Шинэ засгийн өнгө
2014/11/24
Айсуй Засагт багтах хүсэлтнүүдийн зүрх энэ өдрүүдэд хуйлран шуугих их ус шиг оволзож байна. Өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэгийн зүрх бас л тэднийх шиг оволзсоор сая нэг хэмнэлдээ орсон.
Харин үүнтэй зэрэгцэн оволзсон зүрхтэй хүн олон гарч ирээд байгаа нь шинэ Ерөнхий сайдын хэлсэн “Давхар дээл”-ийг эсэргүүцнэ” гэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн давхар ямбатнуудыг сайшаахгүй гэдгээ илэрхийлсэн учраас саарал ордны гаднах хүмүүс сайдаар томилогдох магадлал өндөр болоод байна. Ч.Сайханбилэг сайд хэдийгээр намуудад засагт хамтрах урилгаа өчигдөр хүргүүлсэн ч өмнө нь энэ талаарх шийдвэр нэгэнт гарчихсан байсан гэж ойлгож болно. Гэхдээ МАН- аас бусдынх нь шийдвэр. Учир нь АН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх талаар зөвшилцөх саналаа хамгийн түрүүнд өмнө нь хамтарч байсан намууд болох ИЗНН, “Шударга ёс” эвсэлд илгээсний дагуу тэд тэр дор нь “Өмнөх бодлогоо үргэлжлүүлье” хэмээн гар өргөсөн удаатай.
Гэхдээ тэд шууд ногоон гэрлээр гар өргөчихөөгүй нь лав. Тухайлбал, кнопоо худалдаж сурсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гэрээгээр шантаажилж байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг намын дарга болон Ерөнхий сайдын эрх мэдэлтэй байхдаа Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь улс төрд нэг хэсэг гал авалцуулсан хэрэг болсон. Энэ галыг намдаах Н.Алтанхуягийн ганц хийх ажил нь гэрээг хүчингүйд тооцох хувилбар байсан учраас үзэглэсэн гэрээгээ “Хүчингүй” хэмээн зарласнаар АН-ын ҮЗХ энэ шийдвэрийг баталгаажуулж, хоёр намын гэрээг хүчингүй болгосон. Гэвч эвслийнхэн одоо хэр нь “Хоёр намын гэрээ хүчинтэй” хэмээн ярьсаар, бодсоор суугаа. Бүр зарим нь “Гэрээг хүчингүйд тооцвол АН арав гаруй кнопоо алдаж, хүчгүйднэ” гэдгийг ч хэлээд амжсан. Н.Алтанхуягийн алдааг засах даалгавартай гарч ирсэн шинэ Ерөнхий сайд хоёр намын гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонин байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд эвслийнхнийг ирүүлэхийн тулд “Гэрээ хүчинтэй” гэж аргалсан сураг дуулдсан. Гэхдээ энэ бол хүүхдүүдийн дундах тоглоом биш учраас Ч.Сайханбилэг эвслийнхэнтэй хамтрахын тулд элдэв шантаажийг нь хүлээж авч байгаа ч байж болох. Ч.Сайханбилэгийг дэмжиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ирснээс харвал эвслийнхэн засагт хамтрах нь тодорхой болсон. Гэхдээ мэдээж ганцаараа эсрэг дарсан Г.Уянга гишүүнээс бусад нь. Эвслийнхний шантаажийн эхний хувилбар нь “МАН Ч.Сайханбилэгийн урилгыг хүлээн авч засагт орвол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно” гэх үг. Өөрөөр хэлбэл, МАН засагт хамтарсан тохиолдолд эвслийнхний кноп үнэгүйдэх учраас АН-ынханд үерхэлдээ үнэнч байхыг сануулж, МАН-тай хамтрахгүй байх нь зүйтэй гэх сануулгыг тэд өгч байгаа хэрэг.
Нэг ёсондоо, МАН хэрвээ Ч.Сайханбилэгийн саналыг хүлээж авбал эвслийнхний кнопны эрин үе дуусгавар болно. Харин одоо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах хүсэлтнүүд хэн бэ гэдгийг харцгаая Цахим сайтуудад мэдээлснээр Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар 15 яамтай байх бөгөөд өмнөх бүтцээсээ нэг их өөрчлөгдөхгүй гэнэ. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт нам, бүлэглэлийн төлөөллийг оролцуулах гэж нэг их шавдахгүй бололтой. Учир нь өмнөх Засгийн газар фракциуддаа “Дарлуулсан нь нууц биш. Ийм гашуун туршлагыг Ч.Сайханбилэг сайд давтахгүй гэдгээ ч илэрхийлсэн. Үнэхээр ч гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд суусан даруйдаа тэрбээр Засгийн газрыг хуралдуулж, анхны томилгоогоо хийсэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад халагдсан Ш.Солонгыг эргүүлэн томилсон явдал. Үүнийг өмнөх сайдынхаа хийсэн бурууг залруулж байгаа явдал гэж харах хүн олон байна. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар татан буугдаад байгаа Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин байгуулахаар болсон гэнэ. Учир нь “Н.Алтанхуягийн хийсэн хамгийн сайн ажил нь Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан явдал” гэдгийг өмнө нь төр засаг толгойлж явсан эрхмүүд хэдэнтээ хэлсний дагуу дахин байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин энэ яамны сайдаар хэн ажиллах нь тодорхой болоогүй ч МҮДН фракцийн Д.Зоригт гишүүний нэр хамгийн түрүүнд яригдаж байна.
Гэвч ойрын өдрүүдэд түүнийг мөрийтэй тоглоом тоглож байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл гараад байгаа. Харин эрхэм гишүүн энэ мэдээллийг үгүйсгэж, “Миний нэр сайдад яригдаж байгаа учраас албаар ийм мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна” гэх тайлбарыг өгөөд байгаа. Үүнээс харвал түүнд сайдын суудалд залрах хүсэл их байгаа бололтой Харин шинэ Ерөнхий сайдын дараагийн томилгоо нь С.Баярцогт байна гэх таамаг улс төрийн хүрээнийхэн дунд байна. Энэ бол Ч.Сайханбилэг сайд дотны нөхрөө өөрийн эрхэлж байсан албанд буюу ЗГХЭГ-ын даргын суудалд зална гэх таамаг. Үндсэндээ Ч.Сайханбилэг” ажиллагааг амжилттай зохион байгуулсных нь төлөө түүнд өгч буй шагнал гэж харах хүн олон бий. Угаас ингэж харахаас ч өөр аргагүй. Энэ хоёр эрхмийг хэзээнээс нөхөрлөж ирснийг мэдэхгүй хүн цөөн Тиймээс нэг нь хөлгийн жолоо залж байхад нөгөө нь сэлүүрдэх нь хүн ёсны нөхөрлөл ч байж мэдэх Ямартай ч яг л Г.Баярсайхан гишүүн найз Д.Ганбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн шиг Ч.Сайханбилэгийн үед С.Баярцогт бялуу хүртэхгүй үлдвэл харин сонин үзэгдэл болно гэх нэгэн ч байна. Харин Шадар сайдаар УИХ ын гишүүн асан Ц.Шаравдоржийн нэр яригдаж байна. Н.Алтанхуягийн үед “Шударга ёс” эвсэл засагт дөрвөн суудалтай байсан бол энэ удаад ч мөн суудлаа хадгалж үлдэх бодолтой байгаа аж. Өмнө нь Шадар сайдаар Д.Тэрбишдагва Сангийн сайдаар Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал МҮАН-аас Эрчим хүчний сайдаар М.Сономпил нар ажиллаж байсан бол энэ удаад Шадар сайдаар Ц.Шаравдоржыг тавьж, Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавыг ярьж байгаа аж. Л.Жамбалжавын хувьд ярьж байгаа гэхээсээ илүү өөрөө зүтгэж буй гэвэл оносон тодорхойлолт болно. Харин үлдсэн хоёр суудлын нэгийг МАХН-ын генсек Ш.Шийлэгдамба горилж байгаа бол О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдад зүтгэж байна. Энэ хувилбарыг өөрөө ч дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАХН-ын төлөө хангалттай зүтгэсэн учраас сайдын суудалд авах цаг болсон гэж үзэж байгаа аж. Гэхдээ “Үндсэн чиг үүргийн яам учраас Хууль зүйн яам О.Баасанхүүд ахадна” гэх нэгэн ч байна. Харин энэ ярианы нөгөө талд Ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр дуулдаж байна. Мэдээж О.Баасанхүүг бодвол Ерөнхий прокурор жин дарах нь ойлгомжтой. Тэгээд ч түүний нэр Хууль зүйн сайдад ороод ирсэн тохиолдолд Ерөнхийлөгч толгой дохих нь тодорхой. Харин Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Л.Пүрэвсүрэнг томилох нь нэгэнт тодорхой болсон гэнэ.
Олон жил Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөхөөр ажилласан дадлага, туршлагаараа хэнийг ч дагуулахгүй түүнтэй өрсөлдөгч байхгүй ч гэх. “Татан буулгах хэрэгтэй” хэмээн ад үзэгддэг Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдаар С.Оюун хатагтай хуучин янзаараа залрах магадлал өндөр байгаа дуулдана. Энэ нь мэдээж түүний ахтай холбоотой. Намын лидер, ард түмний хайртай хүү С.Зоригийн үйл хэргийг залгамжилна хэмээн гарч ирсэн С.Оюунд “Үгүй” гэх хүн АН-д олддоггүй ч гэдэг. Энэ ч утгаараа эрхэм хатагтай сайдын суудлаа хэн нэгэнд өгөхгүй гэсэн бололтой. Ямартай ч шинэ засгийн талаар чих тавихад ийм байна. Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш. Одоо МАН-аас бүх зүйл хамаарна. Тэд засагт хамтрахаар болсон тохиолдолд туршлага, мэдлэгтэй зангараг заах эрхэм олон байгаа учраас засгийн хувилбарт хүссэн хүсээгүй өөрчлөлт орж таарна. Харин МАН гэдийснээрээ гэдийвэл дээр дурдсанаас илүү хувилбар Ч.Сайханбилэгт төдийлөн олдохгүй бололтой.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2014/11/25
Термок цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч тусгаарлагч.Хуванцар болон мод,төмөр хүрээтэй вакуум цонхонд зориулагдсан 4-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч дулаанаа баридаг тусгаарлагчийг танилцуулаж байна.Та бүхэн энэ тусгаарлагчийг ашигласнаар:Цонх,хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Мөн хүйтэн сэрүүний улиралд шилэн багцанд үүсэн бий болдог усан дусал,цантаж хөлөрдөг асуудал арилна.Тусгаарлагчийг хүүхдийн өрөө,гал зуух,албан тасалгаа,зочид буудлын болон бүхийл цонхонд хэрэглэж болох бөгөөд олон удаа ашиглах боломжтой.Өвөл нь -25-45 хэм хүрч хүйтэрдэг Сибирь,Якут,Скандинавын орнуудад өргөн хэрэглэдэг.4-6 янзын хээтэй.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Та бүхэн халуунаар үлээдэг цахилгаан сэнс,тень хэрэглэх ********длаггүй.Орос тех .Утас:95000020,95050020.(11 сарын 26-наас холбогдоорой).