лифтШөнийн цагаар зөөгчийн ажил хийдэг нэгэн оюутан лифт ашигласны төлбөрөө төлдөг, гэхдээ хэзээ ч лифтэнд суудаггүй тухайгаа ярьснаас энэ сэдэв эхтэй. 

Өнгөрөгч хавар Баянгол дүүргийн 1-р хорооны 48-р байрны орцонд шөнийн цагаар гэр рүүгээ орох гэж шатаар өгсөж явсан залууг үл таних этгээд хутгалж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Шөнийн цагаар орцондоо янз бүрийн байдлаар гэмт халдлагад өртсөн хүмүүсийн тоо нэгээр тогтохгүй. Найман давхарт орох гэж өгсөж байгаад таван давхарт халдлагад өртсөн хохирогч “хэрвээ лифт ажиллаж байсан бол ийм зүйл болохгүй байсан” гэж хэлж чадахгүй нь харамсалтай.  

Шөнө оройн цагаар ажлаа тараад ирж байгаа ядарсан ажилтан, найз нөхөдтэйгээ жаахан хөгжилдөж халамцсан залуу, давтлага дугуйландаа оройтсон бага өсвөр насныхан, яаралтай тусламжийн дуудлагаар ирж байгаа түргэний эмч, амь тэмцэж байгаа өвчтөн гээд бүх оршин суугч, хүмүүст орон сууцны лифтийг шөнийн цагаар ажиллуулдаггүй шалтгааныг бодох сэхээрэл байдаггүй.  Гэтэл оршин суугчид СӨХ-ндоо лифт ашигласны төлбөрөө тогтмол төлдөг. 

Орон сууцны лифтийг оройн 22:00 цагаас хойш зогсоодог нийтлэг дүрэм журам одоо хэр Улаанбаатар хотод үйлчилж байна. Энэ зохицуулалтын угшил нь хуучин коммунист нийгмээс эхтэй байдаг. Социалист өмчийг ариг гамтай ашиглах, үзэл суртлын шинжтэй цахилгааны хэмнэлт хийх, иргэдийн хөдөлгөөний хязгаарлаж, хянах зорилгоор ийм зохицуулалт хийж ирсэн. 1990 оны ардчилал эрх чөлөөний эрин эхэлснээс хойш бараг заншил болчихсон гэмээр энэ зохицуулалт хэний ч анхааралыг татахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Лифтчин шөнийн цагаар амрах учраас лифтээ зогсоох учиртай, лифтийг шөнө зогсоохоор их эрчим хүч хэмнэдэг, шөнийн цагаар лифт гацвал янзлах хүн байхгүй, лифтний эдэлгээг удаашруулахын тулд шөнө амраадаг... Шөнийн цагаар орон сууцны лифтийг зогсоодог эдгээрээс өөр шалтгаан байж болох уу? Харин энэ ойлголт хандлагадаа дадал болчихсон иргэд үүнийгээ өөрчлөх талаар огтхон ч сэтгэхгүй яваад байдаг нь бас хөгжилтэй. 

Нэг сая давсан хүн амтай Улаанбаатар нийслэл маань дэлхийн бусад хотуудын адил шөнийн амьдралтай болсон. Зөвхөн шөнө ажилладаг ажилчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа. Хуучин социализмийн үе шигээ төрийн дууллаа сонсоод хөнжлөө давуулдаг байсан цаг өнгөрчээ. Түүнийгээ дагаад ч иргэдийн орж гарах хөдөлгөөнд цагийн хязгаарлалт гэж байхгүй болсон. 

Орчин үеийн лифт гацах магадлал 1% -д хүрсэн. Гацсан ч буцаад жирийн ажиллагаанд оруулахад хялбар. Лифтийг ажиллуулах хүн хэрэггүй. Хэдэн  мянган лифтийг холбоо дохиоллоор нэг л газарт хянаж байхад болно. Бас лифт нь ажиллаагүй үедээ цахилгаан зарцуулахгүй. Тэгэхээр шөнө цахилгаан, элэгдлийн зардал бараг гардаггүй. Гэтэл яагаад шөнийн цагаар орон сууцны лифтийг амраагаад байгааг ер ойлгохгүй юм. 

Амрааж байгаа хүмүүс нь ч ойлгохгүй, оршин суугчид ч асуухгүй.  Энэ бол ердөө л ойлголтын бяцхан хоцрогдол, коннунизмаас үлдсэн амьдралын арга барилын үлдэгдэл. Энэ хөгжилтэй заншлаасаа салвал ямар вэ? Мэдээж хэн нэгэн даргад нь зүүж холбохгүй бол хэн ч санаачлага гаргаж хийж хэрэгжүүлэхгүй. Хэнд ч ашиггүй болохоор тэр л дээ. Тийм учраас л хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ажилладаг О.Магнай даргыгаа энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэж зуурч холболоо.  

Манайд ашиглаж байгаа 1500 орчим лифтнээс 876 нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн судалгаа гарчээ. Тэднийг нэн яаралтай сольж шинэчлэх хэрэгтэй. Үүнээс гадна хэвийн ашиглагдаж байгаа орчин үеийн 624 лифтээ коммунист цагийн хуваариас нь гаргачихвал олон хүнд хэрэгцээтэй энгийн дэвшил болно. Орон сууцны лифт нь орой амардаг манайхаас өөр улс ер нь байдаг юм болов уу?
 

Т.Цагариг