Нийгэмд хөндөгдөж буй олон асуудал бий. Үүний нэг жишээ янз бүрийн халдварт өвчин. Хамгийн аймшигтай эдгэрдэггүй өвчин бол яах аргагүй ДОХ юм. Энэ өвчин анх 1990-ээд онд гарсан байдаг. Тэр үед энэ өвчний талаар дэлхий нийтээр сайн мэддэггүй байсан бөгөөд ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс өвчнөөсөө илүүтэй гадуурхал, үл тоомсорлол, жигшин зэвүүцэх, зайгаа барих хандлагаас бол зовж шаналж байсан үе гэдэг.

 

Харин манай оронд 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм. Тэр үед ХДХВ-ийн халдвартай ганц л хүн бидний дунд байсан бол өдгөө 179 дэхээ бүртгэж аваад байна. 22 жилийн дотор ийм олон өвчтөнтэй болчихсон бид дахиад ийм хугацаа өнгөрөхөд бүгдээрээ ДОХ-оор шаналж суухыг ч үгүй гэх газаргүй. Энэ өвчин ямар замаар халддаг, яаж сэргийлэхийг мэддэг болоод л, өөрийгөө, гэр бүлээ түүнээс хол байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа болоод л ДОХ-ыг тоохгүй байгаа юм шиг. Тэгвэл энэ өвчний улмаас 16 монгол хүн өнөөдрийн байдлаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. ДОХ-ын халдварын 115 тохиолдолын 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг юм байна. Эрчүүдийн 87 хувь нь ижил хүйстнээ сонирхогч байдаг гэнэ.

Дэлхий нийт энэ өвчнийг одоо болтол бүрэн төгс эмчилж чадахгүй байгаа. Ямартайч ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа юм. Уг өвчин хүний биед гурван замаар дамждаг. Үүнд: 
Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр халдварладаг гэнэ.

 

Өнөөдөр тус өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөрт манай улсын төр, иргэний нийгмийн байгууллагуудаас зарим арга хэмжээг төлөвлөөд байна. Тухайлбал, ДОХ-ын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг 12 цагаас Чингисийн талбайд болох юм. Мөн ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал 11 цагт ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд болно.