурагтай постеруудыг харж, хэрвээ миний эрх зөрчигдвөл хэн нэгэн намайг шоолох юм бол намайг хамгаалах хүн, газар байдаг юм байна гэдгийг ойлгосон гэдэг.

Нэг л мэдэхэд сургуулиа төгсөж мэргэжлээ сонго болоход түүнд эргэлзэхзүйл байсангүй. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай, дүүрэн асуудал бэрхшээлтэй зориод ирсэн хүнд дулаахан мэдрэмж, итгэл найдварыг өгдөг мэргэжилтэн болохоор шийдсэн нь нийгмийн ажилтан хэмээх буянтай сайхан ажил буй за. Гэхдээ түүнийг оюутан болгоно гэдэг гэр бүлийн нь хувьд маш том зориг шаардсан шийдвэр байлаа. Аав нь өөд болсон, ээж нь ажилгүй, тэтгэвэрт хараахан ороогүй, ах нь оюутан, тодорхой орлогогүй айлд хоёр оюутан төгсгөнө гэдэг амаргүй даваа. Гэсэн ч ах дүү хоёр оюутан зуны амралт бүрээр ажил гололгүй хийж тэр дундаас  мөнгө арай гайгүй олдог нь зах дээр квас зардаг ажил хийнэ. Ингэн ингэн сурч байгаа тэр боломж, цаг хугацааг тултал нь ашиглах сонголт, том хариуцлага түүнд байсан нь мэдээж. Тиймээс ч нэгдүгээр курсын оюутан байхаасаа Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд сайн дурын ажилтнаар ажиллаж дэлгүүрт ороод өөрөө мөнгөө өгөөд юм худалдаж авахыг мөрөөддөг хүн байдгийг мэдэж, гуравдугаар курсын оюутан байхдаа “ГҮНЖ” төвд туслах нийгмийн ажилтнаар ажиллаж, өвөөгийнхөө бэлгийн дарамтанд байдаг тавхан настай охиныг цэцэрлэгээс нь хамгаалах байр луу хөтлөөд явж байхдаа төсөөлж байснаасаа ч илүү гүн утга учрын төлөө ажиллах ёстой гэдгийг олж харжээ. Оюутан байх хугацаандаа тасралтгүй сайн дурын нийгмийн ажилтан хийж, үнэт зүйл дээр тулгуурласан онолын мэдлэг, туршлага дээр тулгуурласан практик чадвар, нийгмийн хүрээллийг олж авч өөртөө чамлахааргүй арвин ургац хураасан, чадварлаг боловсон хүчин болж төгссөн нь бахархмаар.

Өнөөдрийг хүртэл тэрээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд Сайн дурын ажилтан, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвийн Нийгмийн ажилтан, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд гишүүн, Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөрийн оролцогч, Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн Хөөрхөн зүрхнүүдийн аяны гишүүн, Жендэрийн шударга ёсны төлөө зорьдог МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний хөтөлбөрийн ажилтан, Ардчиллыг ухаантайгаар хайрладаг ДемоКрэйзи залуусын төвд зохицуулагчаар тус тус ажиллажээ.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн үгнүүд цаанаа ямар гүн гүнзгий утга, үзэл санаа агуулдгийг та бид бүрэн төсөөлөхгүй байгаа байх. Учир нь бид заримдаа хэрэглэж байгаа энгийн үгнийхээ утга учрыг өөрсдөө ч гүнзгий мэдрээгүй байдаг. Хүн “Сайн байна уу?” гэж мэнд мэдэхэд ам дүүрэн “Сайн сайн” гэж хариулах тэр өөрөө аз жаргал. Гэхдээ аз жаргалтай амьдралын гол үндэс болох зорилго, хүсэл мөрөөдөл, нөөц боломж, чадвар чадавхи зэрэг нь “эрүүл мэнд” гэсэн хоёрхон үгний ард даанч хүчгүйдэн сөхөрдөг ажээ.

Б.Энхжаргал маань энэ жилээс эхлэн нэг километр ч хүрэхгүй газар явахад хөл, нуруугаар нь өвдөж, удаан суухад нуруу татаж, ажлын ачаалал даахаа болив. Гүрийж ажилласны маргааш орноосоо босч чадахгүй хэмжээнд биеийн байдал нь эрс муудлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандахад дунд чөмөг нарийсалттай, түнхний тогоо үүсээгүй, түнхний толгой хайлсан, нуруу S хэлбэрийн муруйлттай, суулт өгч байгаа, түнхний титан суулгах мэс засал хийлгэх шаардлагатай ч чиний биеийн байдал  энэ мэс заслыг даахгүй, зөвхөн физик эмчилгээ л хийлгэ гэжээ. Ид хийж бүтээх нас болоод зорилгоо өмнөө тавиад ажиллаж байгаа залуу хүнд жирийн ажлын ачаалал ч дааж чадахгүй болно гэдэг нь ингээд л хийж бүтээх, зорьсон бүх зүйл талаар өнгөрч байгаа юм шиг санагдаж, сэтгэлзүйн хүнд сорилт тулгарсан нь мэдээж. Зүгээр сууж яасан ч болохгүй байсан тул гадаадад эмчилгээ хийлгэх боломжийг судалж, Тайланд болон Солонгос улсад энэ төрлийн мэс заслыг хийх боломжтойг мэджээ. Солонгос улсад үнэ төлбөр хийгээд чанарын хувьд илүү гэсэн баяртай мэдээ дуулсан ч шууд мэс засалд оръё гэхэд санхүүгийн бэрхшээл хэмээх нэгэн өндөр хана босч ирсэн хэрэг.

Юу тарина, түүнийхээ үрийг хураана гэгчээр залуу хүн гэхэд үргэлж бусдын сайн сайхны төлөө ажиллаж, бие сэтгэлээ зориулж ирсэн, басхүү хүний өмнө бардам хэлэх үг, хийсэн ажилтай, сайхан сэтгэлтэй найздаа найз нөхөд нь туслахаар сэтгэл шулуудсан юм. Тэд зорьж, бас чамгүйг хийжээ. Эрвийх дэрвийхээрээ хүн бүр найзынхаа төлөө, ажил мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө, адилхан хүсэл зорилго тэмүүлэлтэй залуу хүнийхээ хувьд дор бүрнээ хөдөлгөөнд орж ГҮНЖ төв нэрийн хуудасны үдэшлэг , бялууны сургалт, Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөр IX-ын залуус мөнгөн хандив өгсөн, найзууд нь мөстэй кола зарсан, ДемоКрэйзи залуусын төв үдэшлэг зохион байгуулсан, Монголын эмэгтэйчүүдийн сан, ГҮНЖ төв, Хөөрхөн зүрхний аян сугалаанд орох дэвтэр ном хандивлан сугалаа ажиллуулсан. НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Т.Буяндэлгэр найзуудтайгаа хамтран мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан, Нэг чиглэл компанит ажил буюу фэйсбүүк челленж өрнүүлсэн, менежерүүдэд зориулсан сургалтыг Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөрийн найзууд нь хамтран зохион байгуулсан, оюутнуудад зориулсан лекцийг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Т.Буяндэлгэр тэргүүтэй залуус хамтран зохион байгуулсан, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн вэб блог хийх ажлыг НҮБ-ын ЗЗХ хариуцан ажилласан. Мөн “One direction campaign”-ийн дуудлагыг хүлээж авсан хүн бүр 24 цагийн дотор хандивын дансанд 10.000-аас дээш төгрөг хийж, дараагийн таван найзаа уриалан дуудах маягаар хандивын үйл ажиллагаа өрнөж байна. Энэ бүхний үр дүнд сар гаруйн хугацаанд нийт эмчилгээний зардал болох 45 сая төгрөгөөс тав орчим сая төгрөгийг бүрдүүлээд байна. Чамлалтгүй ээ.

Гэхдээ энэхүү сайн үйлсийн аяныг яаравчлахын тулд та бидний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Нийт орон даяар гэсэн өргөн дэлгэр хүрээнд ярихаа больё. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн идэвхтэй, боломжтой болон интернэт, телевиз, сонин гэх мэт мэдээллийн хэрэгслээс энэ мэдээллийг авч байгаа 100.000 хүн тус бүр 1000 төгрөг цуглуулахад 100.000.000 төгрөг болно. Энэ мөнгөөр Б.Энхжаргалын эмчилгээнээс гадна өөр нэгэн хүнд өвчтэй хүнд амь, амьдрал бэлэглэх боломж ч бүрдэнэ. Дээр дурдсан 1000 төгрөгний утга учир, хүч гэдэг энэ.

Тэгвэл Б.Энхжаргалын эмчилгээний зардалд шаардлагатай байгаа 45.000.000 төгрөгийг цуглуулахад

4500 хүн ×10.000 төгрөг ═ 45.000.000,

 9000 хүн × 5000 төгрөг ═ 45.000.000,

 45000 хүн 1000 төгрөг═ 45.000.000,

эсвэл нийгмийн манлайлагч есөн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус бүр 5.000.000 төгрөг хандивлахад л биднээс тийм их зардал гараагүй хэрнээ нинжин сэтгэлийнхээ ач тусаар нэг хүний амьдралыг аз жаргалтай гэрэл гэгээтэй болгож чадахаар байна. Олны хүч, оломгүй далай гэдэг шүү дээ.

Б.Энхжаргал маань доголж явж байгаагаа л засахгүй бол нуруугаа хичнээн эмчлүүлээд нэмэргүй юм. Олон жил доголж явсан болохоор нурууны муруйлт үүсч, бусад эд эрхтэндээ нөлөөлжээ. Харин өөрт шаардлагатай эмчилгээг хийлгэснээр хэвийн явж чаддаг болохын хажуугаар эрүүл мэндэд үүсээд байгаа бусад суурь өвчнүүд нь арилах юм. Тэрээр Монгол улсад түнхний мултралтай хүмүүсийн тоо хэмжээ, статистик их байдгийг судалж үзээд цаашид Нэг чиглэл компанит ажлын чиг үүрэг, зорилгыг ийм өвчтэй олон хүнд туслах зорилгод чиглүүлэн ажиллах том зорилгыг өмнөө тавиад байгаа. Үүний тулд энгүй их хүслээр жигүүрлэж, энэ амьдралд өвчин зовлон, золгүй амьдралаасаа болж сэтгэл гундуу яваа зуу зуун хүнийг өмгөөлөн энэрэх, тэдний төлөө дуугарах залуу үеийн төлөөлөл болсон Б.Энхжаргал маань өөрөө эрүүл энх, эсэн мэнд байх учиртай. Та бидний итгэл, сэтгэлийн хүчээр хөл дээрээ бат зогсож чадсан эрүүл залуу монгол хүн тэрээр өөр олон хүнд аз жаргалыг өгөх нэгэн түүчээ болох юм. Тиймээс та бүхнийг түүнийг дэмжигчдийн зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцох болон “One direction campaign”-ийн дуудлагад найз нөхдөө сайн дураар уриалах болон бусад хэлбэрээр хандив өгөх, тусалж дэмжих, хамтран ажиллахыг уриалж байна.

Нэг лаанаас хичнээн олон лаа асаасан ч тэр улам vзэсгэлэнтэй, улам хурцаар асдаг. Тийм ээ, бүгдээрээ лаа болцгооё. Бүгдээрээ хамтдаа Монголын ирээдүйн нийгмийн шилдэг манлайлагч, ихийг хийж бүтээх хүсэл зорилгоор итгэл дүүрэн гийж яваа нэгэн залуу хүнийг хамтдаа асаая. Тэр гэрэл улам тод асч, өөрөөсөө цацрах гэрэл болоод илчээрээ дахиад зуу зуу, мянган мянган лааг асаана. Харин та бид үүний түүчээ, бас гэрч юм.

 

 

                                                                                                                     Ц.Бадмаараг

Тиймээ, би ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн үгнүүд өөрийн жинхэнэ утгаа илэрхийлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсдэг ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТЭМЦЭГЧ!

Б.Энхжаргал

Фэйсбүүк хаяг ( Eegii Eenjaa )

Хандивын данс: Хаан банк - 5027676028, Б.Энхжаргал