“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид дөрвөн багт хуваагдаж сурч, боловсорч, өрсөлдөж байгаа. Ойрын өдрүүдэд багуудын төсөлт ажлаа нийгэмд таниулах, бэлтгэл ажлууд хийгдэж байна.  Багуудын төслийн явцын талаар товч мэдээлэл хүргэе.

IMGL0801

Н.Баттулга: “Тэтгэлэгтэй тамирчин” төсөлд долоон сургууль нэгдээд байна…

Манай  “Хорьт” баг “Дэм дэмэндээ” нэрийн дор “Тэтгэлэгтэй тамирчин”, “Хөгжлийн бэрхшээл-Хүнлэг”, “Боловсрол хөгжлийн эхлэл” гэсэн гурван төсөл хэрэгжүүлнэ. Спорт тэр тусмаа сагсан бөмбөгт авъяас сонирхолтой 17-19 насны хүүхдүүд “Тэтгэлэгтэй тамирчин” төсөлд хамрагдаж бидэнтэй хамтран ажиллаж буй ХААИС, “Мандах бүртгэл”, “Сан”, “Сэрүүлэг”, “Royal”, “Идэр”, “Сити” их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцана.

“Хөгжлийн бэрхшээл-Хүнлэг сэтгэл” төслөөр өөрсдийн боломж, “Хаан банк сан”-гийн дэмжлэг, “Никель Ганбаа” ХХК-ний хамтын ажиллагааны үр дүнд тухайн иргэний биеийн байдалд тохируулан монголд үйлдвэрлэсэн тэргэнцэрийг таван иргэнд гардуулах юм.  Харин “Боловсрол хөгжлийн эхлэл” дэд төслөөрөө Төв аймгийн Эрдэнэ сумыг сонгож тэндхийн ахлах ангийн сурагчдад практикт суурилсан лекц хичээл орно.  Өнөөдрийн байдлаар аль аль төслийн маань бэлтгэл ажил амжилттай өрнөж нийгэмд танилцуулахад бэлэн боллоо.

Г.Баттулга

 

Г.Баттулга: Компаниудад залуу зохион бүтээгчдийн хийсэн шилдэг бүтээлээс санал болгож байна…

“Аюу” багийн залуус бид “Төгс зохицол” төслийг эхлүүлсэн. Энэ төсөлдөө үндэсний үйлдвэрлэгч компаниуд, залуу зохион бүтээгчид, дүүргүүдийн ТҮК-иудыг хамруулж байна. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгч компани дээр “Аав, ээж, би”  өдөрлөгийг зохион байгуулж Монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ажилчдын ар гэр, хүүхдүүдийг нь үйлдвэр, ажилтай нь танилцуулж нэгэн өдрийг маш өгөөжтэй, үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Эхний өдөрлөгөө “Говь” компани дээр хийсэн. Харин маргааш “Пепси” ундааны үйлдвэрт ажилладаг аав, ээж тэдний хүүхдүүдтэй нэгэн өдрийг хөгжилтэй хэзээ мартамгүй дурсамжтай өнгөрүүлнэ. Мөн хэд хэдэн компанид төслөө танилцуулж санал хүргүүлсэн. Төслийн дараагийн хэсэгт  энэ компаниуд маань залуу зохион бүтээгч залуусын санаачлан бүтээсэн нийгэмд тустай бусдын ажлыг хөнгөвчлөх бүтээгдэхүүнүүдийг худалдан авна. Тэд өөрсдөө хэрэглэх төдийгүй тухайн дүүргийн ТҮК-нд нэг, хоёр ширхэгийг авч өгөх юм. Эхний ээлжинд бид цас хусдаг машиныг санал болгож байгаа. Дараагийн компаниудад залуу зохион бүтээгчдийнхээ хийсэн шилдэг бүтээлээс санал болгоно.

IMGL0691

Л.Болормаа:   ТҮЦ машины тодорхойлолтыг эрхзүйн чадамжтай болгоно…

“Шинэ ялалт” багийн төслийн нэр “Төрийн үйлчилгээний түгжээг мултлагч”. Зорилго нь ТҮЦ машины үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах. ТҮЦ машинаас гарч ирэх тэр үнэт цаасыг эрхзүйн чадамжтай болгоход оршино. Учир нь ТҮЦ машины үйлчилгээ нийгэмд нэвтэрч үр дүнгээ өгсөөр багагүй хугацаа өнгөрсөн ч үйлчилгээний хүртээмж хот, хөдөөд ялгаатай байна. Өнөөдөр хөдөөд цагаа хэмнэж ажлаа хурдан хугацаанд түүртэлгүй амжуулан ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэдийн тодорхойлолтыг банк тамгагүй гээд хүлээж авдаггүй. Тиймээс бид эдгээр саад тотгорыг арилгахын тулд нөлөөллийн аргаар нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал нь байна. Өчигдөр бид ТҮЦ машиныг оруулж ирсэн компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Харин яг одоо МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаатай уулзах гэж байна.

10808268_10152942429383641_97975865_n

С.Санасэр: “Мод тарих үндэсний өдөр”-ийн үр дүнг бодитоор гаргана

“Ас Ас” баг төсөлт ажилдаа “Ухаалаг хэрэглээ” нэр өгсөн. Энэ нь алсын хараатай, эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй хувь хүний болоод улс орны УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ-ний асуудлыг хөндөж байна. Төслийн хүрээнд “Эко аялал” хийх, “Мод тарих үндэсний өдөр”-ийн талаар ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийнэ. Тодруулбал, ирэх Даваа гарагт Хүүхдийн парк-Женко тур чиглэлд эко машины цуваа хөдөлнө. Ингээд агаар салхинд гарахын зэрэгцээ агаарын бохирдол бусад зарцуулалтыг тооцсон статистик мэдээлэл гаргаж ухаалаг хэрэглээг батална. Түүнчлэн МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Мод тарих үндэсний өдөр”-ийг дахин арай өөрөөр үр дүнтэй хэрэгжүүлнэ. Бидний үндэслэсэн судалгаанаас харахад эл өдрөөр тарьсан модны дийлэнх хувь  хариуцах эзэнгүйн улмаас үхдэг байна. Тэгэхээр энэ сайхан санаачилгыг бодит үр дүнтэй болгохын тулд гэр хорооллын 160 000 өрх айлаар нэг нэг мод тариулах ажил юм. Ажлын хүрээнд Ерөнхийлөгчид санал хүсэлтээ хүргүүлэхээр ажиллаж байна. Дараа нь Засгийн газрын 349 буюу төрийн үйлчилгээнээс “том” суудлын машиныг гаргах тухай тогтоолыг тойрсон хэлэлцүүлэг хийнэ. Энэ тогтоолыг яагаад хэрэгжүүлэх ёстой, хэрэгжүүлээгүй хүмүүс нь хариуцлага хүлээдэг механизмын тухай хэлэлцэнэ. Эцэст нь дүгнээд хэлэхэд хувь хүн болоод Засгийн газрын зарцуулалт хэрэглээ ухаалаг  зөв байвал улс орны нөхцөл байдалд хэрхэн эерэгээр тусахыг энэ төслөөр бага ч гэсэн харуулахыг зорьж байна.