Оюутолгой компанийн Монголын талд төлөх татвар 100 сая ам.доллараар буурсан шалтгаанаас болж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хооронд маргаан үүсээд буй. Гэхдээ өнөөдөр “но”-той асуудал болоод байгаа 130 сая ам.долларын татварыг 30 болгож бууруулснаа Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай дэлгэчихвэл хэр цэвэр хүн болохоо таниулна.

Гэвч тэрбээр үүнээс цугтаж байгаа нь асуудал. Өөрөөр хэлбэл, хаа нэг газраа “но”, тэр дундаа Т.Батмагнай дарга нууц гэх материалаа “нууцалж” буй нь өөрөө эргэлзээ төрүүлсээр л байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар өгчихсөн. Түүний хувьд дээрх албан тушаалтнуудыг “Оюутолгой компанид хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн 130 сая ам.долларын торгуулийг 30 сая ам.доллар болгож бууруулсан. Улмаар энэхүү мөнгийг нуун дарагдуулж, Оюутолгойгоос хахууль авсан байж болзошгүй” гэж үзэж байгаа юм. Гэхдээ тэрбээр татварыг 100 сая ам.доллараар бууруулсан талаар холбогдох байгууллагаас тодруулсан ч Татварын ерөнхий газар нууцын зэрэглэлтэй гэдгээр хаацайлж, тээг үүсгэчихсэн. Тэр утгаараа Т.Батмагнай нарыг Оюутолгойгоос хахууль авсан байж болзошгүй гэдгээр АТГ-аар шалгуулахаар хандаад байгаа нь энэ. 

Харин Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгт.  “Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэсэн удаатай. 

Гэтэл Татварын ерөнхий газар Оюутолгойн татварыг бууруулсан гэх материалаа дөрвөн сарын хугацаанд дарж, татварын байцаагч нарыг шийдвэрийн эсрэг гомдол гаргах эрхийг нь өгөхгүйн тулд Татварын ерөнхий газрын дүрэм, журамд өөрчлөлт оруулчихсан гэх. Өөрөөр хэлбэл, 130 сая ам.долларын татварын акт тавьсан байцаагч нарт гомдол гаргах боломж өгөхгүй тулд дүрэмдээ өөрчлөлт оруулж, түүнийгээ өдөрт нь Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай баталгаажуулсан гэдэг нь хэлэх үггүй болгож байгаа юм. 

Харин нууц гэсэн мэдээлэл дотор нь ард иргэдийг хохироосон байж болох материал бий гэдэг. Гэхдээ энэ эргэлзээг Тагнуулын ерөнхий газар тайлах нь. Учир нь С.Ганбаатар гишүүн “Нууцад орох ёсгүй юмыг нууц гэж хэлээд хулгай хийх боломжийг олгосон байна” гэдгээр Тагнуулын ерөнхий газарт асуулга тавьсан байна. Үүнийхээ хариуг удахгүй авах аж. Хэрвээ нууц биш зүйлийг нууц болгосон бол бүх мэдээллийг тэрбээр иргэд дэлгэх юм байна. Нөгөөтэйгүүр Тагнуулын ерөнхий газар хуудуутай шийдвэр гаргавал Цэцэд хандана гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлж байна билээ. 




С.НАРАН