Н.Алтанхуягийг огцруулахаар боллоо
2014/11/04
Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын бүлгээс Монгол улсын эдийн засаг элгээрээ эвхэж байгаа тоог баримтыг хэлсэн бол АН-ын бүлгээс Монгол улс хөгжиж байгаа, цаашид хөгжих гээд байна гэдгийг мэдэгдэв.
Улмаар асуулт хариулт эхэлсэн юм. Ингээд асуулт хариултыг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АТГ-ыг энэ хуралд оролцуулмаар байна. Ц.Нямдорж надад хар ном уншуулна гэсэн. Би айж байна ш дээ. Шалгагдаж байгаа асуудлууд шийдэгдсэн эсэхийг асуумаар байна. Ерөнхий сайд н.Дэнзэнгийн хадам аав юм уу? Хадам аав нь бол гэр бүлийг нь салгах уу? Яах уу? Ийм асуудлыг шийдмээр байгаа байхгүй юу?
УИХ-ын гишүүн А.Бакей: Н.Алтанхуягийг огцруулах эсэх нь Монгол улсын асуудал. Бид энэ асуудалд хуулийн дагуу нухацтай хандах ёстой. Хамаатан садангийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад гэм буруутай үгүйг нь шийдэх ёстой. МУ-ийн Үндсэн хуулинд хүний эрх эрх чөлөөтэй холбоотой талаар тусгасан байдаг. Бусад асуудлын хувьд бид Н.Алтанхуягийг хуулийн дагуу огцруулах асуудлыг хуулийн дагуу ярилцах ёстой.
УИХ-ын гишүүн Л.Цог: МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээний талаар тайлбар авмаар байна. Гэрээ өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн байсан. 2т Оюутолгойн асуудлыг товчхон тайлбарлуулмаар байна. Цагдаагийн дарга нарыг огцом хоморголон халсан. Үүнд би их санаа зовж байна. Энэ гурван асуултад хариулт авмаар байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: АН-МАХН-ын гэрээн дээр ажлын хэсэг гарсан. Цагдаагийн даргын хувьд Монгол төрийн сайдыг янз бүрийн хэрэгт орооцолдуулсан болохоор ёс зүйгүй гэдгээр нь халсан. Ийм түүх Монголын түүхэнд давтагдахгүй байгаасай.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Энэ асуудлыг нилээн удаан ярьж, зөрчилдлөө. АН-ынхан шийдвэрээ гаргасан гэж бодсон ч үгүй юм шиг байна. Зарим гишүүдийн утсанд “Битгий ирээрэй.” гэсэн мессеж ирсэн байна. Үүнийг улс орны эрх ашгийг хойшоо тавьж байна гэж бодож байна. Олон фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх тэмцэл, амин хувийн, мөнгөн эр тулгуурласан бүлэг байгаад байгааг харж байна. 76 гишүүн нэгдээд ажиллаж байна.
Ийнхүү асуулт хариулт дууссан. Улмаар гишүүд үг хэлсэн юм. Гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудалд 4 зүйл байна. Гуя дагаж хүзүү гэдэг шиг огцруулах үндэслэлийн 4т нь Н.Алтанхуягийг ойр тойрны хүмүүсийн асуудлыг ярьж байна. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байна. МАН яагаад 1937 оны муу зангаа, Лхүмбийн хэргийг өдүүлсэн байдлаа орхиж болдоггүй юм бэ? Дэлхийн ямар ч улсад байхгүй жишиг гаргаж, сэжигтний өмгөөлөгчийг дарлаж байгаа юм. Хүний эрхээ барьж идэх гээд байна. Тэгэхээр гишүүдээ цэвэр улс төр, эдийн засгийн асуудлаа л ярилцах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Сая байнгын хорооны хурлын дараа олон хүн баярлалаа, гомдлоо гэх юм. Би үр дагаварыг нь удаан бодож байж шийдвэр гаргасан. Хүнд байсан. Асуудлын шийдлийг явж явж АН гаргана. Өнөөдөр бид нэг нэгнээ харааж зүхэж болно. Гэхдээ өнөөдөрийн Монгол улс АН, МАН-ын хамтын бүтээл. Малын бэлчээргүй, утаа манан, эдийн засгийн байдал та нарын хийсэн ажил. Бид бусдаас хамааралтай улс болсон. Та бүхэн өөрсдийгөө тольдох хэрэгтэй. Би бол Н.Алтанхуягийг Монгол улсад нөлөөтэй хүн гэж боддог. Мэдээллийн баазтай хүн. Үүн дээрээ тулгуурлаад шинэ үндсэн хуулинд анхаарч ажиллаасай гэж бодож байна. Би АН, МАН-ын хүн биш болохоор өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан шийдвэрээ гаргасан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Яагаад огцруулах асуудалд гарын үсэг зурснаа тайлбарлъя. Яваад болоод байвал зурахгүй. Болохгүй байсан болохоор зурлаа. Өр ширний асуудал. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдгийг бодох хэрэгтэй. Монгол улс “таргалахгүй” бололтой. Өр ширээ бодохоор санаа зовоод унтаж чадахгүй байна. Хоёрт энэ валютын ханш санаа зовоож байна. Валютын хадгаламжтай хүмүүст л ашигтай. Бусдад нь ашиггүй байна. Эдийн засгийн энэ бодлого чинь санаа зовоогоод байна. Юм бүхэн нааштай байна гээд хүлээвэл зармынх нь нас хүрэхгүй. Гэнэт өр дарах асуудал яригдана. Ядаж энийгээ олон талаас нь ярилцмаар байна. Тийм болохоор огцруулахыг дэмжээд байгаа юм. Тэрнээс албан тушаал горилоогүй.
УИХ-ын гишүүн А.Бакей: Бид Монгол улс гэсэн нэг л гэртэй. Бид эв нэгдэлгүй байна. Бидний хамтын гэр маань муухай харагдаж байна. Бид төрсөн гэрээ муухай харагдуулж байна. Зарим талаар бид Ардчилалын үнэт зүйлсээс ухрах алхам ихийг хийж байгаад харамсаж байна. Улс төрчдийн хэн нь хэн бэ? Гэдгийг харуулах ганц шалгуур байдаг. Тэр нь албан тушаал. Албан тушаалд очих хүртлээ ихийг хийдэг, очсон хойноо тэнгэрт байгаа юм шиг, буусны дараа хачин байдалд ордог. Тэгээд яаж албан тушаалд очих вэ гэдгийг боддог бэртэгчин зантай байдлаар мөн ч олон жилийг үдлээ. Фракцгүй ардчилсан намын төлөө л баймаар байна. Ийм байдлаар 2016-2017 онд иргэдийн итгэлийг даах уу? Цөмөөрөө хөгжлийн төлөө нэгдэцгээе гэдгийг АН-ынханд уриалж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би өрийг их гайхаад байна. Өрийг хэдэн хүн дэмжсэн гэдгийг хармаар байна. Надаас бусад нь дэмжсэн. Ямар ч төсөлгүйгээр өр авах, Ерөнхий сайдад 50 тэрбумыг өгөх нь зөв үү гэж байсан. Тэгтэл өнөөдөр ингээд муулаад сууж байна. Бид алдаанаас нь сэргийлж, алдааг нь засах хэрэгтэй. Тэгэхгүй өс авах гээд байж болохгүй. Өнөөдөр цагдаагийн даргаа амралттай байхад нь үндэслэлгүй халснаа сана. Ерөөсөө Ерөнхий сайд суудалдаа үлдэх гээд байгаа бол өөрийг чинь муухай харагдуулж байгаа сайд нараасаа сал л даа. Тиймээс дараа дараагийн удаа анхаараарай.
УИХ-ын гишүүн Л.Цог: Бид энд ярьж байгаа зүйлээ хязгаартай ярьмаар байна. Төрийн хариуцлага, ёс зүйг, ажлын хариуцлагыг нь ярих хэрэгтэй. Хүнийг мөнгө, албан тушаалаар таньж болдог. Н.Алтанхуяг хууль хүндэлдэггүй хүн байна. Өнөөдөр төрийн эрх барьж байгаа АН-МАХН гэрээ байгуулсан нь хууль зөрчиж байгаа юм. Өнөөдөр, сая байнгын хороон дээр Д.Хаянхярвааг заналхийлсэн өнгөөр шалгуулна гэж байсан. О.Баасанхүү минь хамар доорх хагархай гэдэг шиг хамаагүй ярьж болохгүй. Намайг шалгуулж болно. Намайг занаж явдаг юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хариуцлагын асуудал болохоос намын даргын асуудал гэж битгий андуураарай. Намын бүлэг огцруулах эрхгүй Харин УИХ-ын гишүүд нэгдэж огцруулах эрхтэй. Н.Алтанхуягийг огцруулах хэд хэдэн үндэслэл байгаа. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, гаргасан шийдвэр бүр нь ҮХЦ дээр унаж байгаа. Эдийн засгийн алдаатай бодлогын улмаас Монгол улс өнөөдөр мөнгөгүй болж байна. Хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая.
УИХ-ын гишүүн С.Оюун: УИХ дээр 10 гаруй жил боллоо. Бусдыг их шүүмжилдэг болж. Улс төрийн наад захын соёлоо ойлгохгүй байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хичээсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ дээр нэгнээ чичилэх болсон. Улмаар төрийн эрх баригчид болдоггүй газар шиг харагдаж байна. Үүнээс болж зарим хүн хууль бус зүйл хийх гээд байна. Н.Алтанхуяг Монгол улсад хүний эрхийн төлөө ажиллаж тэмцээд ирсэн хүн. Монголчууд нэг нэгэндээ итгэж, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй. Хангалттай нэг нэгнээ чичилж, мууллаа. Хамтрах бүтээх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улс төрийн намууд Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар зөвшилцөх хэрэгтэй байна. Улс төрийн ашиг хонжоо хайж байгаа нь улс төрчдийн нэр хүндийг унагаж байна. Өнгөрсөн 20 жилийн ололтоо баллаж байж, Монголчуудаа сөргөлдүүлж байж өнөөдрийн энэ цэг дээр ирж байна. Та бүхэн зөв харж чадвал Монголчуудад ашигтай. Хэн нэгний явцуу эрх ашгийг нь хамгаалах хэрэггүй. АН-ынханд энэ асуудлыг шуурхайлцгаая гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс төрийн хариуцлагаа хүлээхгүй бол өнөөдөр улс орны амьдрал хэцүү байна. Улс орны ачааны хүндийг АН-үүд хүлээж байдаг. Тэгтэл тэдний 50 хувь нь хаалгаа барьж байна. Сүүлийн 2 жил улсын төсөв нэг их наядаар тасарч байна. Төсвийн орлогоо бүрдүүлэхийн төлөө ард иргэдийг мөнхийн дарамтад оруулж байна. 2 жилийн ажлын үр дүнд гялайж байгаа ганц зүйл нь мал аж ахуйн салбар. Тэгтэл оруулж ирж байгаа хууль нь дандаа тэдний эсрэг байна. Тиймээс Ерөнхий сайдад хариуцлага тооцмоор байна.
УИХ-ын гишүүн Гончигдорж:мХүний эрхийг дээдлэх ёстой. Нөгөө талаас Н.Алтанхуягийг огцорууллаа гэхэд өр тэглэчих юм уу? Огцруулсны дараа яах юм? Тэрийгээ хэлээд ярилцах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сүүлийн 2жил амралтгүй ажиллаж байна. Нийгмийн хямралтай үед Н.Алтанхуягийг огцруулснаар улс орон яахыг АН-ын фракцилдаг нөхдүүд бодох хэрэгтэй. Огцруулсан тохиолдолд яахыг бодоорой
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: МАН-ынхнаас өөр үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. АН-ын дарга нь МАХН-тай гэрээ хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Нөгөө талаас ёс зүйгүй үйлдэл боллоо. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн гаргасан шаардлагыг бол дэмжиж байгаа юм. Ардчилалыг 25 жилийн өмнө бид хамтдаа бүтээсэн. Тэгтэл өнөөдөр ардчилалын үнэт зүйлсийг үгүй болгож байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихийг хийсэн. Нам гэхээсээ илүү нам олиграхиуд хуйвалддаг. Энэ нь улс орны хувь заяанд сөргөөр нөлөөлж байна. Тогтворгүй байдлыг үймүүлж байна. Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлгүй гэж бодож байна. Нэгнээ барьцаалсан улс төр хийж болохгүй. Өнөөдөр хийсэн ажил бүрэн харагдахгүй ч цаашид гарах болно.
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Ер нь цөөнхөөсөө болж огцордог засгийн газар гэж байдаггүй. МАН-ыг ямар нэг байдлаар ойлгохгүй байна. Засаг огцрох нь АН, МАХН-МҮАН, бие даагч гишүүдийн шийдэх асуудал. Бид талцаж байна. Талцал ихсэх тусам үр дагаварыг ард түмэн үүрнэ. Энд үг хэлж байгаа гишүүд хатуу ширүүн үгийг хэлэх хэрэггүй. Угтаа Засгийн газар бүр хичээж ажилладаг. Харамсалтай нь АН-ынхан засаг барих бүрт эдийн засгийн хямралтай үе таардаг. Кноп дарж байгаа гишүүд бүр хариуцлагатай байж бодох хэрэгтэй
УИХ-ын гишүүн М.Сономпил: Өнөөдөр нэр бүхий 28 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах санал оруулж ирсэн. Энэ нь Н.Алтанхуягийг огцруулах асуудал биш Засгийн газрыг огцруулах асуудал. Ер нь дэлхий нийтийн эдийн засаг таарамжгүй байна, Монголын эдийн засаг ч хүндрэлтэй байгаа. Энэ үед засаг солиод ашиггүй. Манай улсын эдийн засаг гаднаас хамааралтай болсон. Би хэдэн тоо баримт хэлье гэж бодож байна. Өнгөсөн 2 жилд 2000 км зам, 12 000 айл байртай боллоо. Эрчим хүчний хувьд ТЭЦ-4 ашиглалт орж байгаа. Энэ нь дарханы цаилгаан станцаас 4 дахин хүчтэй. Монгол улсыг гадны улсууд ч гэсэн анхаарч байгаа. Монгол улсыг тогтвортой байхыг, хамтарч ажиллахыг хөрш 2 улс зорьж, санаа зовниж байгаа. Энэ цаг үед засаг солигдсоноор эдийн засаг муудна. Засгийн газар огцруулах нь хэнд ч ашиггүй юмаа.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Хариуцлага тооцох тухай ярих нь Монголын улс төрд байсан. Хариуцлага яриад тогтворгүй байдал үүснэ гэж байхгүй. Буруу л байгаа бол хариуцлага тооцоод зөв байгаа бол дэмжээд явах хэрэгтэй. Монголын төрд хар санаагүй. Хүний бодоогүй юмаар асуудал яриад сөргөөд байх юм. Тогтворгүй байдал үүсчээд байгаа нөхцөл шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Энэ засгийн газар мордохын хазгай байсан. 2т ёс зүйн асуудал яридана. Ёс зүйн зөрчил зөндөө гарсан. Үүнийг ярих нь яагаад бурууддаг юм. Д.Хаянхярвааг сүрдүүлэх юм. Удирдлагын ёс зүйг харин ярих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:Өнөөдөр би хэлэх үгэндээ хэн нэгнийг буруутгахгүй. Уриалахгүй. Үндсэн хуульд биднийг ард түмний элч гэдэг. Гадуур биднийг 76 мангуу гэдэг. Монголын ард түмэн энэ УИХ-аас аль ч үед хүний эрх, эрх чөлөө, амьдралыг нь аятайхан аваад яваасай гэдгийг хүлээж байгаа. Үүнийг л бид хэрэгжүүлэхээр сууж байгаа хүмүүс. УИХ дахь бүх намууд үүн дээр нэгдсэн байр сууриа гаргах хэрэгтэй. 2015 оны эдийн засгийн байдал, валютын савалгаагүй, бизнесийн эрх чөлөөтэй, зүгээр байлгадаггүй хяналт шалгалт цөөрөөсэй гэж хүсдэг. 2015 онд эдийн засаг сайнгүй байна. Одоо ямар шийдэлд хүрэх юм? Бид зангидсан нударга шиг байж эдийн засгийн хямралыг давж гаргана. Алунгоо эхийн домгийг саначих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтад ирэх жил найдаж болохооргүй байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гурван зүйлд харамсалтай байна. 1д. Олон нийт хамгийн дөнгүүр гэж бодож 76-г сонгосон. Тэгтэл гэрэл гэгээ авч ирсэнгүй. Сандал ширээтэй зууралддаг. Ийм байдлаар хоёр жил боллоо. Ирэх 2 жил битгий ийм байгаасй. 2т. Ажил ярих болов уу гэхээр ах эгчээ ажилд оруулий, ахиухан мөнгөтэй тендер авий гэж байна. 3т. Сөрөг хүчнийг муулмааргүй байна. Та нарын цуулсан цав том ангал бол болж байна. Гүүр тавигдах эсэх нь эргэлзээтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн: Тогтвортой байдлыг дэмжээсэй. МАН-ын хариуцлага тооцуулъя гэдэг нь буруу зүйл биш. Тогтвортой байдлыг хадгалах эсэх нь АН-ын шийдэх асуудал. Өнөөдөр бидний эдийн засаг унах эсэх нь 2 хөршөөс хамаарна. Бид үнэнд нэг л өдөр гүйцэгдэнэ. Алсыг харж, ирээдүйгээ бодож алхам хийгээсэй. Эдийн засаг болон бусад асуудал бол бидний нэгдмэл асуудал.Дахин хэлье. Хямралыг энэ хүн ганцаараа үүрээд явахгүй. Тогтворгүй байдал олон нийтийг л хохирооно.
Үүгээр УИХ-ын гишүүдийн санал дууссан. Улмаар Ерөнхий сайд үг хэлсэн байгаа. Тэрбээр: Монгол улсын 27 дахь Ерөнхий сайдаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Бодит шаалтгаан хэрэгтэй. Үндэслэлгүй, хэн нэгний язгуур эрх ашигт үйлчилсэн шаалтгааныг өгсөн байна” хэмээгээд нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан үндэслэл тус бүрээр нь тоо баримтыг хэлсэн юм.
Үүний дараагаар санал хураалт болсон бөгөөд санал хураалтад 66 гишүүн оролцсон. Улмаар гишүүдийн 54 хувь нь Н.Алтанхуягийг огцуулах нь зүйтэй гэж үзлээ.