УИХ-ын гишүүдийн маргааны нэг сэдэв нь Оюутолгой байсаар ирсэн. УИХ дахь АН, МАН-ын гишүүд ээлжлэн шүүмжилдэг байсан бол энэ удаагийн парламентад бие даагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар илүүтэй шүүмжлэлтэй хандаж байгаа.

Түүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойд ажилладаг гадаадын мэргэжилтэн болон Монгол ажилтны цалингийн  харьцааг олон нийтэд ил болгож байв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийн удирдлагад ил захидал  илгээхээ мэдэгдсэн. Ийнхүү бие даагчид болоод Г.Уянга гишүүн Оюутолгойг олны анхаарлаас холдуулахгүй, гэрээг мартагнуулахгүй байж чадсаар. Шийдлийн Засгийн газрын тэргүүн Оюутолгой, Тавантолгойд анхаарлаа хандуулна гэдгээ хэлсэн. Одоогоор далд уурхайн төсөл нь гацаанд ороод буй Оюутолгойтой холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Оноос өмнө гацаанаас гарах нь эргэлзээтэй байна.  Хамтарч Засгийн газар байгуулахаар болсон МАН, АН-ын ажлын хэсгийнхний зөвшилцөлд Оюутолгойн гэрээг одоо байгаагаас дордуулахгүйгээр эргэж харах тухай тусгагдсан. Зарим улстөрч Сангийн сайдаар С.Баярцогтыг томилж, Оюутолгойн гэрээг урагшлуулах ажлыг гүйцээлгэх хэрэгтэй гэж үзэх нь ч бий. УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойтой холбоотойгоор телевизэд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Г.Уянга “Оюутолгойд С.Баярцогтын хувь эзэмшдэг “Модерн номадс” хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нь нийлүүлдэг” гэдгийг хэлэв. Оюутолгойн ажилтнуудад  ус, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг олон аж ахуйн нэгж бий. Уг төслийг дагаж олон тооны ажлын байр гараад байсан билээ.