Ерээд онд дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй болж, хүн бүр хар гахай чирч, наймаа арилжаа сэдэж, ашиг хонжоо хайж эхэлсэн шилжилтийн хэцүү цагт бидний зүрх сэтгэлийг чухам юу зөөллөж байв аа ?

Мэдээж дуу хөгжим гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

“Халин халин нисээд ирдэг шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо” гэж эхлэх “Зүүдэн бороо” дуунаас өгсүүлээд “Насны намар”, “Зүрхний уяа”, “Хөдөөний хүн” “Сүүн далай ээж” гээд түүний асар олон дууг баяр, найр ямар ч цагт бид дуулсаар ирсэн, одоо ч тасралтгүй уянгалж Монгол түмэн омогшсоор л байна.
Сэтгэлд хоногшсон олон сайхан дуу, хөгжмийн бүтээлүүдээрээ Монгол түмнийхээ сонорыг 30 гаруй жил мялааж яваа энэ эрхэм амьдарлын шуурганд гундуухан явна.
“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг шиг авьяасаа харамгүй өгч өгчихөөд алд биеэрээ орхигдсон Увс нутгийн хүү Бадарчийн Магсаржавд “Насны намар” нь иржээ.

Өвөрмонголд цөөн хэдэн жилээр уригдаж ажиллахдаа ах дүү олны талархал урмаар тэтгэгдэж нэлээд олон бүтээл туурвижээ. Түүний морин хуур, үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл нь бүх Хятад даяар тэргүүн байр эзлэн цахиур цахиж түүний дуу, бүтээлүүд нь Ази дорно дахинаар тархжээ.
“Монголчууд нэгнээ байхгүй болсон хойно нь магтдаг нь” дэндүү харамсмаар, халагламаар. Уг нь хүнд яг ид хийж бүтээж байх цагт нь урамшуулбал түүнээс өшөө илүү эрч хүч гарах биш үү. Тэгвэл “Чи одоо үх” гэж байгаа юм шиг хүнийг ямарч эрч хүчгүй хөгширсөн хойно нь шагнадаг муйхар жишиг Монголд тогтоод уджээ. Ингээд шагналаа аваад өнөөдөх нь бурханы оронд залардаг. Өчнөөн жил зүтгэж зүтгэчихээд өөрийнхөө гавьяаг үнэлүүлж чадалгүй “насны намар” –тайгаа золгож байгаа энэ хүнийг Монгол төр түмэн хэзээ харж үзэх юм бол доо.

Чадвар чадал, борог зүрх, чин сэтгэлээрээ явсан нь юмны ард үлдэж хоцордог. Арга заль, зусар бялдууч, бэл бэнчинтэй нь шагнуулдаг “бичигдээгүй хууль”–ийн төгсгөл хэзээ вэ?

30 гаруй жилийн турш Монголчууд бидний зүрх сэтгэлийг аялгуу дуугаараа зөөллөснийхөө төлөө ингэж шийтгэгдэх ёстой юм гэж үү?
Тэр урмаар дутаж ганцаардаж явахдаа аяга тагш бор сархадыг балгасан байж болно. Гэхдээ тэр таны, хэний ч халааснаас авч уугаагүй. Эрхэм уншигч та харин түүний аялгуу дууг хэдэн удаа сонсож дуулсанаа бодож нэг үзээч.
Өмссөн зүүсэн, унасан эдэлснийг биш хүний ундарсан сэтгэлийг дээдэлдэг билэгт Монголчууд аа. Ядарсан нэгнээ чирээд явдаг Монгол жудаг, уужим саруул ухаан хаачив аа?
“Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэж үг бий. Харин “Аялгуу дууны хариу насан туршид нь” баймаарсан даа.

10245308_968531596495746_1366936539340192086_n


Хүнээс сайныг нь олж харахаасаа илүү саарыг нь шагайж явдаг, чичилж бараантуулдаг байдал Монголоос маань хэзээ арилах вэ? Үүний тод жишээ, золиос нь яруу сэтгэгч Р.Чойном, дууны шүлгийн хаан хэмээгддэг Л.Дагвадорж, алдарт дуучин П.Адарсүрэн гээд нэрлэвэл тоо томшгүй олон хүний нэр жагсана. Энэ мэт билэг танхай хүмүүс тухайн байгаа цагтаа Монголчууд бидэнд чухам юуг бэлэглэвээ гэдгийг олж харахгүй явсаар авьяаслаг тэднийхээ урмыг нь хугалж буцаасаар байх уу?

Дуучин Самандын Жавхлан: “Ээжийн чанасан цай″-г маань зохиосон энэ ахмад хүний дэргэд би гавьяат гэж дуудуулаад явахаасаа ичиж байна” гээд, түүнийг хэзээ нэг өдөр төр, түмэндээ үнэлэгдээсэй хэмээн билэгшээж өөрийн тэмдгээ түүнд зүүж өгсөн. Түүний энэ ерөөл билэгдэл биеллээ олоосой.

Нөгөө эв нэгдэлтэйгээрээ гайхагддаг Увсчууд хаачив. Нутгийн зөвлөл бүр бөх морь түрүүлэхэд л байр унаа бэлэглээд л гүйлдэцгээдэг шигээ өөрийн авъяасаа харамгүй өгчихөөд, дундуурхан яваа бурхан шиг хүмүүсээ бүү мартаасай.
Заавал овсгоо самбаатай байж, өөрөө хөөцөлдөж мөргөж сөгдөн байж энэ шагнал хэмээгчийг авах ёстой юм гэж үү! Хүнээс урам зоригийг надад өгөөч, тэгээч гэж гуйж авах ёстой юм гэж үү?
Харин эсэргээрээ Ерөнхийлөгч нь авъяастанууддаа мөргөөд Монголынхоо төлөө бүхнээ зориулаарай гэвэл “Аав″ хүний чанар ухаан харагдах байлтай. Их Чингис хаан үргэлж дэргэдээ зөв шулуун мэдрэмжтэй хүмүүсийн хүчийг цуглуулан дэлхийг хураасан шашдир түүхтэй. Гэтэл өнөөгийн бидний “Аав″ болох ерөнхийлөгч маань налаад ирсэн зусарчидыг шагнаад байгаагаараа өөрийхөө эргэн тойрондоо дандаа худлыг бий болгоод байна гэсэн үг юм. Ерөнхийлөгч өөрийнх нь нүдийг хааж ялаа шиг шаван бүсэлчихээд байгаа ширэн нүүртэй зулгуйдагчидын бүслэлтийг сэтлэн өргөн олонруугаа ойртвол өөрт нь л хэрэгтэй баймаар.
Энэ бүхний эцэст Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав маань биднээс хоол гуйсангүй ээ Харин төр түмнийхээ итгэл урамаар л дутаад байна даа.

Үргэлжлэл бий…