“Шар хад”-ны аймшигт хэрэгт холбогдсон залуугийн гэм буруугүйг тогтоожээ
2014/11/13
Өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэдэг уулын орой дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар өмнө нь манай сайт мэдээлж байсан билээ.
“Овооны хажууд хоёр эмэгтэй хүний цогцос байна” гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажилласан байдаг. Улмаар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг олж илрүүлж чадсаны үр дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг баривчлан хорьсон талаар цагдаагийнхан мэдэгдэж байв.
Улаанбаатар хотоос Б.Идэрзаяа гэгч этгээдийг баривчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байсан. Дарханаас баригдсан Э.Золбоо нь энэ хэрэгт ямар оролцоотой вэ гэдгийг шалгаж байна гэж мэдээлж байсан юм. Хэрэг явдлаас хойш хэдэн сар нам жим болсон энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, нотлох баримтуудыг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар прокурорын газраас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын эх сурвалж хэлэхдээ “Хэргийг хянаж дуусаад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.16 буюу “Хоёр буюу түүнээс олон хүнийг санаатайгаар алсан бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байна” хэмээсэн юм. Мөн цагдаагийн байгууллагынхан мэдээлэл хийх үедээ хэргийг үйлдсэн гэх 1991 онд Өвөрхангай аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой И гэгчээс гадна хамт архидан согтуурч байсан Э.Золбоо гэгчийг Дарханаас баривчлан хорьж, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байсан.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Э.Золбоо гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас би гэртээ тасраад уначихсан байсан. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй” гэх утгатай зүйл ярьсан” гэж эх сурвалж мэдээлж буй. Энэ хэргийг сэжигтэн И нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж. Б.Идэрзаяа гэгч нь энэ аймшигт хэргийг үйлдэхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлд зааснаар нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нэгэн юм.
Б.БУРМАА
Зочин · 2014/11/14
Зочин · 2014/11/14
boldog bol shuud buud