Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг УИХ ирэх Пүрэв гарагт нэгдсэн чуулганаараа хэлэлцэнэ.
Өнгөрсөн Бямба гарагт хуралдсан АН-ын Удирдах Ажилтны Зөвлөгөөний үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах нь буруу, тогтвортой байдал хэрэгтэй гэх  саналыг зөвлөгөөнд оролцогчдын дийлэнхи нь гаргасан юм.
Мөн өчигдөр УИХ дахь намын бүлгийн гишүүдийгээ нэгдмэл байр суурьтай байхыг хүсч, Ардчилсан намын таван туганд гарын үсгээ зурж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт гардуулсан . Уриалгын дагуу АН-ын туганд аймаг, дүүрэг, сумаас ирсэн 329 төлөөлөгч гарын үсгээ зурсан байв.


Гэсэн ч УИХ-ын гишүүн  М.Зоригт, Ж.Батзандан тэргүүтэн АН-ын даргаас огцруулах замаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгах төлөвлөгөөгөө өөрчилж, УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг мухарлахаар болсон тухай өгүүлж байна.


М.Зоригт гишүүн энэ тухай :
"Н.Алтанхуягийн Засгийн Газрыг авч үлдэхийг УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүнээс 14 нь дэмжиж байна."
 гэжээ. Үүн дээр МАН-ын 28 гишүүн, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн Л.Цог нар нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нөхцөл байдал үүсээд буй бололтой.
Гэхдээ хэрэв ийм үр дүн гарсан тохиолдолд Н.Алтанхуяг ч зүгээр суухгүй аж. Учир нь тэрээр Ерөнхий сайдаас огцорсон ч хэсэг хугацаанд намын даргаараа ажиллана. Энэ үедээ намын дүрмээ хэрэгжүүлж, өөрийг нь унагахыг дэмжсэн бүх УИХ-ын гишүүдээ намаасаа хөөх бололтой.


Үүнийг нь ч баталж, АН-ын ЕНБДарга Ц.Оюундарь өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
"АН-ын дүрэмд байгуулсан Засгийн газрынхаа эсрэг санал өгч, түүний үр дүнгээр Засгийн газар огцорсон бол намаас хөөнө гэж заасан. Одоогийн байдлаар Засгийн газар огцроогүй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоол дээр л гарын үсгээ зурсан байгаа. Энэ нь нөгөө талаас гишүүний намдаа үзүүлж байгаа  шахалт ч байж болно. УИХ-дээр асуудлыг хэлэлцэх үед аль кнопыг дарахаас л  шалтгаална. Манай намынхан 25 жил чөлөөтэй яриад сурчихсан. Гэтэл эрх баригчдын хэлж ярьж байгаа бүхэн  эмзэг тусч байна. Үүнийг манайхан мэдрэхгүй, ухамсарлахгүй байгаа тал бий. Эрх баригч хүчний хэлж байгаа бүхэн олон нийтэд соргогоор тусч, тэр нь шийдвэр болж магадгүй учраас эмзэг хүлээж авдаг. Д.Эрдэнэбат дарга дүрмээ мэдэж байгаа учир тэгэж хэлсэн байх. Үнэхээр эсрэг санал өгөөд засгаа унагаачихвал энэ нь бүх гишүүнд хамаатай. Дүрмээрээ зөрчил болно."  хэмээн өгүүлжээ.
Ийм явдал 2006 онд АН-д тохиолдож байсан бөгөөд АН-ын Ц.Элбэгдоржийн удирдсан Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, М.Сономпил нарыг АН-аас хөөж байсан билээ.

Л.Ганзориг