Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2014/10/24
Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж, ноос, ноолуур болон арьс ширний үйлдвэрлэгчдэд техник, технологио шинэчилж эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулан зээл олгож, үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангахын тулд үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд урамшуулал олгож байгаа юм.
Энэ бодлогын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал болгосноор Завхан аймагт хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах хүсэлт гаргасан "Шинэ Азиа групп" ХХК-д үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олголоо.
Тус төсөл мал аж ахуйн гаралтай түүхий эдийг стандартын дагуу чанартай боловсруулах, түүхий эдийн арилжааны урсгалыг зөв зохицуулах, нэмүү өртөг шингэсэн экспортын зориулалттай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экологийн буюу иж бүрэн цэвэрлэх байгууламжтай үйлдвэрлэл, технологийн паркийг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт баригдах 100 мВт-ын цахилгаан станцыг түшиглэн байгуулна.
Завхан аймаг бол баруун бүсийн 5 аймгаас түүхий эдээ бэлтгэх боломжит байршилтай, түүний эргэн тойрны бүс нутагт 2013 оны байдлаар 22,4 сая толгой мал байгаа нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц хангалттай гэж үзэж байна.
Үйлдвэрлэл, технологийн паркийн бүсэд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
1. Арьс шир боловсруулах үйлдвэр
2. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
3. Ноос боловсруулах үйлдвэр
4. Мах боловсруулах үйлдвэр
5. Сүү боловсруулах үйлдвэр
6. Жимс боловсруулах үйлдвэр
Бэр цэцгийг Үндэсний бахархалт цэцгээр зарлалаа
Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх" тухай тусгасны дагуу 2012 онд шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу", 2013 онд Бурхан Халдун хайрхныг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан.
Энэ жил Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, вансэмбэрүү, алтангагнуур, цагаан цээнэ, говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ. Санал асуулгад ургамал судлаачид, багш, оюутнууд, эрдэмтэн докторууд болон цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур опеаротор, жуулчид зэрэг 1000 гаруй хүн хамрагдсан байна. Тэд Монголын бэр цэцэг эх орны бүх нутгаар тархсан, зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, таримлаар ургуулахад арчилгаа бага шаарддаг, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхитай гэж үзсэн байна.
Иймд бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа. Одоогийн байдлаар үндэсний бахархалт цэцэгтэй 153 орон дунд бэр цэцгийг үндэсний цэцгээр нэрлэсэн улс байхгүй байгаа юм.
Монголчууд эртнээс бэр цэцгийг дайн дажингүй амар амгалан байхын бэлгэ тэмдэг болгон "Тахилын цэцэг" хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Баавар цэцэг, тосон цэцэг гэж өөрөөр бас нэрлэгддэг энэ цэцгээр эмээлийн бааврыг нэрлэсэн түүх Монгол домогт бий. Цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй энэ цэцгийн гадаад төрх монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн баавартай адил байдаг нь санамсаргүй явдал биш юм.
"Үндэсний бахархалт цэцэг"-ийг сонгосноор "Цэцгийн баяр" аялал жуулчлалын арга хэмжээ, цэцэг ажиглах аялал, цэцгийн үрсэлгээ, худалдааны цэцэггэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэнэ.
Бэр цэцгийн танилцуулгыг дараах холбоосоос үзнэ үү.
http://share.zone.mn/download.htm?id=46hipskb2vghr63g5e98smiqp2
"Байгаль хамгаалах олон улсын холбоо"-нд Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ
ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар1948 ондбайгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм. Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-ын агентлаг, улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар энэ холбоонд 160 орны 1200 гаруй байгууллага нэгджээ.
Манай улс тус холбоонд элссэнээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах, бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөмж авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр тогтмол үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгаль орчны асуудлаарх 21-р зууны мэдээллийн хамгийн цогц, хамгийн дэвшилтэт системд манай улс нэгдэж байгаа хэрэг юм.
Нийгмийн даатгалын байгууллага болон байцаагчийн дүрмийг шинэчиллээ
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед нийгмийн салбарт хийсэн томоохон шинэчлэлийн нэг бол тэтгэврийг улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог өөрчилсөн явдал. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулиудыг шинээр батлан 1995 оноос хэрэгжүүлснээр иргэдийн нийгмийн баталгааг хангах үүргийг төр дангаараа хариуцахаа больж, ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх замаар хамтын хариуцлага хүлээдэг шинэ тогтолцоонд шилжсэн.
Өнгөрсөн 20-иод жилийн Нийгмийн даатгалын багц хуулиудын 140 орчим зүйл, заалтад шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдох дүрэм, журамд ч өөрчлөлт оруулж иржээ. Энэ удаад "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам" зэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шинэчлэн баталлаа.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 261 зүйлийн 3-д "Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журмыг баталлаа. Нийгмийн даатгалын байцаагч нь итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд нийгмийн даатгалын салбарт 10-аас дээш жил үр бүтээлтэй, ажиллаж байгаа, дадлага туршлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагчид мэргэшлийн зэрэг олгоно. Өнөөдөр нийгмийн даатгалын салбарт 1500 орчим ажилтан ажиллаж байгаагийн 585 нь нийгмийн даатгалын улсын байцаагч. Тэдний 50 орчим хувь нь нийгмийн даатгалын байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байна.
Уг дүрэм, журам батлагдсанаар нийгмийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг тодорхой болж, сангийн орлогын бүрдүүлэлтэд ахиц, өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа
Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй улс, иргэд, байгууллагын түүхэнд холбогдох баримт мэдээллийг цахим хэлбэрт оруулах ньашиглалт, эрэлт хайлтын ажиллагааг хөнгөн шуурхай болгохоос гаднабаримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулахад чухал нөлөөтэй.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2006 онд "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр" баталж, 2013 он хүртэл эрх зүйн орчин, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлж, төрийн архивыг компьютер, техник хэрэгслээр хангах, төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан сан байгуулах, төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхлэх, төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх зэрэг суурь ажлыг хийсэн юм.
Өнгөрсөн оноос хөтөлбөрийн 3 дахь үе шат буюу цаасан суурьт баримтыг цахимжуулж эхлээд байна. 2011-2013 онтой харьцуулахад 2014 онд цахимжуулсан хадгаламжийн нэгжийн тоо сард 51% өсчээ. Цахимжуулах ажил хэдий эрчимжсэн ч цаг хугацаа багагүй шаардагдах тул өмнө баталсан хугацааг 2015-2017 онд хэрэгжүүлж дуусгахаар сунгалаа. Энэ хугацаанд цаасан суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч нэмж ажиллуулах юм.
"Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн учраас Хууль зүйн яамнаас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүр албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээдэг. Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа явдал биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна.
Одоо мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байж, албадан эмчилгээг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан ч мэргэжлийн боловсон хүчний хангалтаар шалтгаалан энэ заалт хэрэгжих нөхцөл боломж бүрдээгүй байгаа юм. Иймд Албадан эмчлэх газрын харьяаллыг ЭМЯ-нд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Бусад орны туршлага ч ийм байдаг байна.
Манай улсад албадан эмчлэхийг хориглодоггүйтэй холбоотойгоор улсын хэмжээнд ганцхан байдаг Албадан эмчлэх газарт эмчлүүлэгсдийн тоо байнга өсч, эмнэлгийн хүчин чадлаас хэтэрсээр байна. Иймд цаашид энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг газрын тоог нэмэх,эрүүл мэндийн бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж, бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай.
Судалгаанаас үзэхэд согтуурах донтой өвчтэйн улмаас эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн 50-60% нь ямар нэгэн суурь өвчтэй ирдгээс болж эмчилгээнд хамрагдах боломжгүй, эсхүл эмчилгээг дундаас нь зогсоох болдог байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан албадан эмчилгээнд хамруулах хүмүүст насны хязгаар тавих, жирэмсэнболонгурав хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй, түүнчлэн харшлах өвчтэй хүмүүст албадан эмчлэхийг хориглосон заалтыг хуулийн төсөлд оруулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой
хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина
Монгол Улсад хүний халдашгүй эрхэнд халдах арга барил өөрчлөгдөөгүй, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил нэрээр хүний бие, эрх чөлөөнд халдаж дарамтлах эрүү шүүлтийн тодорхой хэлбэрүүд арилаагүй байгаа талаар анхааруулсан зөвлөмжүүд олон улсын байгууллагууд болон НҮБ-аас ирсээр байгаа юм.
Энэ байдлыг халахаар Засгийн газраас өмнө нь Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бол өнөөдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. Хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх бүтэц, ажиллагаа дарааллаараа эрэмбэлэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий хүмүүсийн ажлын чиг үүрэг болон байгууллагын үйл ажиллагаанд зохион байгуулалтын өөрчлөлт оруулахаар шинэчилсэн төслүүдэд тусгажээ.
Тухайлбал:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын чиг үүргийг өөрчлөн прокурор хэрэг үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллах асуудлыг бие даан шийдвэрлэхзохицуулалттусгажээ. Мөн яллагдагч, хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, цаазаар авах ялтай холбогдсон зохицуулалтыг халах өөрчлөлт оруулсан байна.
- Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд олон улсын хүний эрхийн стандартад суурилсан агуулгын томоохон өөрчлөлтүүдийг тусгаснаар энэ хуулийг хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нарийвчилсан зохицуулалтад орж, иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөх хүчин зүйл арилна.
- Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтийн үр дүнд шүүх таслах үйл ажиллагааг хэвийн, хараат бусаар явуулах, гэрч хохирогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитойгоор хамгаалах боломж бүрдэнэ гэж салбар хариуцсан яамнаас дүгнэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/7310#sthash.yEpErXo7.dpuf
Зочин · 2014/10/28