Монголчууд бид дэндүү мартамхай улс юм даа. 2013 оны 3-р сард буюу одоогоос 1 жил 6 сарын өмнө Шинэчлэлийн Засгийн газраас хэвлэл мэдээллийн дуу хоолойг  боомилох,    иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэгдлийг хянах, улмаар хэн, хаанаас, ямар зорилгоор сэтгэгдэл бичснийг тогтоохын  хүн бүр регистрийн дугаар, гэрийн хаягаа сэтгэгдлийн талбарт бүртгүүлж нэвтэрдэг болох тухай  төсөл буюу  “Сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журам”  гэгчийг тухай үед ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг  санаачлан батлуулахаар “хөөцөлдөж” явсан.

 Энэ асуудал олон нийтийн  дургүйцлийг хүргэж, улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрснээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд оролцон,  ЗГХЭГ-ын дарга  Ч.Сайханбилэгт хандан:“Сайханбилэг дарга аа. Юун вэб сайт вэ. Яасан завтай юм бэ. Наадхаа тэр вэб сайтуудын холбоонд хаяач. Бүрэн эрхийн дөрөвхөн жил, цөөхөн жил шүү дээ. Цагаа гол асуудлууддаа зарцуулаач ээ… Ер нь манай дарга нар нэг юм ойлгох хэрэгтэй. Хүний эрхийг засварлах эрх та нарт байхгүй. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм. Өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гээд… Засгийн газарт хүнийг инээлгэх, баясгах үүрэг байхгүй. Гэхдээ тэр бухимдах эрхийг нь өгчих л дөө. Бухимдах эрхээ илэрхийлэх эрх нь байж байг” гэж хэлснээр тэрээр  эл асуудалд арай зөөлөн хандсан боловч, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” хэмээх эгнээндээ цөөн хэдэн сайтуудыг нэгтгэсэн ТББ-ыг лоббидон хүсэл зоригоо хэрэгжүүлсэн байдаг.

Ч.Сайханбилэгийн энэ үйлдлийг АН-ын  кадруудын нэг, Шилдэг нийтлэлд Баабар эсэргүүцэн шүүмжилж  “Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй” хэмээх томоохон нийтлэл бичиж байсан.  http://baabar.niitlelch.mn/content/4753.shtml   Нийтлэлч Баабар уг нийтлэлдээ: “Ардчилагчид өөрт нь таалагдаагүй зурагтуудаа хааж эхэллээ...,  Зах зээлийн утгаараа тааруу хэрэг боловч мөн л зах зээлийн өрсөлдөөний журмаар аяндаа хэвэндээ орно. Зурагтын удирдлагын гар хэрэглэгчидэд өөрт нь бий. Тэр гаран дээр “skip” гэсэн товчлуур бий. Тэрийг дараад л дургүй хүргэсэн сувгийг өөрийн зурагтаас эгнэгт хөөн зайлуулж болно.  Нийгмийн сэтгэл зүйг хянах гэж байгаа бол хаагаад л устгаад л байж болно л доо.

Сайтууд руу дайрч эхэллээ. Өнөө ил тод болгосон гэрийн хаяг гэр бүлийн байдал гадаад паспортын дугаараа тавьж байгаад сэтгэгдэл бичих гэнэ. Цаад шалтгааныг нь мэдэх үү? Өндөр дээд нэгэн эрхэмийн эхнэрийн тухай үнэхээр ч сэжиг хүрэм баахан сэтгэгдэл ноднин нэгэн сайтад бичигдсэн юм. Гомдож зайлуул, хариуг нь ийм мангар аргаар авч байгаа юм. … Сэтгэгдэл бол тийм нүхний нэг. Сэтгэцийн өвчтэй сэтгэгдэлчин цөөнгүй бий. Нүхийг нь бөглөчихвөл нэг л өдөр хутга шөвөг бариад босоод ирнэ. Доромжлол гүтгэлгийн хариуцлагыг редакц хүлээх болохоос төрд ямар хамаа байнаа”  гэж бичиж байсан ажээ.

Тэгвэл  Баабар нийтлэлчийн хэлээд байгаачлан   өндөр албан тушаалтны эхнэрийн тухай сэтгэгдлээс болж асуудал үүсгэсэн тэр хүн хэн вэ? Тухайн  үед сайтуудын сэтгэгдэл бичигчийн талаарх мэдээллийг ингэж илэн далангүй болгохыг “улайран дэмжиж” байсан хүн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг. Тэгээд ч энэ үнэн бол эмс охид, эхнэр хүүхдийн ятгалагаар төрийн ажлыг явуулах гэж оролдож байсан хүн ийм өндөр албан тушаалд очвол яах бол.Ийнхүү нэгэн цагт ард түмний дуу хоолойг боомилох, тэднээс хувийн чанартай “өшөө” авахын тулд улайрч байсан ийм хүн өдгөө Монгол улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдохоор мөн л “улай үзсэн  араатан  шиг улангасан  зүтгэж” байна. Монголын ард түмний эсрэг хандсан ийм баримтыг  бид ой ухаанаасаа  мартах учиргүй төдийгүй шаардлагатай үед сэргээн санаж чаддаг байх ёстой.

 ЗГХЭГ-ын даргын албан тушаал бол Ерөнхий сайдын “баруун гар”төдийгүй, Засгийн “гал тогоо”-г хариуцдаг хүн.

Өрх гэрээр төсөөлөх юм бол айл гэрийн эзэгтэй гэсэн үг. Эр нөхрийн сайн сайхан явах нь ар гэрийн байдлаас шууд хамаардаг. Унхиа муутай, арчаагүй, сул дорой,  бохир заваан эзэгтэй айл гэрийг өөдлүүлдэггүй гэдэг. Үүний нэгэн адил Шинэчлэлийн Засгийн газрын “гал тогоог” муу дүнтэй авч явсан Ч.Сайханбилэгээр  одоо Гүйцэтгэх засгийн  тэргүн болох нь зөв шийдвэр мөн гэж  үү?  Хэрвээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг УИХ дах  АН-ын гишүүд  хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа бол энэ шийтгэл ганц дан Н.Алтанхуягт биш, түүнийг “сүүдэр” мэт дагагч Ч.Сайханбилэгт ч бас  хамаатай. Гэтэл түүнд хариуцлага  оногдуулахын оронд  “шагнаж” байгаа мэт Ерөнхий сайд болгоно гэдэг ямар учиртай вэ?

Монголчууд “унасан бөх ууртай гэдэг”. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сөрөг хүчний нөлөөгөөр гэхээс илүүтэйгээр нэг намын журмын нөдийнхөө оролцоотойгоор засгаас огцорсон. Тэгвэл Н.Алтанхуяг өөрийн  “баруун гар”,  Алтан гадас  фракцийн гишүүн Ч.Сайханбилэгийг “үхэн хатан” Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад   шалтгаан юу вэ?

Магадгүй тэр өөрийн нь эсрэг хандсан журмын нөхдөөсөө “өшөө авах”, өөрийн бодлого, хүсэл зоригоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө “төлөөний хүн” болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  “зүтгүүлээд”  байгаа  юм биш биз.

Улс орны эдийн засаг хямралтай энэ цаг  үед аль нэг фракцийн эрх ашгийг боддоггүй, мэргэжлийн, тулхтай улс төрч Ерөнхий сайдаар томилогдох нь иргэд бидэнд  төдийгүй АН-д ч “ашиг тустай” хэрэг болно. Харамсалтай нь АН-хан арай л өөр замаар яваад байх шиг санагдах юм.

Хэдэн жилийн өмнө  “Та сувгаа бүү солиорой…” хэмээн телевизийн VIP нэвтрүүлгийн хөтлөгч хийж байсан залуугаас арай өөр хүнийг Ардчилсан намаас  Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хэмжээний боловсон хүчин байгаа гэж олон нийт харж байна. Даанч Н.Алтанхуяг ба түүний нөхөд ийм боломжийг үл хайхран Засгийн газрыг огцоруулахад санал өгсөн гэсэн шалтгаанаар  асуудалд хандаж байгаа нь хачирхалтай.

                                                                                                                 Ц.Мөнх