АН-ын гаргаж буй зарим шийдвэр нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байна.  Энэ бол АН дотор хүчтэй улс төр, шантааж явж байгаагийг илрэл.  

Энэ бүхэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаасаа буухтай холбоотой.  Гэхдээ өнөөдрийн байдлаар засаглалыг яалт ч үгүй Н.Алтанхуяг тэргүүлж байна.  Харин түүнийг түлхэн унагааж, оронд суух гэсэн санаархалтай гишүүд АН-нд цөөнгүй байна.  Зарим гишүүд ч бүр улаан цагаандаа гарч Ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа сурагтай.  Тэгэхээр ямар л бол ямар таамаг гарсаар байна.  Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар албан тушаалаа солих нь гэсэн бор шувуу нисч байв. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга болж, З.Энхболд Ерөнхий сайд болно гэж ярьж байна.  Дээрх таамаглалп УИХ-ын дарга З.Энхболд тайлбар өгчээ.  Энэ талаар өдөр тутмын зарим хэвлэлд онцолсон байна.  Тэрбээр “ Намайг Ерөнхий сайд болно гэж яриад байгаа цуурхалд хариу өгөх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно” хэмээн ярьжээ.  Харин үүний цаана АН-ын 34 гишүүн Ерөнхий сайдын суудлын төлөө марафон зохиож мэдэх нь.  Дээр хэлсэнчлэн зарим нэг нь байр сууриа шууд илэрхийлсэн бол зарим нэг нь бусад гишүүдийнхээ дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа гэнэ.  Ингээд харахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг яалт ч үгүй огцрох магадлалтай болчихсон гэлтэй.  Учир нь АН-ын нэлээдгүй гишүүд түүний суудалд санаархаж байгаа нь түүнийг түлхэн унгаах хамгийн том шалтаг болж байна.  Юутай АН-ын цаг тутамд солигдож буй улс төр энэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх байх.  Харин ямар шийдвэр гарахыг харах л үлдэж байх шиг байна.  

 

Д.Анар