Залуу дуучин Г.ДЭЛГЭРЦОГТТОЙ ярилцлаа. Түүний хамгийн сүүлд үзэгч, сонсогчдод хүргэсэн "Хайрламаар" хэмээх дуу нь аялгуу болоод клипээрээ нийтийн дууны төрөлд шинэ өнгө аяс нэмлээ гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа ажээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаа ярилцлагаа эхэлье?

-Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суман төрж, Арвайхээр хотод өссөн. 2005 онд дунд сургуулийг төгсч, СУИС-д элсээд 2010 онд төгссөн. Гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор эстрадын дуучин мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээл хийж эхэлсэн. Хамгийн ахны дуу маань "Гучин-Усны говь минь" гэж дуу байдаг. Анхны уран бүтээлээ хийснийхээ дараа хэсэг хугацаанд найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулж уран бүтээл хийсэн. Одоо бол ганцаараа дуулж байгаа.

-Яагаад дангаараа уран бүтээл хийх болов?

-Өмнө нь "H2" хамтлагт дуулдаг байсан найзтайгаа, бас ангийнхаа нэг хүүхэдтэй нийлээд "G Lights" гэдэг хамтлаг байгуулаад дуулсан. Бид хамтдаа гурван клип гаргасан. Яваандаа хувийн амьдралаасаа болоод өөр өөрсдийн замаа хөөх болсон. Тиймээс би үргэлжлүүлээд дангаараа уран бүтээл хийж эхэлсэн. Ганцаараа дуулаад уран бүтээл хийхэд арай амар юм. Хэн нэгнээс шалгаалахгүй өөрийнхөө хүслээр ажиллаж байна. Хийж байгаа зүйл маань ч гараас хурдан гарах юм. Тиймээс уран бүтээлээ нэлээд эрчимжүүлж байгаа. Саяхан "Хайрламаар" нэртэй дуугаа дүрсжүүлж олон нийтэд хүргэлээ. Уран бүтээлээ эрчимжүүлнэ гэдэг нь бас маш хурдан ар араас нь дуу гаргаад байна гэсэн үг биш л дээ. Ингэх юм бол халтуурдсан болох байх. Харин уран бүтээлээ илүү эрчимжүүлж байгаа гэдэг нь анхаарлаа их хандуулж байгаа гэсэн санаа.

-Залуу уран бүтээлчийн хувьд шинэ дууг чинь хүмүүс хэр их сонсч байх шиг байна?

-Ер нь хуучин, шинэ гэлтгүй бүх уран бүтээлчийн шинэ дууг сонсдог л байх. Харин тухайн дууг нь таашааж ахин, дахин, бүр байнга сонсч байна уу, үгүй юү гэдгээрээ л ялгаатай байх гэж бодож байна. Миний сүүлд гаргасан дууг хүмүүс их сайн хүлээж авч байгаа санагдсан. Би өөрөө ингэж дүгнэж байгаа юм биш л дээ. Энд, тэнд таарсан хүмүүсийн яриаг сонсохоор таалагдаж байгаа юм байна даа гэсэн бодол төрж байна. Би хэт уянгын биш урагшаа тэмүүлсэн цоглог ритмтэй дуу хийхийг хичээдэг. Үүгээрээ нийтийн дууны урлагт арай нэг өөр, шинэ өнгө аяс авч ирэх зорилготой байгаа. Клипны зураг авалтын хувьд ч тэр. Нийтийн дуу гэхээр л яагаад заавал морин дээр, уулан дээр, эсвэл адуун сүргийн наана зогсоод дуулсан дүрстэй байх ёстой гэж.

-Нийтийн дууг одоогийн хэлбэрээс нь арай өөр дуулж байгаа нь эстрадын дуучны ангийг төгссөнтэй чинь холбоотой юу?

-Магадгүй. Ер нь багаасаа нийтийн дуу их сонсдог байсан. Намайг бага байхад дандаа хуурцгаар дуу сонсдог байлаа. Тухайн үед гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Б.Энхзул, С.Батсүх нарын дууг их сонсдог байсан. Уг нь тухайн үед "Камертон", "Номин талст" ид мандаж байсан ч би хөдөө өссөн учраас хүссэн үедээ дууг нь сонсох боломжгүй байдаг байсан. Хааяа зурагтаар сонсдог. Өөрөөр хэлбэл, ямар ч сонголтгүйгээр нийтийн дуу сонсдог байсан гэх үү дээ. СУИС-д орохдоо бүх чиглэлээр дуулдаг болох хүсэлтэй байсан. Тиймээс эстрадын дуучны ангид орсон. Эстрадын дуучнаар сурсан хүмүүс бүх чиглэлээр дуулах чадвартай байдаг гэж боддог. Харин би бол нийтийн дууг сонгоод уран бүтээлээ хийж байгаа. Миний бодлоор нийтийн дуу гэдэг ойлголт маш өргөн хүрээг хамардаг.

-Нийтийн дуучид бараг бүгдээрээ дуурийн дуулаачийн ангийг төгссөн байдаг гэж ойлгодог. Харин өөртэй чинь адилхан эстрадын дуучин мэргэжлээр төгссөн дуучин хэр олон  байдаг вэ?

-Байгаа. Манай ангиас нийтийн дуу дуулж байгаа хүмүүс бий. Тухайлбал, дуучин Я.Гэрэлчулуун байна. Мөн дуурийн дуулаачийн ангийг төгсөөд эстрадын дуу дуулж байгаа хүн ч бий. Жишээ нь, поп дуучин Г.Тэнүүн дуурийн ангийг төгсөн юм шүү дээ. Тэгэхээр заавал тэр ангийг төгссөн дуучин тийм дуу дуулах ёстой гэсэн ойлголт байхгүй л дээ.   

-Анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Хэдэн дуутай цомог гарах вэ?

-Есөн дуутай цомог гаргах гэж байгаа. Цомогт маань энд тэндхийн захилгын дуу орохгүй. Зөвхөн өөрийнхөө хүсэл зоригоор гаргасан сайн дуунуудаа оруулна. Ихэнх дуучдын цомог 10 гаруй дуутай байдаг. Ний нуугүй хэлэхэд тэр цомгийг нь сонсохоор яг сонсчих хоёр гурвхан л дуу байдаг. Тиймээс next товчлуураа дараад заримыг нь алгасаад сонсдог шүү дээ. Миний цомог тийм биш байгаасай, хүмүүс миний дууг сонсохдоо ингэж битгий сонсоосой зорьж байгаа. Цомгийнхоо нэрийг одоохондоо нууцлая. Одоо цомогт багтах хамгийн сүүлчийн дууныхаа хөгжмийн найруулга дээр ажиллаж байна.

-"Гучин-Усны говь минь" гэдэг дуу төрж, өссөн нутгийн чинь тухай дуу биз дээ. Энэ дууг яагаад хамгийнх анх дуулах болж байв. Анхны уран бүтээл гэдэг утгаараа анхны цомогт чинь орох уу?

-Энэ дууг хоёрдугаар курст байхдаа буюу 2008 онд дуулсан юм. Монголын гитарчдын "загалмалсан эцэг" гэгддэг Д.Галсанбатын зохиосон дуу. Манай багш нэг удаа "Шалгалтаа онц өгөх юм бол чамд танай нутгийн тухай нэг дуу өгнө. Чиний хоолойнд энэ дуу зохино. Чамайг дуулж чадах байх гэж бодож байна" гэж хэлсэн. Ийм зүйл сонссон хүн чинь онц авахын төлөө хичээнэ биз дээ. Хичээсний үр дүн гарч шалгалтдаа онц авсан. Багш ч амласнаа биелүүлж өөрийнхөө дуулж байсан "Гучин-Усны говь минь" гэдэг дуугаа өгсөн. Манай аймагт Гучин-Ус гэж сум байдаг. Тэр сайхан нутгийг дүрсэлсэн дуу л даа.

-Залуу уран бүтээлч учраас шинэ дуу, клип хийхэд эдийн засгийн хувьд бэрхшээлтэй байна уу?

-Намайг дэмждэг компани, бизнесмэн одоохондоо арга. Харин миний хөгжмийн бүх найруулгыг "Аянга" хамтлагийн Эрка хийж байна. Мөн 2В, TJ интертайментын хамт олон намайг дэмжиж байгаа. Энэ дашрамд, миний ард байдаг дээрх хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа хэлье. Хүмүүс маш хямдхан үнээр уран бүтээл хийлгэдэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Энэ бол буруу ойлголт. Нэг уран бүтээл хийхэд асар их мөнгө ордог. Хүмүүс надаас "Чи их мөнгө зараад уран бүтээл хийгээд л байх юм. Ашиг шимийг нь хэзээ үзэх юм бэ" гэж асуудаг л даа. Би дуу дуулаад хоногийнхоо хоолыг залгуулахдаа гол нь биш. Хамгийн гол нь Дэлгэрцогт гэдэг хүн хэн бэ гэдгийг таниулах, үр удамдаа юм үлдээх. Би нэг цомог гаргаад л сураггүй болчихсон байж болно. Олон жилийн дараа миний дууг сонсоод ийм хүн байсан гэж дурсах баримт үлдээе гэж боддог.