aero_mongolia_flight

“Моннис групп” компанийн эзэн Б.Чулуунбаатарын 2007 онд анх хувьцааных нь 30 хувийг авсан гэх “Аэромонголия”компани олон жилийн турш маргаан дагуулжээ. Тус компанийн хувьцаа эзэмшиж  байсан П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ нар  иргэний болон захиргааны хэргийн шүүхийн үүд сахиж явсаар П.Баатарсүрэн нь саяхан эрүүгийн хэргээр долоон жилийн ял сонссон байна.

П.Баатарсүрэн залилан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр “аавынд” очсон нь ихээхэн эргэлзээтэй гэж ойрын эх сурвалжууд  нь хэлж байгаа. Тэрбээр урьд нь “Аэромонголия” компанийнхаа 50 хувийг  атгаж суужээ. Уг нь 51 хувьтай байх боломжтой байсан юмсанж. Гэвч хувь эзэмшигчид нь анхнаасаа л маргаан үүсгэжээ.   2007 онд “Аэромонголия”-гийн хувьцаа эзэмшигчээр Б.Чулуунбаатарыг орж ирэх үеэс эндэхийн маргаан улам  ширүүссэн байна.  П.Баатарсүрэн нь  аар саар юмаар аргалан бусад хувь эзэмшигчдийнхээ хувийг өөртөө шилжүүлэн авч, компани үүсгэн байгуулсан бичиг баримтаа  хүртэл  өөрчилсөн байлаа. Иймээс Х.Дөчинтав  нь шүүхэд  зарга үүсгэж харайсаар өөрийн эзэмшлийн 30 хувийг арай ядан батлгаажуулжээ. П.Баатарсүрэн ч мөн энэ хооронд  Х.Дөчинтавыг  залилангийн үйлдэлд сэжиглэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан байна. Гэсэн  ч эрүүгийн шинжтэй зүйл илрээгүй юм байлгүй, түүний хэргийг удалгүй хаажээ.

 

aero_mongolia_flight copy

Иймэрхүү тэмцлийн дундуур П.Баатарсүрэн  хувь эзмшлээ 60 хувьд хүргэх, Х.Дөчинтав нь 30 хувиа 40 болгох гээд чадаагүй аж. Харин “Моннис” компанийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгээс “Аэромонголия”-гийн 20 хувийг, Х.Дөчинтаваас  10 хувийг нь авч 30 хувьтай болсон байв. Ийнхүү “Аэромонголия”-д  П.Баатарсүрэн 30 хувь, Х.Дөчинтав, 30 хувь, “Моннис”-ийн Чулуунбаатар 30 хувь, Б.Бат-Эрдэнэ гэгч нь 10 хувийн эзэмшилтэй болжээ. Х.Төчинтав  анхнаасаа 40 хувийг эзэмшиж байсан гэж  тооцоод иймэрхүү хуваарилалт хийгдсэн бололтой. Ер нь ихээхэн  но-той  хувь эзэмшил ажээ.

Агаарын тээврийн “Аэромонголиа”компани 2005 онд Канадын “Jetsgo” компаниас “Фоккер-100” маркын  онгоц худалдан авсан байлаа. Энэ үед “Аэромонголиа”  П.Баатарсүрэн нарын хувь нийлсэн аж ахуй байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Анх тэд “Фоккер-100” онгоц авахад зориулан 2 сая ам.долларын зээлийг  “Анод” банкнаас авчээ. Агаарын тээврийн компани алдагдалгүй ажиллахад тухайн үед нэлээд хүндрэл учирсан гэдэг. Хуучин муу онгцоор хол явахгүй нь тодорхой.  “Анод”-оос авсан зээл нь шинэ онгоцны үнэд хүрээгүй тул дахиж зээл шаардагджээ. Нэг банкнаас хувь хүн ч, аж ахуйн байгууллага ч түрүүчийн зээлээ төлөлгүй  хоёр дахь зээл авах боломжгүй. Онгоц яаралтай хэрэгтэй байдаг, анх зээлдсэн мөнгө хүрдэггүй. Ингээд “Анод”-оос иргэн Ш.Цогзолмаагийн нэр дээр 1,8 сая ам.доллар зээлджээ. Энэ мөнгөө “Аеромонголиа” компанийнхан шууд л үйл ажиллагаандаа шингээсэн гэдэг.

Хожим  нь 2007 оны 10 дугаар сар хүртэл тэрхүү  зээлийг “Аеромонголиа” компанийн шинэ удирдлага буюу “Моннис”-ийн эзэд зээлийнх нь төлбөрийг төлж байсан нь “Анод”-ын 212101150000002280 тоот дансны хуулга, компанийн удирдлагуудын гарын үсэг бүхий тодорхойлолт зэргээс бэлхнээ харагддаг аж. Наймаа бол наймаа, хэн хэндээ хал балгүй  бол сайхан байдаг хойно.

Гэвч хувьцаа худалдагч, худалдан авагчдын дунд дахиад маргаан үүсчээ. Банкны зээлийг “Аэромонголиа” компани төлөх нь тодорхой байлаа. “Анод”-той 2006 онд тооцоо нийлэхэд 900.000.00 ам.долларын үлдэгдэлтэй байж. Гэтэл “Анод” банк дампуурахад иргэн Ш.Цогзолмааг УМБГ-аас дуудаж байцаажээ. Эрүүгийн хэрэг ч үүсгэж амжсан байв. Гэхдээ зээлийг “Аэромонголиа” компанийн зардалд хийсэн гэдэг нь  тогтоогдож, Ш.Цогзолмаагийн  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов. Эрүүгийн хэрэгт хэнийг ч сэжигтнээр татан, мөрдөн шалгадаг болохоор  энэ тухай яриа  тэгсхийгээд замхарчээ.

Тэгвэл одоо санхүү бүтгэлийн ажилтнууд, чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа н.Азар нарын хөндлөнгийн шинжээчдийн гаргаж ирсэн нэгэн баримт онцгой анхаарал татаж байна. Зарим санхүүчид нь “Моннис” компанид хийгдсэн аудитын тайланд худлаа зүйл их байгаа гэдэг ажээ. Эдгээр нь бол аудитын шалгалтын актыг өнгөрсөн онд нэг бүрчлэн тулгаж үзсэн хүний үг юм.  Итгэх, хардах эрх хэнд нь ч бий. Аудитын шалгалтыг хийсэн хүн нь ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад саяхан Татварын ерөнхий газрын дарга болсон Б.Ариунсангийн хамаатан гэх, “Улаанбаатар аудит” компанийн Н.Осоргарав аж.  Энэ нөхөр бас   будлиан  хийлцсэн бололтой.

Хөндлөнгийн шинжээч нар дээрх акт баримтуудыг тулгаж үзээд эцэст нь “Худалдан авсан шинэ удирдлагууд  “Аэромонголиа” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 1-ээс 2012 оны 2 дугаар сарын 29-ны хооронд нийт 5 тэрбум төгрөгийг компанийн данснаас татан авсан байдаг бөгөөд энэ нь тус компанийг өөрийнх нь хөрөнгөөр худалдаад авчихсан гэсэн үг. Б.Чулуунбаатар маш зальтай хүн юм. Дансны аргаар гүжирдэж  орхилоо” гэж байна.

Тэгвэл П.Баатарсүрэн хэлмэгдэгч болж таарах уу. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд дээрх учир байдлаа хангалттай тайлбарласан гэдэг. Гэвч анхан шүүхээс түүнд оноосон долоон жилийн ялыг давах шатанд хэвээр үлдээсэн байна. Дээд шүүх хэрхэхийг бүү мэд. Ямартай ч П.Баатарсүрэн гэмгүй атлаа гэмтэн боллоо гэсээр  шоронд сууж буй ажээ.

Б.Отгонбаяр