“Эх орондоо улс төр хийх гэж биш агаар салхинд гарч, эмчлүүлэх зорилготой ирсэн” хэмээн мэдэгдэж байсан МАХН- ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригт АН- ын дарга Н.Алтанхуягтай 2020 он хүртэл хамтран ажиллахаа зарлаж, цаашид өрнөх улс төрийн халуун үйл явдлын суурийг тавилаа.

Ерөнхий сайд Засгийн газартаа бүт цийн өөрчлөлт хийж, шинэ сайд нарын суудлын төлөө АН-ын фракциуд хоорондоо дайтаж байхад Н.Энхбаярт Монголын улс төр сонин биш байна гэдэг даанч итгэмээргүй хэрэг. “Би улс төр хийх гэж ирээгүй” гэдэг Н.Энхбаярын үг худлаа гэдгийг МАХН, АН- ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ бэлхнээ нотлоод өглөө. Харин бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй фракциудын зодооныг зохицуулах гэж хамаг хүчээ барж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ үзэглэх гэж юунд тэгтлээ яарав гэдэг нь сонирхол татаж байна. Мэдээж, арьсаа хамгаалах зорилго цаана нь нуугдаж байгаа нь лавтай. Учир нь өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдыг огцруулах төслийг нэр бүхий 28 гишүүн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. 

Энэ төслийг МАН-ынхнаас гадна “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн сөрөг хүчнийхэн ч биш эрх баригчид дотроосоо Ерөнхий сайдыг унагахаар сэтгэл шулуудаж, энэ тухайгаа ил, далд ярьж эхэлсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ийн сандрахад хүргэв үү. Юутай ч МАХН, АН урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь цоо шинэ зүйл биш. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АН-ыг мөнхийн эрх баригч болгож, Н.Энхбаярыг НҮБ- ын даргын албан тушаалд дэвшүүлэх заалт бүхий түншлэлийн гэрээ олон нийтэд ил болж бөөн шуугиан дэгдээж байв. МАХН-ынхан өмнөх гэрээндээ хамтрагч МҮАН-ыг гээж орхисон нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дунд зөрчил үүсэхэд хүргэж байлаа. Тэгвэл энэ удаа ч МАХН- ынхан МҮАН-ын нөхдөө бараг мартчихсан бололтой. Учир нь уг гэрээг “АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ” гэсэн гарчигтайгаар үзэглэжээ. Дотор нь ганц, нэг заалтад “Шударга ёс” эвслийн бүлэг гэсэн үг, өгүүлбэр орсныг эс тооцвол бүхэлдээ МАХН-тай байгуулсан гэрээ аж. Уг нь 2012 оны сонгуулийн өмнө МАХН- ынхан МҮАН-тай есөн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, эв нэгдлийн сум багцалж байсан. Гэвч гэрээ, хэлэлцээр байгуулах болгондоо эв нэгдлийн сум багцалж, улс төрд дөрөө харшуулсан МҮАН-ын нөхдөө алагчлаад байгаа нь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн түнжин хагарахын цондон гэлтэй.

 Товчхондоо эрх баригчид МАХН-тай хамтран ажиллахаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан нь улс төрийн тавцанд барьц алдаж байгаагаа чимээгүйхэн хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй хэрэг болов. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярын гэрт хүчний байгууллагынхан дайран орж, хөлийг нь гозолзуулан байж, ачаад явсан нь хуучны үйл явдал биш. “Бор оймс”-ны тухай хэрэг явдал АН- ынхныг авлигатай тэмцэж буй мэт харагдуулж, ард түмэн ч тэднийг УИХ-д олон болгосон. Тэгвэл эрх баригчид авлигын хэргээр ял сонссон Н.Энхбаяртай төр засаг, хуулийн байгууллага, шүүх засаглалыг сайжруулах сүржин заалттай гэрээнд ийнхүү гарын үсэг зурснаараа өмнө нь олсон сайн нэрээ салхинд хийсгэснээс өөрцгүй зүйл боллоо. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд хачирхалтай заалтууд цөөнгүй байна. Тодруулбал, АН, МАХН-ын гишүүд сайд нарыг ажил хэрэгчээр шүүмжилнэ. Тэр дундаа сайд нарыг огцруулах, өөрчлөх саналыг тухайн сайдын суудлын квоттой нам гаргаж, тавьж болно хэмээн заажээ. Хэрвээ хоёр нам сонгуульд эвсэл болж оролцоогүй тохиолдолд нэр дэвшигчид нь нэгнийхээ саналыг хуваахгүй байх хэрэгтэйг тусгасан байна. Түүнээс гадна Улс төрийн намуудын тухай хуульд УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс олгодог байхыг хамтдаа дэмжих, намуудын байрыг төрөөс тухайн намын УИХ-ын сонгуульд авсан суудалтай нь хувь тэнцүүлэн олгодог байхыг дэмжиж ажиллахаар энэхүү гэрээнд заажээ. 

Мэдээж, эх орныхоо төлөө хамтран зүтгэж, ил тод нээлттэй засаглалыг төлөвшүүлэх, бүх шатны хүнд суртлыг арилгаж, хээл хахуулыг хязгаарлах гэхмэтчилэн сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг сайхан заалтууд оруулахаа ч мартсангүй. Үнэндээ авлигын хэрэгт холбогдсон хүнтэй шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулахаар эрх баригчид гар бариад зогсч байгаа нь ёс зүйн хувьд хэр тохиромжтой вэ. Энэ бол иргэдийн олонхийн саналыг авсан АН-ынхан эрх баригч хүчин байж чадахгүй байгаагийн илрэл. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 10 суудалтай. Тэдний олонхи нь намын жагсаалтаар төрийн түшээ болсон. УИХ-ын гишүүн Д.Батцогтоос эхлээд “Шударга ёс” нэртэй шударга бус эвслээс гарч “Шонхор” фракцийг сонгож байгаагаа мэдэгдсэн. Дээр нь МАХН-ынхан дотроо түнжин хагарч, дэд дарга Д.Тэрбишдагвыг намаасаа хөөхдөө тулсан гэх мэдээлэл ч чих дэлсэж байна. Үүнийг батлах гэсэн мэт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хүрэлцэн ирсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ынхан хоёр дэд даргатай байхаар болж Ц.Цолмонг сонгосон нь Д.Тэрбишдагвыг буланд шахаж байгаагийн илрэл хэмээн харах хүн ч байна. Ийнхүү дотроо учраа олж чадахгүй байгаа МАХН-тай фракцийн зөрчлөө дарж чадахгүй байгаа АН-ынхан дараагийн сонгуульд хамтарч оролцохоор боллоо. Одоо юу болохыг хүлээх л үлдэв. Юутай ч МАХН, АН-ынхан хамтрах гэрээ байгуулсан учраас Н.Энхбаяртай холбоотой эрүүгийн хэргийн ээлжит дуулиан, шуугиан хэсэгтээ намжих бололтой. Товчхондоо эрх баригчид Н.Энхбаярын өмнө сөхөрлөө. Тиймээс АН-ынхан түүнийг “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэрнээс нь цагаатгавал битгий гайхаарай. АН, МАХН-ынхан УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд хамтран оролцохоор болсонд бухимдсан нийтлэлч Баабар “Д.Арвин АН-ын гишүүн болохыг үзлээ. Н.Энхбаяр 2017 онд Ерөнхийлөгч болохыг үзээд үхье” хэмээн твиттер хуудастаа бичжээ. 
 


Ц.ОЮУНТУНГАЛАГ