Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч  Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн. Тэрбээр хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа.  Хааяадаа түүний талаар  шар хэвлэлийн хуудаснаа таатай, таагүй мэдээ гарчихдаг. Харин Дээгийн үүнд  хүчин мөхөсдөлгүй зүтгэсээр өөрийн мөрөөдөлдөө хүрч чаджээ.  

“Degi’s music school”-ийнхаа үүд хаалгыг нээн хүүхэд багачуудын хөгжмийн боловсролд анхааран ажиллаж байгаа юм. 

Сүүлийн хийлч Дээгий Улаанбаатарт төрсөн өссөнөөрөө бахархдаг болжээ. Учрыг тодруулбал, "Залуучууд Улаанбаатарт сурч, ажиллаж буй хэрнээ “Би чинь тэр аймгийнх” гэдэг. Залуу хүмүүс хотод ирж сурч, ажиллая гэж бодолгүй л яахав. Энэ ч утгаараа Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн бараг 70 хувь нь хөдөө орон нутгийнхан байна. Бөхийн өргөөнд болж байгаа тоглолт дүүрэн үзэгчтэй харагддаг. Тэнд тоглолт үзэж байгаа хүмүүсийг харахад масс бол эд нар л юм байна гэж хардаг. Хотынхон хааччихсан юм бэ гэж боддог. Би чинь хотын хүн. “Улаанбаатар” чуулгад орсон гол сонголт минь ч үүнтэй холбоотой. Тодорхой түвшинд гарахаар, нас нь болохоор ч гэдэг юм уу, чаддаг чаддагаараа дуу хоолойгоо гаргаж, үзэл бодлоо нэгтгэх ёстой юм билээ. “Улаанбаатар” чуулга нийслэлийн нүүр царай болох учиртай. Гэтэл энэ чуулга намайг ороход дан үндэсний хөгжим, хөдөөний хүмүүсээр дүүрэн байсан. Монгол нутаг, улс орноо илэрхийлэх үндэсний урлагаараа бахархалгүй л яах вэ. Гэхдээ энэ чинь хотын чуулга. Хот гэдэг чинь өөр. Соёл нь ч өөр байх ёстой. Тиймээс хотын өнгө аяс оруулах юм сан гэж би энэ чуулгыг сонгож орсон" гэлээ. 

Түүний бага нас долоон буудалд өнгөрчээ. Сүүлд 13 дугаар хороолол руу нүүсэн аж. Тухайн үед хотын бараг 80-90-ээд хувь нь гэр хороололд амьдардаг байж. Дээгийг багадаа гэр хороололд амьдарч байсан гэхээр “Пөөх гэр хороололд байсан юм уу” хэмээн гайхах хүмүүс байдаг гэнэ. Үүнд нь "гэр хороолол ч өнөөдрийнх шиг ийм шороо эргэлдсэн, хогондоо дарагдсан газар байгаагүй. Нов ногоон дэнжид би өссөн. Ингэж ярихаар хүмүүс үлгэрийн юм шиг гэдэг" гэж хариулдаг ажээ. 

 

Д.Ана