МУГЖ И.Одончимэг: Хийж байгаа ажилд минь тусалдаггүй юмаа гэхэд хийчихсэн хойно ингэж харлуулах хэрэг байна уу
2014/12/13
“Мобиком” корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” аяны ялагч болсон МУГЖ И.Одончимэг төслөө амжилттай хэрэгжүүлж, Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор сургалтын төв нээсэн билээ.
Энэхүү сургалтын төвийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нээс эхлэх юм. Гэтэл сүүлийн үед жүжигчин И.Одончимэгийг “Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрээр өөрийгөө сурталчилж, бизнес хийж байна” гэх утгатай таагүй мэдээллүүд цацагдах боллоо.
Тэгвэл гавьяат жүжигчин И.Одончимэгээс энэ талаар тодруулахад “2.2 га газрын мөнгө, дөрвөн тал төмөр хашаа, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр гэх мэт зүйлсд зарцуулсан. Мөн тэнд ажиллах хүмүүсийн зургаан сарын цалин гээд бүхий л зүйлс энд багтсан байгаа. Бид эдгээр ажлыг хамгийн хямд зардлаар чанартай хийж гүйцэтгэхийг бодсон. Түүнийгээ ч биелүүлсэн. Зөвхөн “Мобиком” корпорацийн мөнгөөр биш сайхан сэтгэлтэй олон хүний сэтгэлийн дэмээр сургууль маань үүд хаалгаа нээлээ. Мөнгөнөөс гадна ном, бичгийн хэрэгсэл, хувцас хунар бэлэглэсэн маш олон хүн бий. Гэтэл хүмүүс яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй юм. Шулуухан хэлэхэд тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг хийчихсэн байхад тусалж, дэмждэггүй юм аа гэхэд хүний хийсэн ажлыг ингэж харлуулах хэрэг байна уу. Би өөрийгөө сурталчилж, энэ мөнгөнөөс илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй” гэв.
Мөн тус сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонтой утсаар холбогдож тодруулахад “Манай үйл ажиллагаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Одоогоор сургууль завсардсан хүүхдүүдэд долоо хоногийн хоёр өдөр буюу даваа, баасан гарагт ерөнхий эрдмийн хичээл орж байгаа. Цаашид үлдсэн өдрүүдэд шатар, даам, компьютерийн дугуйлан ажиллуулж, сурах хүсэлтэй хүүхдүүдэд зааж өгөхөөр ажиллаж байна. Багш нарын хувьд сургууль завсардалтыг нөхөх мэргэжлийн хүмүүс байгаа. Дөрвөн хүнтэй багш нарын баг ажиллаж байгаа. Тэд өөрсдөө хүүхдүүдээ бүртгээд 50-аад сурагчтай болсон. Одоогоор сурагчдын маань 30 орчим нь ирж байна.
Хүүхдүүдийн тухайд бусад сургуулийн сурагчидаас “өөр” учраас багш нарт бага зэрэг хүндрэл учирч байна. Гэхдээ манай багш нар аль болох зааж, сургах, туслах үүднээс ажиллаж байгаа. Насны тухайд гэвэл багш нар маань 14-өөс дээш насны хүүхдүүд гээд байгаа. Гэхдээ бид сурах хүсэлтэй хүмүүсийг авахгүй гэж буцаахгүй. Ер нь сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй гэдэг шүү дээ. Нэмж хэлэхэд зөвхөн энэ хогийн цэг дээр байгаа хүүхдүүд биш Сонгинохайрхан дүүргийн 24 болон 26 хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой” гэсэн юм.
Т.Санчир