С.Тэмүүлэн: Залуусын идэвхтэй оролцоо хөгжлийн үндэс болдог
2014/12/01
МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тэмүүлэнтэй ярилцлаа. Тус холбоо өнгөрөгч амралтын өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн залуучуудын дунд сургалт зохион байгуулжээ.
-Танай холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан сургалтынхаа талаар тодруулаач?
-Манай холбоо 21аймаг, нийслэлд өөрийн төлөөлөлтэй томоохон залуучуудын байгууллага. Бидний үйл ажиллагаа нь залуучуудын нийгмийн идэвхийг сэргээх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, улмаар улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Олон нийтийн дунд залуучууд улс төржих нь зохисгүй гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Тэгвэл эсрэгээрээ залуучуудын улс төр дэх оролцоо идэвхтэй, өндөр байхыг өндөр хөгжилтэй орнууд зөв гэж үздэг. Өөрөөр хэлбэл улс төрийн өнө удаан явсан ялзрал, хуучин арга барилыг шинээр солих, сайжруулахын тулд залуу үеийн хүч чухал үүрэгтэй гэж үздэг. Өнөөдөр монголчууд төр болохгүй байна, засаглалын хямрал бодитоор нүүрлэлээ гэж ярьж байна. Үнэхээр ч тийм болчихсон. Тэгвэл энэ байдлаас гарах арга зам нь зөв бодолтой, зөв төлөвшилтэй, өндөр мэдлэгтэй залуусын идэвхтэй оролцоо. Тийм ч учраас манай холбоо энэ удаад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 50 залууг хамарсан сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтаар бид өөрийн холбооны залуусынхаа улс төр, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгэм, хамт олны дунд манлайллыг хэрхэн бий болгох вэ, улс орны хөгжлийн зөв гарц нь юу вэ гээд олон чухал асуудлыг хөндөж, харилцан ярилцлаа. Хэн нэг хүнээс мэдлэгийг нь хуваалцах нэг хэрэг. Харин тэр мэдлэгээ өөрсдөө ярилцаж, аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдэг чухал. Сургалтаар олж авсан мэдээллээ залуус маань өөр өөрийн аймаг, дүүрэгтээ очоод бусаддаа хуваалцаж, нэг ёсны сургагч багш болж байгаа юм. Ийм байдлаар цаашдаа олон сургалтыг шат дараатайгаар хийнэ. Өмнө нь ч бид бас энэ төрлийн ажлуудыг зохион байгуулж байсан.
-Танай сургалтад хамрагдсан залуучууд дунд шатаж буй машинаас хүний амь аварсан хоёр залуу байсан. Танай гишүүд үү?
-Тийм. Б.Санчир, Б.Амарсанаа гэдэг хоёр залуу эр зориг гарган эрдэнэт хүний амийг аварсан бахархууштай үйл явдал болсон. Хэр баргийн хүнээс ийм эр зориг гарахгүй л болов уу. Өнөөдөр амин хувиа хичээх хандлагатай болчихсон нийгэмд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж хүний амь насыг аварна гэдэг залуучуудад их сайхан мессеж өглөө гэж харж байгаа. Бидний хувьд ч урам зориг өгсөн баяртай үйл явдал болсон учраас холбооны зүгээс энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлж, баяр хүргье.
-МАХН-аас жил бүр улс тунхагласны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд тус арга хэмжээнд ямар байдлаар оролцсон бэ?
-Монгол хүний бахархалыг сэргээж, тусгаар тогтнолын үнэ цэнийг ямагт санаж байх үүднээс манай нам тусгаар тогтнолын өдрийг жил бүр тэмдэглэдэг. Түүх бол түүх шүү дээ. Өнгөрсөнгүйгээр өнөөдөр гэж үгүй. Өнгөрсөнд болсон чухал үйл явдлыг өнөөдрийн бид нар санаж, учир, ач холбогдлыг нь тунгааж байж сая тэр итгэл үнэмшилээрээ ургашлах ёстой гэж боддог. Энэ нь өөрөө үндэстний бат бөх орших, хүчирхэгжих суурь шалтгаан ч болдог байх. Манай АШЁМЗХ-ны хувьд улс тунхагласны ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд холбооныхоо нэрэмжит шагналыг нэг бөхөд гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд улсын цолонд ойрхон яваа залуу бөх, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг онцолж холбооныхоо нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан. Ш.Пүрэвгарьдын хувьд хурц, уран барилдаантай, барилдаан бүрт ахиж яваа сайн бөх. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд залуучууд бид нэг нэгнээ урамшуулж, харилцан тус дэмтэй байж сая улс хөгжинө, нийгэм ургашилна.