Монгол Улс  татварын ачаалал өндөр орны нэгд яахын аргагүй ордог билээ. Энэ нь ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ачаалал их байгааг илтгэх юм.  Компани бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар зэргийг төлдөг. Ийм их татварын ачаалалтай ажилладаг газрууд эхнээсээ үүдээ барьж эхлээд байгааг ч нуух юун. Үүний эсрэг тэмцэх гэсэн зарим холбоод нь татварын 10, 10 хувь гэсэн татварыг ядаж 5 хувь болгохыг уриалж байсан нь саяхан. 

Ийн тэртээ тэргүй компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байна шүү дээ. Гэтэл ийм хүнд үед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынхны булхиа олныг гайхшруулж эхлэв.

Тодруулбал, зарим дүүргийн татварын албаны дарга нар өөрсдөдөө 800 хүртэлх сая төгрөгийг зүгээр л урамшуулал маягаар олгосон байгаа юм. Жилд 800 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан гэхээр татварын дарга нар сард 66 сая төгрөг идээд сууж байдаг гэсэн үг шүү дээ. Тэдний ингэж идэж, ууж байгаа мөнгө бүгд л татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэхээр үнэхээр харамсалтай. 

Тиймээс ч манай хууль хяналтынхан бүх дүүргүүдийн татварынхныг шалгах ажлыг нарийвчлан хийж байгаа аж. Улмаар АТГ-т татварын байцаагчид, дарга нартайгаа мөнгө идэж уусан хэргээр шалгагдаж байгаа цөөнгүй хэрэг байгаа гэдгийг ч эх сурвалж онцолсон юм.

Өнгөрсөн жилээс эхлээд энэ жил ч тэр компаниуд татвараа бүрэн төлж чадалгүй хар дансанд орж дампуурсан байгаа. Гэтэл үлдсэн хэдэн компаниудаас татвар цуглуусан нэрээр урамшуулал болгож хувааж авч байгаа нь байж боломжгүй зүйл юм.  Татвар төлөгчдийн энэ асуудлаас болж АН, МАН хоёр бүлэг дээрээ ч энэ асуудлыг ярихаар төлөвлөж байгаа аж. 

Цаашлаад татварын байцаагч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг, татвараас олсон мөнгийг ч ард иргэдэд ил тод болгох тал дээр хуулийнхан ажиллана гэнэ шүү.

Ер нь манай төр засаг татвар, гааль, цагдаа, шүүхийн болон төрөл бүрийн хяналтын байгууллагад ажиллах нь цалингаасаа хэд дахин их орлоготой байх боломж олгосоор байгаа гэж албаны хийгээд мэргэжилтнүүд хэлээд байгаа. 

Тодруулбал, төр засаг татварынхныг өөрсдийгөө урамшуулах үүд хаалгыг нь нээгээд өгчихсөн байдаг юм байна. Тиймээс ч Нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээгээр татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон нь энэ юм.

2013 онд л гэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь /360 сая/-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ. Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төг, мөн 200 саяыг нь ТЕГ руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг 5 сая төгрөгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 1 тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийн урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авсаныг баримттайгаар гаргаж иржээ.