Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон С.Чинзориг өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. УИХ-ын сонгуулиар МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан гэгдээд буй тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөж чадалгүй "гудамж метр"-лэж яваа юм.
 
 
Ямартаа л арга нь барагдаж, Монгол Улсын иргэнээс хасаж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн захидлыг илгээхээр болсноо дуулгалаа. Сонгогчдын олонхийн санал авсан С.Чинзоригийн хувьд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр хандахад түүнийг оролцуулахгүй, тэр ч бүү хэл, Дээд шатны болон Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхгүй гэдэг үндэслэл гаргасан аж.
 
 
Иймээс тэрбээр шүүхэд хандаж, иргэний хэргээ хянан шийдвэрлүүлж болдоггүй нэг хүнтэй болсон шалтгаанаа учирлаж, Төрийн тэргүүнд захидал илгээхээр шийдсэн хэмээлээ. Түүнчлэн тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд ч гомдол гаргахаар шийдвэрлээд байгаа гэнэ. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараах асуултыг асууж, хариулт авсан юм.
 
 
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "С.Чинзоригийн буруутай үйлдлийг шүүхээр тогтоосон" гэж мэдэгдсэн шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Д.Эрдэнэбат даргад мэдээлэл байхгүй. Өөрийнхөө хүнийг хамгаалах гэж гүжирдээд байгаа юм. "Бүх шатны шүүхийн шийдвэр гарсан, буруугүй гэдэг нь тогтоогдоогүй" гэж. Ерөөсөө тийм юм болоогүй. Анхан шатны ганцхан захирамжаар давах эрхийг хаасан.
 
 
Иймээс гомдол аймгийн давж заалдах болон Дээд шатны шүүхээр ороогүй. Нөгөө талаас Захиргааны хэргийн шүүхэд маргаан, нэхэмжлэл очсон юм байхгүй. Тэгэхээр энэ бүгд худал мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өөрөөр хэлбэл, С.Чинзориг буруутай гэдгийг тогтоогоогүй.
 
 
Шүүх тэгш бус хандсан. Би өөрийнхөө эрх ашиг гэхээс илүү Өвөрхангай аймгийн олон мянган иргэний сонгох эрхийг баталгаажуулахын төлөө болохоос нь болохгүйн төлөө явна. Бохир мөнгөтэй хүмүүст хүчиндүүлчихлээ. Ер нь больё гээд дээшээ хараад байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.
 
 
-Уг нь Өвөрхангай аймгийн тойргийн маргаанаас үүдэлтэй танай намын гишүүд буйдантай суулт хийж, чуулганы ажлыг гацааснаар хоёр нам тохиролцоонд хүрсэн гэдэг. Тохиролцооны талаар танд хэлсэн л байх. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Намар хэрүүл хийж байгаад нэг хэсэг чимээгүй болоход "С.Чинзориг буруутайгаа хүлээн зөвшөөрч байна" гэж буруу ойлгоод байх шиг байсан. Яагаад чимээгүй болсон гэвэл намын удирдлага надад "Хоёр нам нэгэнт тохироо хийчихсэн байхад С.Чинзориг оо элдэв бусын юм яриад яах вэ" гэсэн. Гэтэл чимээгүй яваад байсан чинь манай намыг унтаа байдалд оруулж байгаад Д.Зоригтыг хүчээр тангараг өргүүллээ.
 
 
-Үүнээс болж Өвөрхангайн иргэд жагсаал, цуглаан хийхээ мэдэгдсэн. Таныг энэ бүхнийг зохион байгуулж байж магадгүй гэсэн хардлага ч зарим хүнээс цухалзаж байна лээ?
 
-Өвөрхангай аймгийн иргэд сонголтоо баталгаажуулах, тэмцэх нь тэдний эрх. Миний сонссоноор Өвөрхангай аймгийн бүх сумын төлөөлөл оролцсон жагсаал, Цуглаан зохион байгуулах юм билээ.
 
 
Цаашдаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг өөрийн төлөөлөл гэж үзэх үү, эргүүлэн татах шаардлагатай юу гэдгээр иргэд гарын үсэг зурах юм гэсэн. Үүнд би оролцоогүй гэдгийг хэлмээр байна.
 
 
-Хоёр нам тохиролцоонд хүрсэн байтал АН амлалтаасаа буцчихлаа гэж үү?
 
-Тиймээ хоёр нам хоорондоо арван-хоёрдугаар сарын 5-нд тохиролцсон. Би Ерөнхийлөгчтэй ч орж уулзаж учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Тэгээд хоёр мандатаа нэг нэгээр нь авахаар болсон. Г.Батхүүг дуудаад Н.Төмөрхүү болон миний эсрэг гаргасан өргөдлөө буцааж ав.
 
 
Тэгээд Н.Төмөрхүү суудлаасаа татгалзаад Г.Батхүүг тангараг өргүүлэхээр тохиролцсон юм. Тангараг өргөхийнх нь өмнө чи гарын үсгээ зурж өг гэхэд "УИХ-ын гишүүн болоогүй байж хамаагүй аашлах нь муухай байна.
 
 
Угаасаа хоёр намын дарга хоорондоо тохиролцсон юм чинь баттай" гэж хэлсэн. Гэтэл тангараг өргөснийхөө дараа элдэв шалтгаан тоочоод цаашаа хараад суучихсан. Ийм үйлдэл гаргаж байгаадаа өөрөөсөө ичээсэй гэж бодох юм.
 
 
-Танай нам тохиролцоонд хүрчихээд суудлаа алдчихсан нь үнэн байж. Үүнд хэн буруутай гэж. Суудлаа алдсан танай нам уу, эсвэл хэлсэндээ хүрээгүй АН уу?
 
-Анхнаасаа манай нам муу ажилласан. Засгийн эрхийг олон жил барьсан туршлагатай намын хувьд гурван суудлаа АН-ынханд алдахгүй байх боломж хангалттай байсан. Гэтэл Д.Арвинг мэдсээр байж тангаргыг нь өргүүлсэн.
 
 
Анхнаасаа намынхаа бүлгийг байгуулахгүй гэдийж сууж байгаад АН-ын үгээр хөдөлдөг тоглогч болж хувирсан. Сая ч гэсэн Д.Сумъяабазарын тангаргыг хурдан өргүүлэх гэж яарах хэрэг байгаагүй.
 
 
-Тэгэхээр энэ бүхэнд МАН буруутай гэж үү?
 
-МАН Өвөрхангай аймгийн сонголтыг баталгаажуулж чадаагүйтэй холбоотой асуудалд буруутгах юм бий. Нэгдүгээрт, УИХ-ын анхдугаар чуулганд оролцоод, бүлгээ байгуулсан бол эрх нь нээгдэх байсан.
 
 
Харамсалтай нь бүлгээ байгуулж чадаагүйгээс болоод завсарлагааны хугацаа богиноссон нь сөрөг үр дагаварыг авчирсан. Хоёрдугаарт, хэрэв хоёр нам тохиролцсон юм бол үүнийгээ хийсэн шиг хийгээд Г.Батхүүг тангараг өргүүлэхгүйгээр асуудлыг цэгцлэх ёстой байж.
 
 
-Хоёр нам тохироо хийсэн нь анхнаасаа буруу байсан гэж ойлгож болох уу?
 
-Ер нь ард түмний сонголтоор тохироо хийдэг, наймаалцдаг байж болохгүй. Үндсэндээ хүчдүүлж, бүх юмыг хуулийн гадуур хийж байгаа учраас ядаж нэг, нэг суудлаа хадгалж үлдэе гэсэн ажиллагааг нам хийсэн болов уу. Харамсалтай нь тэгж чадсангүй.
 
 
-Та сонгуулийн сурталчилгаа явуулж байхдаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан чинь үнэй үү?
 
-Сонгууль дууссаны дараагаар Өвөрхангайн тойрог дээр би нэр дэвшигчдийн 48 хувийн санал буюу дийлэнх саналыг авсан. Тиймээс миний УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох тушаал долдугаар сарын 1-нд гарсан юм.
 
 
Гэтэл маргааш нь Г.Батхүү, Д.Зоригт нар намайг насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ажиллуулсан гэж шүүхэд өгсөн. Иргэдийн зүгээс ирсэн хэргийг хянан хэлэлцэх эсэх нь долоо хоногийн дараа гардаг.
 
 
Гэтэл шүүх үнэхээр шуурхай ажиллаж маргааш нь гэхэд шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ гуравдагч этгээд буюу Н.Төмөрхүү бид хоёрын хэнийг ч байлцуулаагүй. Бас давж заалдах эрхгүй гэсэн шийдвэр ч гаргасан байна лээ.
 
 
Иймээс дараа дараагийн шатны шүүхэд хандах гэхээр давж заалдах эрхгүй гээд халгаадаггүй. Сэлэнгэ, Булган гэх тэр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцож болохгүй гэсэн тушаал ирсэн.
 
 
Тиймээс сонгуулийн багт ажиллаж байгаа хүмүүсийн дунд тэр хүүхдүүдийн нэр ч байгаагүй. Гэтэл МАН-аас уу, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын аль нэг нь сурталчилгаандаа оролцуулсан эсэх талаар ямар ч шалгалт хийгээгүй.
 
 
Түүнчлэн архи, чихэр тараасан, насанд хүрээгүй хүнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан гэх асуудлыг шүүх шийддэггүй, цагдаагийн байгууллага шалгаж, нотолж тогтоодог.
 
 
Насанд хүрээгүй хүнийг сонгуулийн ухуулах үйл ажиллагаанд албан ёсоор татан оролцуулсан, С.Чинзориг Н.Төмөрхүү нар ажиллуулсан гэсэн ямар ч баталгаа байхгүй, тогтоогоогүй байхад шүүхийн шийдвэр гаргасан.
 
 
-Та шалгаж өгөх хүсэлт гаргасан юм уу?
 
-Би үнэхээр энэ хоёр хүүхэд оролцсон уу гэдгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл үүнийг шүүхээр шийдэхгүй гэж мэдэгдсэн. Ирсэн гомдлыг нь шүүхээр яаралтай шийддэг мөртлөө баримтыг нь шалгадаггүй юм билээ.
 
 
Уг нь Өвөрхангайн иргэдийн зүгээс энд байгаа олигархуудыг түлхэж унагаах гэсэн чин сэтгэлийн сонголт байсан. Гэтэл тэд нар ширээ сандалтайгаа зууралдаад үлдэж чаддаг гэдгийг л баталлаа. Мөнгөөр бүхнийг шийдэж, шүүх засаглалыг ч худалдаад авч чаддаг л юм байна.
 
 
-Одоо та цаашид яах бодолтой байна вэ. Улс төрийн тэмцэл өрнүүлнэ гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
 
-Би ингээд Зүгээр өнгөрөхгүй. Үндсэн хуулийн Цэцэд хандана, Ерөнхийлөгчид захиа бичнэ гэж бодож байгаа. Гол нь намайг, шударга үнэнийг сонгосон Өвөрхангайн сонгогчдын итгэлийг алдаж болохгүй. Хэрэв энэ мэтээр шүүх засаглалыг мөнгөөр худалдаад авч болдог юм бол намайг Монгол Улсын иргэн байх эрхээс минь хас гэж хэлнэ.
 
 
-Хэрэв УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн бол энэ талаар олон нийтэд дэлгэх байсан уу?
 
-Би хэзээ нэгэн цагт хоёр нам тохиролцсон гэдгийг хэлэх л байсан. Учир нь би хэзээ ч ард түмэндээ худлаа хэлж байгаагүй.
 
 
Л.Нинж