Чанарын баталгаагүй жимс, хадгалах горим нь алдагдсан хүнс цэцэрлэгүүдэд нийлүүлжээ
2014/10/28
Төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг байгууллагуудыг нийслэлийн МХЕГ-аас шалгажээ.
Эдгээр цэцэрлэгийн 53 мянга гаруй хүүхдэд орон нутгийн өмчит таван байгууллага хүнс нийлүүлдэг аж. Тус байгууллагууд хол замыг туулж, олон цэцэрлэгт хүнс хүргэдэг мөртлөө цөөхөн машинтай юм байна. Энэ нь хүргэх явцад бүтээгдэхүүний чанар алдагдах эрсдэлийг үүсгэж байна гэж тус газрын мэргэжилтнүүд дүгнэсэн юм.
Тодруулбал, хүнс ханган нийлүүлэх таван байгууллага нийт 10 машинтайгаас долоо нь зориулалтын бус, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй байжээ. Мөн байгууллагууд зориулалтын бус байранд хүнсээ хадгалдаг төдийгүй хүнсний агуулах, машин зэрэг нь стандарт шаардлагыг хангаагүй аж.
“Өсвөр үе хүнс”, “Асгат” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар акталсан байранд үйл ажиллагаа явуулж буй, СХД-ийн “Хүнс хангамж төв” хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд нийлүүлж байсныг илрүүлжээ.