Долоо хүрэхгүй хоногийн дараа 12 сар гарах гэж байхад нийслэл хот цасгүй хар байгаад иргэд энэ өвөл цас үзэхгүй нь хэмээн халгалцгааж байна.

Хэдий анхны цас орсон ч хүйтэн хэрнээ хар бараан өвөл болж байна. Шинэ он солигдох дөхсөн болоод ч тэрүү цасыг хүлээсэн хүмүүс хаа сайгүй. Энэ өвөл үнэхээр цас багатай хар өвөл байх уу? Энэ талаар холбогдох албаны хүмүүс тайлбарлахдаа энэ жил өмнөх жилүүдээс илүү цастай байна гэнэ. Ойрын өдрүүдэд тэнгэр хангай хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан. Өнөөдөр Баян-өлгий, Ховдын нутаг, Говь-алтай хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Арваннэгдүгээр сарын 25-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж буй. Тус хүрээлэнгээс энэ оны өвөл болох ирэх оны хаврын прогнозыг гаргасан байна. Энэ намар болон өвлийн тухайд олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа юм байна. Мөн цас ихтэй байх ч дулаахан өвөл болно хэмээн мэдэгдээд байгаа. Хэдийгээр дулаахан байх нь сайхан ч, цас ороод дулаарах нь тийм ч сайн зүйл биш гэнэ.

 

     Учир нь, орсон цас хайлж, доошоо сууж нягтарч мөстөнө. Энэ нь мал зузаан мөстсөн цасан доороос өвс олж идэхээргүй болдог байна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн асуудал хүндэрнэ гэсэн үг. Бэлчээрийн даац багтаамжийн тал дээр нийт нутгийн 60 гаруй хувь нь боломжийн дүнтэй байгаа хэмээн албаныхан онцолсон. Харин Өмнөговь, Дундговь, Архангай, Ховд, Завханы нутгаар бэлчээрийн даац, багтаамж хүрэлцээ муу байгаа гэнэ. Нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хангалтгүй байна.


     Хот суурин газар ч яахав цас их орлоо ч цэвэрлэчихнэ. Харин малчид анхаарал сэрэмжтэй байхаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажлаа гүйцэд сайн бэлдэх хэрэгтэй. Дулаан өвөл болно гэж тайвширч хэрхэвч болохгүйг ус цаг уурын хүрээлэн анхааруулж байна. Арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд зарим газраар цас, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 24 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст, 27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч, бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна