Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг анх албан тушаалаа авахад нь л олон нийт “гал руу гараа дүрэх нь” гэцгээж байв. Тэр үүнээс эмээгээгүй. Харин ч сал­барынхаа шинэчлэлийн төлөө “чөтгөртэй ч нөхцөж, бурхантай ч дайсагнахад бэлэн” гэдгээ харуулсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огц­руулах үндэслэлүүдээ бэлтгэн өргөдлөө зэхчихээд бай­гаагаа хэвлэлд өгсөн ярилцлагаараа мэдэгджээ. Энэ бол Х.Тэмүүжин сай­дын хувьд шинэ зүйл биш. Үүний өм­нө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд УИХ дахь МАХН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Л.Цог тэргүүтэй таван гишүүн Х.Тэмүүжинг огцруулах шаардлагаа УИХ-д хүр­гүүлэхээр боловсруулж бай­гаагаа мэдэгдсэн юм.

Гол үндэс­лэл нь “гэмт хэргийн гаралт өссөн, хариуцсан сал­бараа удирдаж чадахгүй бай­гаа явдал” гэж тэд тайлбарласан. Гэвч үнэн хэрэгтээ “Н.Энхбаярыг шоронд хийчихээд хуулийн тухай ярих хэрэггүй” гэж үзсэн бололтой. Энэ талаар ил тодоороо Х.Тэмүүжин сайд л олон нийтэд цахим хуудаснаа тайлбарласан хэрэг л дээ. Яасан ч боловсруулж дуусдаггүй, олдож өгдөггүй огцруулах үндэслэл, огцорч өгдөггүй сайд юм бэ, бүү мэд. Уг нь ийм аргаар Х.Тэмүүжинг огцруулах нь “хам­гийн явуургүй хувилбар” гэж хэлж болох юм. Учир нь Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын албан тушаалыг аваад удаагүй байхдаа “Чөтгөр ав, бүх юм тонил цаашаа. Миний сайд байх эсэх хэнд хамаатай юм бэ. Монгол Улс авлигатай хатуу тэмцэх л чухал” гэх алдарт үгээ “жиргэсэн”. Үүний дараа М.Ганхүү генералын гэргийн захидал, экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн мессеж гээд хэдхэн сарын дотор юу эсийг үзсэн гэх вэ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэх  болсноос үүдэн Хууль зүйн сайдын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж эцэстээ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол үүсгэн хариуцагчаар татсан. Хууль зүйн сайдын уг үйлдлийг шүүх хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татсан хэвээр байна. Үүний дараа тэрбээр “Цагдаа бөхчүүдэд цалин өгсөнгүй” гээд “зодуулах” шахав.

Аргаа барсан Х.Тэмүүжин “Би хуулийн дагуу цагдаадаа цалин өгнө. Чи хуучин сайдаасаа бөх барилдсаныхаа хөлсийг ав” гэж хүртэл тайлбарласан. Хуулиараа бол цагдаа гэсэн орон тоон дээр цагдаагаар ажилладаггүй бөхийг цалинжуулах нь хориотой юм билээ л дээ. Тэд яг өнөөх ТӨХ-ны даргаар ажиллаж байгаа хэрнээ “МИАТ” компанийн Токио дахь төлөөлөгч нэрээр цалин авч байсан Д.Сугарын хэрэг шиг л зүйл хүсээд байж. Д.Сугар гэснээс түүний “МИАТ” компанийн хөрөнгөөс 48 сая иений үнэтэй байр авсан болон их хэмжээний үнийн дүнтэй бусад хохирол учруулсан тухай хэрэг мөн л түүний үед шийдэгдэж байгаа нь тохиолдлынх төдийгүй завшаантай гэж хэлж болох юм. Олон нийтийг цочроосон, улс дамнасан гэмт хэргийг илрүүлэхэд “Улс төрийн нөлөө оруулахгүй” гэж Х.Тэмүүжин сайд амласан.

Түүнчлэн саяхан олон нийтийг шимшрүүлсэн хоёр хүүхдээ заа­зуурдаж тарчлаасан, хана руу савж шидсэн аймшигт хэргээс бүр өмнө Гэмт хэргийн тухай хуу­лийн төсөлдөө “Хүүхдийн эс­рэг гэмт хэрэг” хэмээх тусгай бүлгийг хэдийнэ тусгачихаад бай­гаа. Хуулийг нь баталсны дараа хэрэгжүүлэх асуудлыг хэчнээн чанд хатуугаар ч Засгийн газрын төлөөлөлтэй тооцож болох билээ. Түүнийг хүлээлгэж буй дараагийн төсөл нь Мөнгө угаах болон тер­роризмыг санхүүжүүлэхтэй тэм­цэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах явдал юм. Энэ бол Х.Тэмүүжиний хэрэг биш Монголын нэр хүнд, эдийн засгийн харилцаатай холбоотой асуудал бөгөөд олон улсын байгууллагын өмнө тодорхой хугацаа зааж үүрэг хүлээсэн гэдгийг онцгой анхаарах учиртай. Монгол Улс “хар жагсаалт” руу орчих гээд байна гэдгийн нарийн учрыг УИХ-ын  гишүүн бүр тодорхой ухаж ойлгодоггүй юм аа гэхэд саад болохгүй байх тийм л чухал хууль юмсан.

Гэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний үг, үйлдэл бүхэн зөв гэж хэлэхгүй. Хууль зүйн цогц бодлогын хүрээнд шинээр боловсруулах, шинэчлэн найруулах 39 хуулийн төсөл оруулж ирснийг “задлан” шинжвээс өө, дутагдал бишгүй олдож буй талаар ахмад хуульчид өгүүлж байна. Дээр нь “Маршалын тухай хууль”-аараа нэлээд шүүмжлэл хүлээж байгаа билээ. “Тулгамдсан асуудал хан­галттай олон байхад цагаа олоогүй санаачилга байлаа” гэж үзэх хүн цөөнгүй. Сайд өөрөө “Шүүхийн маршалыг ямар үгээр оноож хэлэх вэ” хэмээн олон нийтээсээ санал сонсохыг хүссэн юм. Гэтэл “Тунгалаг тамир киноны Бадарч тахар биш үү” гэсэн хариулт хүртэл ирж, үүнийхээ төлөө нэлээд “ороогдоод” авсан.

Ямартай ч Засгийн газарт эвсээд буй МАХН-ынхны зүгээс Х.Тэмүүжин сайдтай хэдийнэ “дайн зарлаад” эхэлчихэж. “Хялар, долир хоёрын үлгэр” шиг үе тэнгийн хоёр залуу энэ цаг үед мөчөөрхөөд эсвэл нэгийгээ “дуэль”-д дуудаад байх нь тэднийг олон нийтэд муухай харагдуулж байна. Хувь тавилангийн шоглоомоор ч гэх үү тэд яг одоо зэрэг Хууль зүйн сайд хийх боломжгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувиар хамтран ажиллаж “хальтрихад нь түшиж, хадуурахад нь хазаар” болж явсан бол зүгээрсэн. Харин Х.Тэмүүжин, Ц.Нямдорж нарын хувьд байдал өөр байсан. Тэд шинэ хуучны, үзэл бодлын, эсрэгцлийн гээд асар олон зөрүүтэй байв. Тэгээд ч Монголын хуулийн салбарт “хаан” мэт заларсан нэгэнд УИХ-ын шинэхэн гишүүн хатуу үг хэлээд зогсохгүй аргаа барахад “Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулж чаддаггүй юм” хэмээхэд дажгүй л харагдаж байсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн л гэмт хэргийн тоо ихэсч байгаа нь Хууль зүйн сайдын буруу бодлоготой холбоотой. ШШГЕГ зэрэг дотоод байгууллагууд нь хууль зөрчиж буй нь Х.Тэмүүжин уг салбарыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл” гээд яриад сууж байна.

Аливаа хүнийг “барьцаалах”, барьц алдуулахыг хүсвэл үнэ цэн­тэй зүйлээр нь атгандаа оруулж болохсон. Гэтэл сайд болоод төд удаагүй байтлаа “чөтгөрт өгчихсөн” зүйлээр нь айлгана гэж юу байх вэ. Хэрэв Х.Тэмүүжин огцорвол зорьж төлөвлөсөн их ажлаа гүйцээж амжаагүйдээ, энэ бүхэнд зориулсан цаг хугацаандаа л харамсаж болох юм. Гэвч авлигаас монголоо аврах түүний их хүсэл харамсахын оронд бахархах сэтгэл үлдээх ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч Х.Тэмүүжин “орондоо болон онгоцонд” хууль засахын дайтай том алдаагүй. Өмнөх сайдтай л адил “түрээсийн” байранд амьдарч байгаа. Үүнийгээ лизенгээр авсан хэдий ч “Bella Vista”-г “Хөгжил хотхон”-той харьцуулах нь тэнэг хэрэг байх л даа. Гэхдээ УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын гадаадын банкин дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдахаа мартсан хэрэгт яаж хандах вэ гэдгээс эхлэн олон сорилт, хариулт нэхсэн асуултууд түүний өмнө бий. Энэ бүхэн хэрхэн хандах вэ гэдгээс шалтгаалан УИХ, олон нийт түүнд итгэх эсэхээ шийднэ. Түүнээс биш хэдэн удаа огцруулах “санал” авсан нь одоохондоо тийм ч чухал үзүүлэлт биш. Эцэст нь “Хууль зүйн сайдын албан тушаалыг Х.Тэмүүжиний сандал гэж бодоод байна уу”. Эсвэл ийм аргаар улс төр “хийх” үү гэдгийн цаана ард түмний нийтлэг эрх ашиг бий гэдгийг “улстөржигчид” бүү мартаасай.

 

У.Оргилмаа