Шинэ салбарын шанг таталцсан 5 жил
2014/12/15
Монголчууд та бүхэндээ, интернет хэрэглэгчид, вэбсайтын уншигчдадаа ирж буй шинэ жилийн халуун мэндийг Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд, түүний Удирдах Зөвлөлийн гишүүдийн өмнөөс хүргэн мэндчилье.
Өнгөрч буй 2014 он Монголын Сайтын Холбооны хувьд салбарын бодлого, шинэчлэлд анхаарч нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дотроо хамтдаа хөгжих, эрх ашгаа нэгдэж хамгаалах тал дээр бие биеэ дэмжиж ойлголцсон дэвшилтэт он болж өнгөрлөө. Бид харьцангуй шинэ салбарын шанг таталцаж яваа учраас хийх зүйл өмнө минь зурайж байна. Шийдэх асуудлууд ч их бий. Энэ бүхнийг Монголын Сайтын Холбооны 100 хол давсан гишүүн сайтууд хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгууллагуудтай хамтран шийдэж ажиллахыг хичээж байна. Монгол улсад интернет, түүний дотор вэбсайтууд хүчирхэгжин, хөгжлийн түүчээ болж бусад салбараа дагуулахад бидний оруулах хувь нэмэр, хичээл зүтгэл их билээ. Манай холбооны гишүүн Caak.mn вэбсайт дэлхийн хэмжээний сайтуудыг чансаагаараа тэргүүлж, Монголын вэбсайтуудыг магнайлах болсон гайхам амжилт үзүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус сайтыг эрхлэн гаргадаг мэргэшсэн программист, инженер залуусаараа бид бахархаж байна. Мөн 2014 он олон сайхан зүйлийн хажуугаар саар өдрүүдийг, сайнгүй шийдвэрүүдийг дагуулсан он байсан. ХХЗХ-ноос ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр бичсэн нийтлэлийнх нь агуулгаас шалтгаалан Amjilt.com сайтыг хаасан нь Монгол улсын хуульд ноцтойгоор халдсан үзэгдэл болсон юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон байдаг. Гэтэл мэдээллийн хэрэгслийг бичсэн нийтлэлийнх нь төлөө хаасан явдал нь Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө ус, агаар мэт хэрэгтэй байгааг харуулав. Монголын Сайтын Холбоо энэ үйлдлийг эрс эсэргүүцэж гишүүн вэбсайтаа хамгаалан тууштай зогсч, дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж байна. Бид ямар ч үед ТББ-ынхаа үүрэг, зорилтод үнэнч байж гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийн төлөө үүн шигээ бат зогсох болно.
2015 он болон цааш цаашдын бүх он жилүүд технологио дагаад, хөгжлөө дагаад бидний зүг өгөөмөр гараа сунган айсуй. Мэдээлэл мөнгөнөөс үнэтэй болсон энэ цаг үед бид Монгол улсдаа хөгжлийг түүчээлэх их мэдээллийн урсгалыг жолоодох чухал хариуцлагатай хэрнээ нэр хүндтэй ажлыг эрхэлж байна.
Ирж буй 2015 он Монголын Сайтын Холбооны хувьд онцлог жил болно. Монголын Сайтуудын Нэгдсэн 2 дугаар Чуулган чуулж, бид ТББ-ынхаа бүтэц бүрэлдэхүүнийг чанаржуулж, 2017 он хүртэлх зорилго, зорилтуудаа тодорхойлон ажиллаж эхлэх бас нэгэн шинэ гарааны жил байх юм. Иймд бүх гишүүн сайтуудаа чуулгандаа амжилттай оролцохыг хүсэхийн зэрэгцээ дор бүрдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, оюуны өмчийг хүндлэн, хуулиа сахиж, хэрэглэгчдээ дээдлэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг уриалж байна. Тэгсэн цагт салбараараа нэр хүндтэй, хүч нөлөөтэй байх болно гэдгийг бид мэдэж байгаа билээ.
Та бүхэнд Монголын Сайтын Холбооны 5 жилийн ойг тохиолдуулан амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан