Д.Дуламсүрэн: Социал демократ үзэл баримтлалыг хөрсөнд буулгахад эмэгтэйчүүдийн оролцоо чухал
2014/11/25
Ардчилал Шударга Ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тус холбоо энэ сарын 19-21-ны хооронд Фридрих Эбертийн сангийн тусламжтай Эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх,чиглэлээр гурван өдрийн сургалтыг зохион байгуулжээ.
-Эбертийн сантай хамтран зохион байгуулсан сургалтын зорилго, ач холбогдол нь юу вэ. Танай холбоо эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх чиглэлд анхаардаг шүү дээ. Тэгэхээр хамрах хүрээний хувьд ямар байсан бол?
-Манай холбооноос зохион байгуулсан энэ удаагийн сургалтанд манай холбооны 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоодын тэргүүлэгч 35 гишүүдийг оролцууллаа. Тэднийг Сургагч-багш болгоход сургалтын зорилго чиглэгдсэн. Тэд маань энэ удаагийн сургалтад хамрагдсанаар өөрсдийн амьдарч буй аймаг, дүүрэгт уг сургалтыг зохион байгуулах ёстой юм. Манай холбоо өөрөө МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. Энэ утгаараа бидний энэхүү сургалт нь намын бодлого, чиглэл, намын ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тэдний хамтын ажиллагаа хэрхэн уялдах, гишүүд дэмжигчдийн хүсэл зорилгыг нэгтгэх олон талын ач холбогдолтой. Нөгөө талаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд чухал үр дүнтэй санал санаачлагыг гаргаж өгсөн нь сургалтын давуу тал байлаа. Бид өмнө нь буюу өнгөрөгч наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, Ардчилсан эмэгтэйчүүдийн сүлжээтэй хамтран Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтыг зохион байгуулж байсан.
-Танайх намын дэргэдэх ТББ байгууллага юм байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдний улс төр дэхь оролцоог МАХН-ын зүгээс хэр дэмжиж ажилладаг вэ?
-Ер нь эмэгтэйчүүдийн улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоог сүүлийн жилүүдэд чухалчилдаг болсон. Энэ нь өөрөө төрийн бодлогыг уян хатан байлгах, бодлогын тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй гэж үзсэнтэй холбоотой. Нөгөө талаар монгол эмэгтэйчүүдийн төр дэх оролцоо нь өөрөө нийгмийн дундаж давхрагынхны амьдралын түвшинд анхаарсан социал демократ үзэл баримтлалыг хөрсөнд буулгахад чухал үүрэгтэй гэж миний зүгээс хардаг. Тийм ч учраас МАХН-ын удирдлагын зүгээс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх, ингэхийн тулд тэдний мэдлэг боловсролд их анхаардаг. Тухайлбал, бидний сүүлд зохион байгуулсан сургалтанд МАХН-ын дэд дарга Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдэмба, намын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, Бямбасүрэн , холбооны тэргүүн Л.Сэлэнгэ нар оролцож, эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонсч байсан.
-Ер нь эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролын асуудлыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Манлайллын гол шинж итгэлцлэл байдаг. Итгэлцлэл байхгүй бол манлайлах боломжгүй. Тиймээс бусдыг итгэлийг олж авах, найдвартай байдлаа таниулах, харилцаа холбоо тогтоох, баг бүрдүүлэх, үйл ажиллагааны зөв төлөвлөлт хийж сурах нь чухал. Бидний сургалт ч үүнд чиглэсэн. Эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх, мэдлэгийн ур чадвараар хөгжүүлэх, шинэчлэгч байх, бусдад нөлөөлөх чадварт суралцах асуудлууд гээд улс төрийн боловсрол өөрөө өргөн хүрээтэй. Энэ хүрээ бүрт манай эмэгтэйчүүд хүрч, өөрсдийн манлайллыг бий болгох хэрэгтэй байна. Дан ганц МАХН-ын эмэгтэйчүүдийн тухай асуудал биш. Ер нь эмэгтэйчүүд өөрсдийн нөлөөллийн хүрээг нэмэгдүүлэх, нийгэм дэх байр суурийг өсгөхийн туулд дээрх хүрээ бүрт хүрэх, тэр хэмжээний мэдлэг боловсролтой байх нь чухал.
- Танай холбооны талаар сонирхмоор байна. Хэзээ байгуулагдсан, ямар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ. Магадгүй энэ холбоонд нэгдэхийг хүссэн эмэгтэйчүүд байгаа байх?
-МАХН-ын дэргэдэх АШЁМЭХолбоо 2014 оны 03 дугаар сарын 12-13-ний өдрүүдэд эмэгтэйчүүдийн холбооны хоёр дугаар чуулганаа зохион байгуулж шинэ бүтэц зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш найман сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд дүрэм, ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж намын гишүүд дэмжигчид, болон олон нийтийг хамарсан хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Манай холбоо 21 аймаг, 9 дүүрэгт эмэгтэйчүүдийн холбооны салбар холбоодыг байгуулсан. Ингэснээр эмэгтэйчүүдийн намын ажилд түлхүү оролцуулах тэднийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд ажиллах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажилд анхаарч ажиллаж байна. Манай Холбоо тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн 21 гишүүдтэй. Нийгэмд чиглэсэн ТББ-ын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Гишүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлалын чиглэлээр бусад ТББ-тай хамтран ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа.
-Цаашид танай холбооноос ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Улс төрийн намын дэргэдэх ТББ-ын үйл ажиллагаа гишүүдийн дэмжлэг,идэвхи оролцоо сэтгэл зүтгэлээс хамаардаг. Манай холбоо бусад ТББ-уудтай хамтран ажиллах, гадаад, дотоод харилцаагаа өргөжүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх, дүрэм, стандартыг мөрдүүлэх, гишүүд, дэмжигчидийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллана. Түүнчлэн Монгол улсын иргэний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэднийг дэмжих, хамтдаа хөгжих , тэднээр дамжуулан сонгогч, намыг дэмжигч, гишүүдэд намын үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл өгөх , МАХН-ын үйл ажиллагааны бодлого чиглэл, шудрага ёс, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлогыг дэмжиж ажиллах хэд хэдэн ажлын чиглэл гаргаад байна.