-Зорилтод бүлгийн өрхөд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэлээ-

ХАХНХЯ-наас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн ажлын хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар /НХҮЕГ/ зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар өрхийн амьжиргааг нь дээшлүүлж ядуурлыг бууруулах ажлыг шат дарааллан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачилан “Аз жаргалтай гэр бүл” төслийг амжилттай хэрэгжүүлж зорилтод бүлэг болох бүтэн өнчин дөрвөн хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн.  Харин төслийн үргэлжлэл болох “Аз жаргалтай гэр бүл-2”-ийг НХҮЕГ-тай хамтран хэрэгжүүлж Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Цэрэндулам овогтой Ууганбаярт иж бүрэн тавилгатай шинэ гэр бэлэглэлээ.

Гэр гардуулах үйл ажиллагаанд НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, ИТХ-ын төлөөлөгч Э.Ганболор Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Т.Мөнх-Очир, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн нар болон Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөл оролцов. Иргэн Ц.Ууганбаяр нь хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй тул 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн НХҮХ-т хүсэлт гаргасан байна.

Төсөлд хамрагдсан өрхийн гишүүдийг өөрийн гэсэн иж бүрэн гэр, бичиг баримттай болгон сургуулийн насны 2 хүүхдийг нь дүүргийн 13 дугаар сургуульд хамруулж сургуулиа төгссөн нэг хүүхдийг нь Үйлдвэр технологийн дээд сургуульд суралцуулж сургалтын төлбөрийг төрийн санд хандан төлүүлэх зэрэг тулгамдаад байгаа асуудлыг нь шийдэж өгчээ.

 

Х.Даваа