Хүйтний улирал аль хэдийнээ айлчлан ирсэн. Өнөөх утаа үүд тогшиж хүүхэд, томчуудгүй ханиад хүрч дүүргүүдийн эмнэлэг ачаалалтай ажиллаж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргээр  нь авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн аж. 

Амьсгалын замын өвчний гол шалтгаан нь "Утаа". Жил бүрийн аравдугаар сараас гурван сар хүртэл Нийслэлчүүд утаагаар амьсгалдаг. Өглөө, оройдоо хоолой ам хорсож, утаандаа хахаж цацаж явна. Утааны гол буруутангаар "гэр хороололынхон" тодорсон. Тэд ч бас утаанаас салахыг хүсч байгаа. Гэтэл орон сууцна үнэ тэнгэрт хадаж дундаж амьжиргаатай иргэд байранд орно гэдэг мөрөөдөл болгож орхисон.  Учир мэдэх хүмүүс Улаанбаатарын утааг багасгах хамгийн хурдан шалгарсан арга бол моджуулах гэв. 

Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна. Энэ нь яндангийн утаа униарыг шүүж, мод ургамал өвлийн улиралдаа навч шилмүүсгүй болсон үедээ ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээг ихээхэн бууруулдаг ажээ.  Мод ургамал тарьж суулгаж цэвэршүүлснээр орчин тойрны чийг тунадасны 75 хувь нь хөрсөнд шингэж агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолжээ.

Гэтэл Нийслэлийг зуны гурван сар нэг наст цэцгээр чимэглэсэн. Үнэн хэрэгтээ энэ нь ирээдүйг харсан сонголт биш байв. Нэг наст цэцэг нь хоёр сарын дараа гэхэд л гудамж, талбайгаар хог болгон хөглөрдөг гэдгийг та мэднэ. Өнгөрөгч онд 315 сая төгрөг ийм л байдалтайгаар салхинд хийссэн. Тэгвэл энэ жил эх нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж мөн 22-ын товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу захын гудамжуудад нэг наст цэцгийг суулгасан. Энэхүү цэцэгжүүлэлтэд нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Дахин 500 сая төгрөг салхинд хийссэн. Өдгөө "утаа"-г өөртөө шингээж, агаарыг чийгшүүлэх мод алга. Үүгээрээ нийслэлдээ мод суулгасан бол харин өнөөдөр бага ч атугай утааг өөртөө шингээж, хорт хийг саармагжуулах байсан. 

2014-2015 онд “Цэвэр агаар сан”-гаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон. Тэгвэл "мод" суулгах талаар энэ төсөвт орсон болов уу??? Энэ их санхүүжилтийг салхинд хий дэмий хийсгэмээргүй байна. Ард түмний нүдэнд харагдахуйц, үр дүнтэй ажлыг хийх хэрэгтэй байна. Өнөөдөр эхээсээ төрж байгаа нялх үр ханиадтай мэндлэхэд бид цочирдох хэрэггүй болжээ. 

Х.Даваа